Нацагийн Дашдорж
2016.10.10
Манай Ерөнхийлөгч ер нь юу хийгээд байгаа юм бэ гэж сүүлийн үед бодогдох боллоо. Аливаа юманд нэг л хайнга хандаад байх шиг. Түүний улс төрийн болон хувийн байр суурь надад огт хамаагүй л дээ. Ерөнхийлөгч рүү бид хандах зайлшгүй нэгэн шаардлага гарсан юм.
Энэ оны долдугаар сарын эхээр АСЕМ-ийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон “Монгол уран дархчуудын уран бүтээл” үзэсгэлэн болон уран бүтээлийн шалгаруулалтад бидний ах (аав) уран бүтээлч Гүнсэнгийн Дашдамба “21 Дарь Эх” шашны уран бүтээлээсээ гүйцэд бүтээсэн долоон Дарь Эх бүтээлээрээ оролцсон юм. Үүнээс хойш яг нэг сарын дараа ах маань зуурдаар нас нөхчлөө.
Энэ үзэсгэлэнгийн танхимын таазан дээр байрлуулсан дэлгэцэнд түүний уран бүтээл болох алт оруулж цутгасан “Ногоон Дарь Эх”-ийн зургийг залсан агаад уг үзэсгэлэн, шалгаруулалтын комиссынхны үзэж байснаар тэдгээр бүтээлүүд нь эхний байруудад шалгарах боломжтой байсан гэх юм билээ. Гэвч энэ хүн толгойлж бусад уран бүтээлчдийнхээ хамтаар олон арван жил ур ухаан, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зарцуулж туурвисан уг бүтээлүүд эхний байруудад шалгараагүйгээс гадна энэхүү үзэсгэлэнд дэлгэхээр бэлтгэсэн “шарын шашин”-ны холбогдолтой бусад бүтээлүүд нь тодорхойгүй шалтгаанаар хасагдсан байдаг.
Ах маань амьд сэрүүн үедээ өөрийн охин Д.Оюундулам болон дүү Н.Дашдорж нарт үзэсгэлэн, шалгаруулалтын дүнд сэтгэл маш дундуур байгаагаа өчиж, эдгээр бүтээлүүд маань шашны жинхэнэ ёс жаяг, бурхан урлан бүтээх тэг хэмжээ, хийц маягийг баримталсан, Гандантэгчэнлин хийдийн удирдлага, тухайлбал Д.Чойжамц хамбад үзүүлж танилцуулан ам дэмжлэг авч байсныгаа, мөн тэрчлэн үзэсгэлэнгийн үеэр Ерөнхийлөгчтэй нүүр тулж уулзлаа, тэр “Энэ бүтээлүүдийг та нар хамгийн эхэнд үзүүлэхгүй яагаад дараагийн арга хэмжээ давхацсан үед хамгийн сүүлд үзүүлэв” гээд урмын сайхан үг хэлж байсанд маш их баярласан гэх мэтээр хуучилсан. Түүнчлэн тэдгээр нь шашны уран бүтээл мөн эсэх, өөрийгөө “бурхан бүтээгч” мөн эсэх талаар үзэсгэлэн дэглэхээс өмнө бурханч лам Пүрэвбаттай ам муруйж байсан, уг бүтээлүүдээ Гандантэгчэнлин хийдэд худалдах хүсэлтэй байгаагаа ч ярьсан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон үзэсгэлэнд дэглэгдсэн энэхүү уран бүтээлүүдийг алдаршуулах, үнэлүүлж цэгнүүлэх, өв залгамжлагчдыг тогтоох, алдаж гэмтэхээс сэрэмжлэх, байх ёстой газарт нь байлгах үүднээс бид түүнд дараах хүсэлтийг толилуулсан билээ.
1. Шашин, урлаг, хяналт, үнэлгээ, хууль эрх зүйн (зохиогчийн эрх, өв залгамжлал) салбарын хүмүүс, мэргэжилтнийг оролцуулсан “Магадлан шинжилгээний ажлын хэсэг”-ийг зохих шийдвэр гарган томилох. Энэ ажлын хэсэг нь дээрх бүтээлүүд шашны урлагийн бүтээл буюу бурхны дүрүүд мөн эсэх, шашны урлагийн бүтээл (бурхан) мөн бол ямар үнэ цэнэтэй байх, хувь уран бүтээлч бурхан бүтээхэд харшлах зүйл байдаг эсэх, өв залгамжлагчид нь хэн байх, талийгаачийн хамтран уран бүтээлч болон төлбөр нэхэмжлэгч хэн хэн байгаа зэрэг асуудлуудыг тодруулж өгөхийг хүссэн.
2. Талийгаач ах Гүнсэнгийн Дашдамбын амьд сэрүүн ахуйдаа хүсэж байснаар бүтээлүүдийг нь үнэлүүлж Гандантэгчэнлин хийд худалдан авах саналыг хийдийн удирдлагад уламжилж өгөх.
Хэд хоногийн дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгэн түшмэл “Хэн нэгний эд хөрөнгийг бусдад худалдах саналыг эзнийх нь өмнөөс тавих асуудал Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаардаггүй юм” гэх аястай зүйлийг охин Д.Оюундуламд нь утсаар хэлсэн байна лээ. Дээрх захидал, хүсэлтийн хариу ердөө л энэ.
Энд хэн нэгэн хувь хүний асуудлыг эрхэм Ерөнхийлөгчөөр шийдүүлэх гэсэн хэрэг огт биш. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шашин, соёл урлагийн талаар хандах бүрэн эрхийн нь асуудал хөндөгдөж буй. Хуулийн дагуу хүсэлтээ тавиад шийдүүлэх боломжтой зүйлийн хажуугаар мөн хуульд заагаагүй, шүүхэд очихдоо тулахааргүй маргаан үүссэн зүйлийн талаар түүнд хандсан юм. Тухайлбал, дээрх бүтээлүүд шашны урлагийн бүтээл буюу бурхны дүрүүд мөн эсэх, эдгээр нь ямар үнэ цэнэтэй байх, хувь уран бүтээлч бурхан бүтээж болох эсэх, тэрчлэн зохиогчийн эрхийг хэн хэн эдлэх,шарын шашны холбогдолтой бусад бүтээлүүд нь шашин, урлагийн үнэт зүйл мөн бишийг тодорхойлоогүй байхад үр шимийг нь хэн хэн хүртэх, хэн хэнд өв залгамжлах эрх үүсэх гэх мэт маш нарийн асуудлууд байгаагийн зэрэгцээ тэдгээрийг яаж үр хүүхэд, ах дүүс нь талийгаачийнхаа захиасыг биелүүлж байгаа нь энэ гээд өөрсдөө Гандантэгчэнлин хийдэд худалдахыг санал болгох билээ. Иймийн учир энэ бүхнийг эрх мэдэл бүхий байж болох нэг гарт төвлөрүүлэхээс өөр аргагүйд хүрсэн юм.
Тэгээд ч Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд “Ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн төр, сүм хийдийн болон шашин хоорондын харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгч зохицуулна” гэж заасан бий. Өөрийнх нь гаргасан 2009 оны долдугаар сарын 23-ны 55 тоот зарлигт Ерөнхийлөгчийн тамгын газрын бүтцэд “олон нийтийн харилцаа, мөн шашны бодлого” хариуцсан зөвлөх, нэгж байхаар заасныг үзсэн ч гэсэн тэр бидний тавьсан санал, хүсэлтээс зайлсхийх шалтгаан алга мэт.