Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасан. Гэвч 20 гаруй жил шүүгчид нөлөөлсөөр л байсан. Хэрэгжүүлэх боломжгүй тунхгийн шинжтэй энэхүү лоозон “шүдгүй арсланг” санагдуулсаар ирсэн. Тэгвэл энэ лоозонг шүүхийн шинэтгэлээр хууль зүйн хариуцлагын механизм болгож чадсаныг Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхтэй танилцсан Ерөнхийлөгч онцлов.
Тэрбээр “Шүүгчид нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг болсон. Шүүх хуралдааны өмнө тодорхой асуудлаар шүүгчид нөлөөлөх, хараат бус байдлыг нь бууруулах гэж оролдсон бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг хэлбэр рүү орсон. Ерөнхийлөгч шүүхэд нөлөөлж байна, өндөр албан тушаалтай, мөнгөтэй төгрөгтэй хүмүүс шүүгчид нөлөөлдөг гэх ойлголтоос салах гэж оролдож нөлөөллийн мэдүүлгийг нэг хэрэгсэл болгосон” гэв.
Шүүхийн шинэтгэлийг санаачлан эхлүүлсэн хүн мэдээж ажлаа юу гэж муулахав. Гэвч ахиулан харж, өмнөхтэй харьцуулаад үзвэл үнэхээр шүүгчийн хараат бус байдлыг шүүхийн шинэтгэлээр дархалж, нөлөөллөөс хамгаалж чаджээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд “шүүгчийн хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, халдахыг оролдсон иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмээний төгрөгөөр торгож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах, төрийн байгууллагын албан тушаалтныг эрх бүхий байгууллага, алан тушаалтан албан тушаалаас нь чөлөөлөх буюу огцруулах арга хэмжээ авах, улс төрийн нам, төрийн бус байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийн удирдлага, эрх баригч болон тухайн хууль бус нөлөөлөх, халдах үйл ажиллагааг төлөвлөсөн, зохион байгуулсан, үйлдсэн, оролцсон, мэдсэн боловч таслах зогсоох арга хэмжээ аваагүй аливаа ажилтан, этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл уг байгууллагыг албадан татан буулгах буюу татан буулгахгүйгээр гэм буруутай этгээдийг 30 хүртэл хоногоор баривчлах” зэргээр, шүүгчийн хараат бус байдалд халдсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэг бүрчлэн нарийвчлан зааж өгсөн байна.
Энэ нь “... хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн Үндсэн хуулийн “тунхгийг” утгаар нь амилуулж чаджээ. Энэ бол Монголын шүүхэд гарсан ололт мөн үү гэвэл мөн. Баримт сөхвөл 2014 онд 8, 2015 онд 5, 2016 онд 4 шүүгч тус тус нөлөөллийн мэдүүлэг хөтөлснөөс 2016 оны 4 дүгээр сард Өмнөговь аймагт шүүгчид нөлөөлсөн иргэнийг шүүхээс шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 920 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байдаг юм байна.