Монгол Улсын сүүлийн гурван Ерөнхий сайдын гадаад айлчлал нь Японоос эхлэв. Тэгвэл Япон улсын одоогийн Ерөнхий сайдын айлчилсан гурав дахь орон нь Монгол байлаа. Хоёр орны төр засгийн тэргүүнүүд гадаад айлчлалын тэргүүн хэсэгтээ ийнхүү харилцан бие биенээ тавих сонирхол, уламжлал тогтож байна. Энэ нь Монголын “гуравдагч хөрш”-ийн, Япон улсын “Зүүн хойд Азийн хамгийн чухал түнш”-ийн бодлогын болон хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн өндөр түвшин, өргөн ач холбогдлыг илэрхийлж буй юм. Манай улс чөлөөт худалдааны анхны гэрээгээ Японтой байгуулж, энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр томоохон өсөлт, өөрчлөлт гарахад уг гэрээ нөлөөлнө гэж бид хүлээж байна.
Монголын байгалийн баялаг, Японы технологийн өгөөжтэй хоршуулах бодитой арга замыг хоёр талын төр засгийн үе үеийн удирдагчид, ажил хэрэгч хүмүүс эрчимтэй хайж ирэв. Төр засгийн зүгээс үүнд төвлөрч, засаж тохируулах, хамтран шийдэх ажил ч их байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Токиод аравдугаар сарын 13-нд эхлүүлсэн хоёр өдрийн албан айлчлалын үеэр энэ чиглэлээр юу яригдсан, онц содон ямар үйл явдал болсныг анзаарч, дүгнэснээ уншигчидтайгаа хуваалцахыг энд зорилоо.
ТОКИОД ЦАХИЛГААН ТАСРАВ
Наритагийн нисэх онгоцны буудлаас Ж.Эрдэнэбат сайд болон дагалдан яваа төлөөлөгчдийнх нь машины цуваа Токио хотын төв дэх, Эзэн хааны ордны цэцэрлэгийн дэргэд орших “Империал” зочид буудал руу ойртож явахад буюу 15 цаг 40 минут орчимд цахилгаан гэнэт тасрав. Сүүлийн гучаад жилд анх удаа цахилгаан тасарч, хотын төвийн энэ хэсэгт 580-аад мянган айл гэрэлгүй болсныг орой нь Худалдаа, аж үйлдвэрийн яамны хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ. Арваад хором өнгөрсний дараа цахилгаан ирж, буудал гэрэлтэй болон, цахилгаан шат ажиллаж эхэлсэнд төлөөлөгчдөө тосож байсан манай ЭСЯ-ны ажилтнууд санаа амран, баярлаж байв. Ер нь хотын цахилгааныг ихэнх газарт тун удалгүй хэвийн байдалд нь оруулсан ажээ.
Хотын энэ дүүргүүдийн цахилгааныг хариуцдаг TEPCO компанийн нэгэн дэд станцад гал гарснаас гэрэл тасарсан тухай тус компанийн ерөнхийлөгч нь телевизээр мэдээлэв. Олон зуун байшингийн бүх цахилгаан хөдөлгүүр, хэрэгсэл зогсож, замын уулзварын хоёр зуугаад гэрлэн дохио унтран, цөөн хэдэн автын осол гарч, газар доорх нийтийн тээврийн зарим шугам зогсон, хотын амьдралын хэвийн байдлыг арваад минут саатуулсандаа тэр бөхийн тонгойж, гүн хүлцэл өчсөн юм.
Цахилгаан тасардаг гэдгийг мартсан япончуудад яг юу болсон, ямар шалтгаан байсан гэдгийг мэргэжлийн хүмүүс маш ойлгомжтойгоор хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр тайлбарласан юм. Голч нь 13 см, өндөр хүчдэлийн кабелийн голын тэнхлэгээр, хөргөлтийн тостой нарийхан хоолой, түүнийг тойроод зэс утас, гадуур нь цаасан тусгаарлагч, хамгийн гадна талд нь резинэн бүрхүүл байдаг гэнэ. Хотын цахилгааны кабелиудыг ил агаарт биш, газар доогуур татах болсон бөгөөд сүүлийн 35 жил үүнийг солиогүй учир эдгээрийн зарим газарт тос нь тусгаарлагч цаас руугаа шингэснээс гал гарчээ. Токиогийн бизнес дүүрэгт нийтдээ 1500 км урттай ийм кабель байгаагийн гуравны хоёрынх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн тул одоо бүгдийг нь солино гэж компаниас нь мэдээлэв.
Ослын дараа түргэн шуурхай арга хэмжээ авсан, цаашид юу хийхээ нийтэд мэдэгдсэний маргаашнаас тус компанийн хувьцааны (TYO:9501) ханш нь нэмэгдэж, нөгөөдөр нь 2.2 хувиар өсөн 420 иенд хүрчээ. Японы хөрөнгийн зах зээлийн ханш нь бодит байдал, компанийн үнэ цэнийн өөрчлөлтийг ийнхүү түргэн тусгадаг аж. Бас 1000 км урт зэсийн кабель солих зах зээлийн хэрэгцээ Монгол шиг зэс гаргадаг оронд таатай мэдээ юм.
УЛААНБААТАРТ ЦАХИЛГААН ТАСРАХ УУ
Монголын эрчим хүчний салбарт хүндрэл гарахад Япон улс олон удаа тусламж үзүүлж байсныг манай үе үеийн удирдлагууд Токиод айлчлахдаа тэмдэглэдэг. 1990-ээд оны эхээр нийслэл Улаанбаатарын цахилгаан тогтмол тасалдаж, хэдэн минутаар биш, хэдэн цагаар харанхуй болдог байхад япончууд ганц цахилгаан станцыг нь яаралтай засаж, хотын иргэдийг хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэхээс аварч байсан юм.
