Нэг бодлын улс хэт хөгжих дэмий юм шиг ээ. Тав алхаад л тэнгэр баганадсан барилгууд, явган хүний зам ч бараг шаардлагагүй. Урсдаг, “гүйдэг” цахилгаан шаттай. Үзэгдэх орчин нь дэндүү хязгаарлагдмал. Хүмүүс нь юунд ч юм бэ дандаа л яарна. Хөгжиж буй аль ч улсаас хотын иймэрхүү хэмнэлийг харж болно. Амьдрах орчин нь таатай ч иргэд нь хар багаасаа хотын өвчинд нэрвэгдчихсэн байдгийг олон судалгаа нотолж байна.
Тухайлбал, БНСУ, Сингапур, Макао, Хонконг зэрэг Азийн бар улсын иргэд нялхаараа харааны зузаан шил зүүж, хөдөлгөөний дутагдалд орон, мяраалсаар байна. Холыг хардаггүй биш, үзэгдэх орчныг нь өнөөх өндөр барилгууд хаачихсан учраас том, жижиггүй хараа нь эрт мууддаг.
Тэгвэл монголчууд дөрвөн улиралд дураараа нүүх нутагтай. Хаашаа ч харсан өргөн уудам тал, цэвэр агаар, цэнгэг усаараа хөгжилтэй ямар ч орныг дагуулахааргүй баян. Дээр дурдсан том хотууд манай нэг аймгийн дайны л газартай гээд бод.
Гэвч хөдөө дэд бүтэц муу, ажлын байр багатай гэж гомдоллосоор хүн амын тал орчим хувь нь нийслэлдээ шавчихсан. Ядаж байхад манай хот амьдрахад таагүйг ч хэлэх үү. Агаар, хөрсний бохирдол хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь заналхийлж, элдэв өвчтэй болгож буй.
Томчуудын муу зуршил, буруу хооллох, хөдөлгөөний хомсдол зэрэг нь тэднийг хэт таргалуулж, чихрийн шижин, зүрх, судасны эмгэг, харвалт, хавдраар нүд анихад хүргэж байна. Алхаад хүрчих газарт такси “унадаг”, шатаар явган өгсөхөөс зайлсхийн, цахилгаан шат хэрэглэдэг, өдөржин өлөн ажиллаж байгаад орой их иддэг, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэдгээ юман чинээ тоодоггүй хотынхны эрүүл мэнд яаж ч өөдлөх билээ. Төвлөрлөө дагаад харшил, халдварт өвчин ч салахаа байсан.
Хүн төрөлхтөн хэрэглээгээ хялбарчлахын тулд техник технологио улам л шинэчилсээр. Эцэстээ түүнийхээ боол болж, хөдөлмөрлөх нь багассаар элдэв өвчний “үүр” болж буйг ДЭМБ сэрэмжлүүлж буй. Гэхдээ илүүдэл жин, хөдөлгөөний хомсдолоос илүүтэй нийгмийн бухимдал, эдийн засгийн нөхцөл байдал хотын иргэдийг маш их стресстүүлж буйг албаны хүмүүс хэлэв.
Энэ нь маш олон өвчний эх үндэс учраас түүнээс ангижирахгүйгээр эрүүл амьдрах тухай ярих илүүц аж. Томчууд байтугай бага насны хүүхдүүд хүртэл стресстэж, сэтгэцийн эмгэгтэй болж буй гэсэн судалгаа байна. Хүмүүс мэдрэлийн ядаргаа, стрессийг нэг их тоодоггүй. Тэгвэл тархинд цус харвахад сэтгэлийн дарамт, ядаргаа нэлээд “үүрэгтэй” гэнэ шүү.
Ямар сайндаа Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн “Цус харвасан хүмүүсээ хүчрэхгүй, төлөвлөсөн хагалгаа нь долоо хоногтоо багтахгүй байна” хэмээн халаглаж суух вэ. Үүний шалтгааныг ч тэд нийгмийн бухимдалтай холбон тайлбарласан. Хүн уурлаж, стресстэхэд тархины судас нарийсан, цусны даралт ихэсдэг байна.
Нарийссан судас хүчтэй ирэх цусны урсгалыг даалгүй тархиндаа задарч, цус харвадаг тул иргэдийг аль болох уурлаж бухимдахгүй байхыг эмч нар зөвлөдөг. Ямар нэгэн суурь өвчингүй, даралт нь огт ихсэж байгаагүй хүнийг уур уцаар, стрессээс болоод цус харвачих нь чинээ хэн санах билээ.
