Хөвсгөл аймгийн иргэн Ц.Эрдэнэбаатарын хашаандаа тарьсан шүүдэргэнэ
Манай оронд ургадаг 800 гаруй зүйл эмийн ургамлаас хамгийн ач холбогдолтой, ер бусын шидтэйг нь онцлон танилцуулъя. Найрлага, шимт бодисын чанараараа дэлхийн эмийн ургамлын санд тэргүүнд ордог их шүүдэргэнийг 250 гаруй өвчин анагаах шидтэйг ургамал судлаач, эрдэмтэд шинжлэх ухаанд баталчихсан юм билээ. Хүн, амьтны элдэв өвчнийг дарангуйлах чадвартай, биохимийн 20 гаруй төрлийн бодис найрлагад нь ордог.
Бид их шүүдэргэнэ, мянган уулын шүүдэр цэцэг гэж нэрлэдэг энэ ургамлын шинжлэх ухааны нэршил нь chelidonium majus. Мянган уулын нэгэнд нь л ургадаг ховор ургамал гэсэн утгаар ийн нэрлэжээ. Намуутан овогт хамаарах, олон наст ургамал шүүдэргэнэ нь манай орны Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Дорнод Монгол, Хянганы бүс нутгийн гацуур, хуш бүхий шинэсэн ойн сүүдэрлэг хэсэгт хад асгатай энгэр, жалга дагуу, гол мөрний эрэг орчмын хус, бургасан төгөлд тархан ургадаг.
Орос, Өвөрмонгол, Болгар, БНСУ, Төвд, Араб гээд дэлхийн олон орны нутагт тархан ургадаг шүүдэргэнэ нэн ховорт тооцогдох болсон шалтгаан нь анагаах шид увдистай нь холбоотой аж. Өдгөө Герман, БНСУ-д энэ төрлийн ургамлыг өндөр өртгөөр худалдаж, анагаахын салбарт өргөн ашиглаж байна. МЭӨ 327-287 оны үед ч шүүдэргэнийг элэгний хавдар, цөсний үрэвсэл эмчлэх зорилгоор хэрэглэж байсан баримт бий гэнэ. Сүүлийн жилүүдэд иргэд шүүдэргэнийг эмийн зориулалтаар түүх нь олширч, тархац нутаг нь хуурайшилт, түймрийн улмаас “өвчилж” буй нь ховордоход хүргэж буй аж.
Олон улсын эрдэмтэд шүүдэргэнийг “Оюун ухаант ургамал”, “Бурхнаас хүн төрөлхтөнд илгээсэн бэлэг”, “Байгалийн төгс бүтээл” гэхчилэн тодорхойлдог юм байна. Хамгийн гайхалтай нь энэ ургамал эмчлэх “тактикаа” өөрөө боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, өвчтөн шүүдэргэнийг хэрэглэж эхэлсэн мөчөөс амь насанд заналхийлсэн алив өвчнийг дарангуйлж эхэлдэг байна. Бусад эд эрхтнийг ч анхааралдаа авч, өвчлөлийг нь нэгэн зэрэг анагаадаг. Түүгээр ч зогсохгүй химийн гаралтай эм, бэлдмэлийн хорыг шүүж, гадагшлуулдаг аж.
Шүүдэргэнэ нь биеийнхээ бүх хэсэгт шар, цагаан шүүстэй. 40-80 см өндөр ургадаг. Иш дагуу ховилтой бөгөөд доод хэсэгтээ бага зэрэг үслэг. Навч нь ногоон, хонхорцгон жимстэй, хосоороо чагтлан хол байрлах илтэстэй. Улбар шар өнгийн цэцгүүд нь ишний оройд шүхэр баг цэцэг үүсгэдэг. Үндэс болон газарх дээр ил гарсан хэсгийг эмчилгээнд хэрэглэдэг. Шүүдэргэнэ алколоид ихтэй учир (байгалийн гаралтай, азот агуулсан органик нэгдэл) мал идэж чаддаггүй аж.
Олон эрдэмтэн их шүүдэргэнийг судалсан байдаг. Тэр ч бүү хэл цөөнгүй судлаач уг ургамлыг нутагшуулж, тарималжуулахаар туршиж байжээ. Үүний эхлэлийг ургамал судлаач М.Цэдэнбалжир тавьсан. Элэгний В, С вирусын халдвартай гэсэн оноштой хүүгээ эмчлэхийн тулд тэрбээр их шүүдэргэнэ хэрэглүүлжээ. Өнгөрсөн онд хорвоог орхисон судлаач энэ ургамлыг уйгагүй судалж, ойр дотнынхондоо сурталчилж байсан аж. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Шүүдэргэнэ нь хортой, хоргүй бүхий л төрлийн хавдар, харшил, элэг, цөсний өвчнөөс сэргийлдэг. Гэхдээ зааврын дагуу тусгай жороор хэрэглэж байж эм болно.
