Номонд дурлагч басхүү эрэл хайгуулч зан маань намайг анх 7 сарын өмнөөс “Номтой Өглөө” клубын хэлэлцүүлэг рүү хөтөлсөн юм. Гараар барьж нүдээр үзсэн зүйлдээ л итгэж, материаллаг зүйлд их үнэ өгдөг болсон өнөөгийн нийгэмд залуучуудад ном уншихыг уриалан уншсан номоо ухаж ойлгох соёлыг түгээн дэлгэрүүлж буй үе тэнгийн залуусыг хараад бахархах болоод уншиж суралцахын гэгээн хүслээр бялхаж байсан цаг өчигдөрхөн мэт санагдана.
Тийнхүү гэр ажлын жим маань уншсан номын бодрол, Монголын ирээдүйд итгэх итгэл найдварын гал цог, бартаа саад ихтэй ч олуулаа үнэнийг хайж, зөвд тэмүүлэх бас нэгэн замыг нээж өгсөн юм.
Ном уншдаг хүн 1000 хүний амьдралаар, уншдаггүй хүн гагцхүү өөрийн амьдралаар амьдардаг гэлцдэг.Уншсан зохиолуудынхаа гол дүр нь болон амилж, дотоод сэтгэлээр нь аялах аялал маань үргэлжилж зорин ирэх оюутан залуусын тоо ч нэмэгдсээр.
Ганцаараа биш олуулаа уншиж ярилцах нь нь өөрийн сэрэл мэдрэмжээр ганцхан өнцгөөс явцуу ойлгох бус өөр бусдын олон өнцгөөс тольдон үзэж, ухамсартай логиктой басхүү анализтай бодоход тусалдаг давуу талтай.
Бид заримдаа ярилцана, санал нэгдэнэ, заримдаа зөрөлдөнө бүр маргалдана. Гэхдээ тэрхүү бодол, ярилцлагын зөрүү нь өөрийгөө гайхуулах эсвэл бусдын амыг хаах гэсэн маргаан биш үнэнийг хайх хайлт, нэгэнлэг ойлголттой болох эрэл байдгаараа онцлог.
Бид ээлжит уншлагаараа өнгөрсөн 9-р сард “Зууны манлай роман” болох Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”-ыг уншиж дүгнэсэн юм.
Зохиолд тухайн үеийн хүрээний аж байдал, байгаль орчныг дүрслэн үзүүлэхдээ “...хүрээний хойд талаас орон, төмөрчний захаар нэвтрэн гарсан баруун Сэлбийн гол байгаагүй бол хүрээний хогийг хэн Туулд хүргэж өгөх байсан бол доо? Энэ гол үерлээгүй цагтаа хуурай сайр байвч үерлэх бүртээ савнаасаа хальж, хамар шархируулан эхүүн үнэр ханхлуулан түмэн зүйлсийн новш тээвэрлэн улаанаар эргэлдэнэ” гэжээ.
Хүн төрөлхтний түүх бол ямагт ОЮУНЫ ДЭВШЛИЙН ТҮҮХ байх учиртай. Харамсалтай нь 100 жилийн өмнөх Монголын ахуй байдал, Монгол хүний оюун дэвшин өөрчлөгдсөн үү гэвэл бараг үгүй гэж хэлж болохоор талтай. Сэлбэ, Туул гол маань өнөө ч хогоо тээвэрлэн урссаар. Хүмүүсийн тархинд бугшсан хог үйлдлээр нь хог болон хувирч газраар нэг хийссээр л.
Байдал өөрчлөгдөхийг нь хүлээн гараа хумхин суухыг бид хүссэнгүй, ялгаж, дүгнэж, шүүмжлэхээс илүү бодит ажил хэрэг болгох нь зүйтэй гэсэн шийдлээр “Номтой Оюуны Ирээдүй” НҮТББ-аас “Тархины Хогийг Цэвэрлэе” хөдөлгөөнийг анхлан өрнүүлж, ХААИС-тай хамтран Сэлбэ гол, түүний эрэг дагуу 10 км газрыг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан юм. Номоор жигүүр хийн, оюунлаг ирээдүйг бүтээхийн тулд сэтгэл зориг шулуудсан залуусын санаачилан зохион байгуулсан энэхүү цэвэрлэгээнд ХААИС-ийн 700 орчим оюутан оролцсоноос гадна “Эко клуб” "SAMSUNG" корпораци", АПУ ХК, "Сайхан ирээдүй" ХХК, Батзориг сан, ЭМОС клуб, Open mic, Интер ном, Гэрэл зургийн S Studio, “Автобус нэгтгэл” ХХК, “Мон-Кара” ХХК, “Автотерминал трэйд” ХХК, Broadway-ийн Obsidian салбар сайн үйлсийг дэмжин ажиллав. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд оролцсон эдгээр байгууллагуудад баярлаж талархаад барашгүй.
Нөгөөтэйгүүр бүтэн 6 цагийн турш голын усанд бүдчин хог түүхдээ юу ч бодолгүйгээр хогоо хашаа давуулан хаяад өөрсдөө цэвэрхэн амьдарч байна гэж ойлгодог хүмүүст гомдох сэтгэл төрж бас 100 жилийн өмнөх Тунгалаг Тамир дээр гардагтай адил дүр зургийг харах тусам сэтгэл хөндүүрлэж, зүрх шимширч байсныг нуухын хэрэг байхгүй бизээ.
Үндэсэрхэг үзэл ярьж, цээжээ дэлдсэнээрээ хүн эх оронч болчихдог юм биш шүү дээ. Таныг хэлж буй ҮГ биш, хийж буй ҮЙЛДЭЛ тань тодорхойлно гэдгийг санаарай.
Ямар хүмүүс нь цэвэрлэж, ямар нь хаядаг гэж та боддог вэ? Зүгээр л тархиндаа хогтой хүмүүс түүнийгээ үйлдлээрээ гаргаад хаячихаж байгаа хэрэг. Тэрхүү тархины хогийг цэвэрлээгүй цагт мянга хог цэвэрлээд ,сайн дурын ажил хийгээд ямар ч нэмэр байхгүй гэдгийг олон жишээнээс та бид хардаг. Газрын хогийг цэвэрлэх амархан ч тархины хогийг цэвэрлэх бэрх. Ямартай ч бид энэ удаа Сэлбэ голын хогийг хүмүүсийн хог хаях сэтгэлгээ, тархины хогтой нь хамт таягдан хаяхыг хүссэндээ нийгэмд их бага хэмжээгээр үлгэрлэхийг зорьсон юм.
Тархиндаа хоггүй, оюуны дархлаа сайтай, хүчирхэг Монголыг бий болгох цорын ганц арга зам нь НОМ юм гэдгийг үлгэрлэн үзүүлж, нийгэмдээ нөлөөлөхийг зорилоо. Энэ бол эхлэл. Оюуны хөгжлийн түүхийг хамтдаа бүтээцгээе!
“Номтой Өглөө Клуб”
“Номтой Оюуны Ирээдүй” НҮТББ
Гишүүн: Б. Энхтуяа