Хотын утаа, замын хөдөлгөөний ачаалал, авто осол, ажлын байрны хомсдол, ядуурал, архидалт, харшил, халдварт өвчин зэргээс болоод бид алхах бүртээ л сэтгэлийн дарамтад ордог аж. ЭМЯ, СЭМҮТ (Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв), АШУҮИС хамтраад, насанд хүрэгчдэд зонхилон тохиолдож буй сэтгэцийн эмгэгийн тархалтыг судалж, дүнгээ хэдхэн хоногийн өмнө нэгтгэсэн байна.
Энэ нь 1992 оноос хойш улсын хэмжээнд хийсэн анхны нэгдсэн судалгаа бөгөөд үүнд таван жил зарцуулжээ. Судалгаагаар (1992 онтой харьцуулахад) стрессийн гаралтай сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох өвчин 40 дахин нэмэгджээ. Өдгөө СЭМҮТ-ийн хяналтад сэтгэцийн өвчтэй 6649 хүн байна.
Нийт хэвтэн эмчлүүлэгч дөрвөн хүн тутмын нэг нь стресс, бухимдлаас болж сэтгэц нь “хэмхэрсэн” байдаг аж. Тэгвэл жирийн иргэдийн олонх нь байнгын сэтгэл түгшсэн, тайлбарлаж боломгүй зовиур шаналгаатай, архаг ядаргаанд орсон, сэтгэл гутарсан, нойрны асуудалтай байдгийг СЭМҮТ-ийнхөн хэллээ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэнд, хор судлалын “Эрүүл хот” хөтөлбөр хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Д.Золзаяа “Хот гэсэн нэр томъёог улс бүр ялгаатай тодорхойлдог ч хүн амын тоо, нягтаршил, дэд бүтэц, үйлдвэрлэл, худалдаа, арилжаа зэрэг эдийн засгийн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг суурин газрыг ийн нэрлэдэг.
Энэ тодорхойлолтоор бол 15.000-аас доошгүй оршин суугчтай аймгийн төв ч гэсэн хот юм. Сүүлийн 20 гаруй жилд орон нутгаас Улаанбаатарт шилжин суурьшсан хүний тоо 7-10 дахин нэмэгдсэн. Нийслэл маань хөгжиж буй ч энэ хэрээр зам, тээврийн ачаалал ихсэж, үйлдвэр, барилга байгууламж болон машин тэрэгний дуу чимээнээс үүдэлтэй стресст иргэд өртөх боллоо.
Энэ “гайхал” нь хүний сэтгэлийг хямрааж, эгдүүцэл төрүүлэн, сэтгэцийн өвчинд нэрвэгдүүлэх сөрөг үр дагавартай. Түүнчлэн ходоод, гэдэс, зүрх, судсыг гэмтээн, нойргүйдүүлж, дархлаа сулруулдаг. Харшлыг ч мөн “өдөөдөг”. Тиймээс эрүүл амьдрахын тулд хоолны дэглэм баримталж, ажил, амралтаа зохицуулан, стрессээ зөв тайлж сурах нь чухал.
Стрессийг даван туулах энгийн аргууд бий. Жишээ нь, байгалийн зураг, бичлэг үзэх, дуу чимээ сонсох нь үр дүнтэй байдаг. Мөн иог, бясалгал хийх, спортоор хичээллэх, ном унших, хөгжим сонсох, бүжиглэх, найз нөхөдтэйгээ уулзаж болно. Ой модонд зугаалах, паркаар аялах нь бие махбодь, сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг” гэж ярив.
Энэ мэтчилэн их хотын өвчнөөс сэргийлэх, өөрийгөө эмчлэхэд хэзээ ч оройтдоггүй аж. Тухайлбал, өглөөний цайгаа тогтмол ууж, ажлаа эхлэхээс өмнө, эсвэл дундуур нь 10 минут зав гарган дасгал хийж, оффист ажилладаг бол бичиг, цаас зөөхдөө явган шатаар алхах, компьютерын ард нэг цаг суугаад цонхоор алсыг харж, нүдээ амраах, хамт олноороо ядаж 14 хоногт нэг удаа ууланд авирахыг мэргэжлийн хүмүүс зөвлөлөө.