Хорт хавдрыг эсийн түвшинд эмчилдэг учир эхний шатанд хэрэглэвэл үр дүнтэй” хэмээжээ. Их шүүдэргэнэд агуулагддаг бодисууд нь бүх эд эрхтэн цаашлаад эсийн түвшинд хүрч үйлчлэхдээ эрүүл эд, эсийг хөнддөггүй бөгөөд бусад эмчилгээ, эм бэлдмэлтэй харшилдаггүйгээрээ онцлог аж. М.Цэдэнбалжир агсны судалгааны ажлыг өдгөө хүү Ц.Эрдэнэбаатар нь эхнэр С.Оюундалайтайгаа үргэлжлүүлж байна. Тэд сүүлийн 10 гаруй жил их шүүдэргэнэ судалж буй бөгөөд өдгөө Хөвсгөл аймагт тариад буй аж.
С.Оюундалайтай утсаар холбогдож шүүдэргэнэ тарималжуулахад ямар бэрхшээл тохиолдож буй талаар асуухад “Малчин хүн төл алдахгүйн тулд борви бохис хийлгүй ажилладагтай адил арчилгаа, хөдөлмөр шаарддаг. Тиймээс хашаандаа тарьсан юм. Бид анх ааваас шүүдэргэний гурван бут авчирч тарьж байлаа. Үр нь маш жижигхэн, дээрээс нь ургах газрыг нь онцгойлон сонгодог учир эхэндээ хорогдол ихтэй байсан.
Өндөрлөг газар нь шүүдэргэнэ ургах таатай орчин болдог. Бидний тарьж ургуулсан шүүдэргэнийн биохимийн найрлага байгаль дээрхээс 4.1-6 дахин өндөр үзүүлэлттэй гарсан” хэмээв. Нэн ховор, эмийн ургамал тарималжуулах энэ ажлаа үе залгамжлуулах бодолтойгоо гэрийн эзэгтэй онцлоод зарим хүмүүс мөнгө олох хэрэгсэл болгож буйд эмзэглэдэг хэмээсэн юм.
Их шүүдэргэнийг амжилттай тарималжуулсан өөр нэг тохиолдол бий нь ургамал судлаач, доктор, профессор Х.Жамъяндорж, У.Лигаа, Х.Отгонбилэг, Н.Саарал нарын туршилт. Тэд Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд уг ургамлыг нутагшуулсан. Тэд “Хэрлэний хөдөө аралд тарьсан нэн ховор, ховор ашигт ургамал” номондоо шүүдэргэнийн хэрэглээ, ач холбогдлын талаар “Үрэвсэл намдаах, нян устгах, шарх эдгээх, зарим төрлийн мөөгөнцөртөх өвчний үед энэ ургамлын газар дээрх хэсгийг хэрэглэнэ. Үү, сэвх, нөсөө толбо арилган, арьсны өвчин эмчилж, ус ургуулахад шүүдэргэнийн шүүс онцгой сайн” гэжээ.
Шүүдэргэнийн ач тусыг хүртсэн хүн ч цөөнгүй аж. Хөвсгөл аймгийн иргэн Ц.Эрдэнэбаатарын хашаанд ургасан шүүдэргэнийг хэрэглэж өвчин шаналлаасаа ангижирсан хоёр ч хүнтэй утсаар холбогдов. Сүүлийн нэг жил уг ургамлыг хэрэглэж буй Д.Оюун “Элэгний хатуурлаа эмчлүүлэхийн тулд долоо, найман жилийн турш эмнэлгээр явж, элдэв эм тан хэрэглэсэн. Өнгөрсөн жилээс шүүдэргэнийг хэрэглээд биеийн байдал эрс сайжирсан.
Элэгний өвчин хүний дархлааг сулруулдаг учир ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн ч үр дүн багатай байдаг. Шүүдэргэнийг хэрэглэснээр дархлаа сайжирч, вирусын идэвхжил буурсан” гэсэн бол элэгний хорт хавдраас болж хэвтэрт орсон, өндөр настан Я.Бадаржав “Би шүүдэргэнийг өнгөрсөн оны хавраас хэрэглэсэн.
Босож ч чадахаа байсан бие минь энэ гайхалтай ургамлын ачаар тэнхэрч, хавдрын өсөлт зогссон. Хавдрын тархалт, хэмжээ нь улам л багасаж байна. Ийм гайхалтай чадалтай, эмийн ургамлаа хайрлан хамгаалах хэрэгтэй” хэмээв.
Их шүүдэргэнийн найрлага дахь хамгийн ашигтай, өндөр үйлчлэлтэй зарим бодисыг онцлов.
-Хелидонин алкалоид: Өвчин анагаах үйлчилгээтэй бөгөөд булчингийн агшилтыг сулруулж, артерийн даралтыг бууруулан судасны лугшилтыг удаашруулна.
Гемохелидонин: Таталдуулах хор бөгөөд биеийн тодорхой хэсгийн өвчнийг намдаана.
Сангвинарин: Шүлсний булчирхайн шүүрлийг өдөөн, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж, нойрсуулахаас гадна өвчин үүсгэгч вирусын эсрэг тэмцдэг.
Протропин: Савны гөлгөр булчинг чангаруулах, вегетатив (бодисын солилцоо, дотоод эрхтний үйл ажиллагааг зохицуулдаг хэсэг) мэдрэлийн системийн өдөөгдлийг бууруулах үйлчилгээтэй.
Холидин, гемохелидонин, метоксхелидонин: Эдгээр нь хавдрын өсөлтийг зогсооход нөлөөлдөг.