Эдүгээ Монголын төвийн шугам сүлжээний хэрэгцээ 1100 мегаватт (мВт) болсон ч нийлүүлэх хүчин чадал нь 900 мВт аж. Нэмэлт цахилгаан станц шаардлагатай талаар хориод жил ярьж, V цахилгаан станцын шавыг 10 удаа тавиад буй ч өнөөг хүртэл юу ч хийгдээгүй л байна. Уг нь манай Засгийн газар тус станцыг барих гэрээг Япон, Франц, Монголын консорциумтай хэдэн жилийн өмнө байгуулсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 750 мВт-ын хүчин чадалтай, 1.5 тэрбум долларын өртөгтэй, таван жилийн турш барих энэ станцын ажлыг түр хойшлуулаад, оронд нь хуучин III цахилгаан станцаа 350 сая доллароор 14 сарын дотор барьж, 450 мВт-д хүргэж томруулахаар шийдсэн тухай Эрчим хүчний яамны мэргэжилтэн ярьж байв.
Ямар ч гэсэн Улаанбаатар хот их ачааллын үедээ Оросоос цахилгаан гуйдаг нь хэвээр бөгөөд ямар нэг осол гарвал Токио шиг 10 хормын дотор цахилгааны хангамжаа сэргээж чадахгүй нь лавтай. Гэхдээ Японы “Марубени” компани Тавантолгойн нүүрсний ордын дэргэд 450 мВт-ын чадалтай цахилгаан станц байгуулах тендерт ялаад байна. Тус станцын 250 мВт-ыг “Оюутолгой” компанид хүргэж, одоо Хятадаас авч буй цахилгааныг дотооддоо нийлүүлэх бөгөөд Монголын цахилгаан түгээлтийн сүлжээний чадал өсөх аж. Мөн Японы хөгжлийн тусламжийн ЖАЙКА байгууллага анх удаа дэд бүтцэд хөрөнгө оруулан, Өмнөговьд 50 мВт-ын салхин станцын санхүүжилтийн 70 сая долларыг нь гаргахаар болжээ. Японы оролцоотой эдгээр төсөл хугацаандаа хэрэгжиж чадвал Улаанбаатар хотод цахилгаан тасрах эрсдэл багасах юм.
ШУГМЫН ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭХ АЛХМУУД
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд Ш.Абэтэй өнгөрсөн баасан гаригт албан ёсны хэлэлцээ хийж, 2010 онд эхлүүлсэн Монгол, Японы стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх, 2017-2021 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хурдан гаргаж, “замын зургаа” тодорхой болгохоо тохиролцов. Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжилд Япон улс “өгөөмөр”-өөр тусалж дэмжихээ Ерөнхий сайд нь амлалаа. Эдийн засгийн өнөөгийн хүндрэлээс гарахын тулд Монгол Улс ОУВС-гийн тусламжийн хөтөлбөрт хамрагдвал Япон улс хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн гэж Японы Сангийн сайд Таро Асо бас мэдэгдэв.
Айлчлалын үеэр “Энержи ресурс” компани “Sumitomo” корпорацтай хамтран нүүрс борлуулах, маркетинг хийх, “Цагаан чулуут” компани “Suzuki shukai” компанитай хамтран Монголд батарейны үйлдвэр барих, манай “Драй милк ко” компани тус улсын “Prisai” компанитай хөдөө орон нутагт хуурай сүү үйлдвэрлэх жижиг оврын үйлдвэр байгуулах тухай гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Мөн Хөшигийн хөндийн олон улсын онгоцны буудлыг удирдан ажиллуулах олон жилийн менежментийн гэрээг тохиролцов. Өмнөх Засгийн газар Тавантолгойгоос төмөр зам татах ажлын төлөвлөгөөг боловсруулсны төлбөрийг Японы компанид хийгээгүй явж ирсэн бөгөөд тэр төлбөр болох таван сая ам.долларыг энэ Засгийн газар төллөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат япончуудтай хөдөө аж ахуй, ялангуяа газар тариалангийн салбарт үр өгөөжтэй хамтын ажиллагаа хөгжүүлж болохыг ЖЕТРО (Японы Худалдааны танхим) дээр болсон Монголын 50, Японы 240 орчим компанийн төлөөлөл оролцсон бизнесийн чуулганы үеэр онцлон тэмдэглэв.
Энэ мэтээр хоёр улсын эдийн засгийн харилцааны “шугмын хүчин чадал”-ыг нэмэгдүүлэх талаар содон хэдэн ажил уг айлчлалын үеэр хийгдсэн юм. Гэсэн хэдий ч энэхүү хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар, юуны өмнө Японы тал нь 50 дахин давуу байгаа, гадаад худалдааны алдагдалтай, бараг нэг талын урсгалыг тэнцвэртэй болгоход Монголын хувийн хэвшил ихээхэн ажил хийх шаардлагатай байна. Уламжлалт бизнесээс гадна монголчууд мэдээлэл, харилцааны технологи (МХТ), программ ба аппликэйшн хийх, судалгаа, хөгжлийн (R&D) зарим оновчтой чиглэлийг сонгон хөгжүүлэх, энэ чиглэлийн боловсролын дэд бүтцийг хамтран бүрдүүлэхэд бас анхаарах хэрэгтэй байгаа юм.
Монгол, Японы улс төрд бий болсон хамгийн өндөр түвшний, дотно, сайхан харилцаа эдийн засагт, бас ойрын ирээдүйд зохих тусгалаа олно гэдэгт монголчууд бид итгэлтэй байна.
Токио-Улаанбаатар