ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ сарын 11-16-ны өдрүүдэд Ховд аймгийн 10 сум болон аймгийн төвд иргэдтэй уулзалт хийсэн юм. Энэхүү уулзалтын мэдээг тоймлон хүргэж байна. Хашилтад хурал болсон өдрийг тэмдэглэв
-БУЯНТ СУМ: Ховд аймгийн Буянт сумынхан газар тариалан, хөдөө аж ахуй эрхэлдэг. Сүүлийн үед хүнсний ногооны үнэ ханш унаж байгаа бөгөөд төрийн бодлогоор ногоочдыг дэмжиж өгөхийг тус сумын иргэн А.Шекен хүссэн юм. Харин Буянт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Оюунчимэг 1983 онд ашиглалтад орсноос хойш дорвитой засвар хийгээгүй сумын сургуулийн нөхцөл байдал хүндхэн байгааг учирлав. Буянт сумын иргэн И.Төлөөгөн хүнсний ногооноос гадна жимс жимсгэнэ тариалах боломж байна гэсэн юм.Тиймээс санаачилгатай байж хүнсний ногоогоо боломжийн үнээр зарах гарцыг хайх хэрэгтэйг И.Төлөөгөн хэлж байв /2016.10.11 /
-ЧАНДМАНЬ СУМ: Сумын эмнэлэгт анхаарал хандуулж төсөв мөнгө баталж өгөхийг Чандмань сумын иргэд хүсч байлаа. Малын гаралтай түүхий эдийг хэрхэн үнэ цэнэтэй болгох саналтай байгааг асууж байв. Үүнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хариулахдаа “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн хаягдлыг цэвэрлэх байгууламж, ашиглалтад орохгүй тав, зургаан жил болж байна. Энэ үйлдвэрийг барьчихбал малын гаралтай түүхий эдийн үнэ ханш нэмэгдэнэ” гэсэн юм. /2016.10.12 /
-МАНХАН СУМ: Сумын 90 жилийн ойгоор машин өгсөн ч төв рүү авчихсан. Тиймээс Манхан сумын цагдаагийн газарт машин хэрэгтэй байгааг иргэд хэлж байлаа. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт жижиг оврын цагдаагийн алаг машин шийдэж өгөхөө амлав. Гэр бүлийн хүчирхийллийн хуульд авгай, хүүхэддээ агсам тавих юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан тухай, Эрүү зөрчил болон Оффшор дансны тухай иргэдийн сонирхсон асуултад С.Бямбацогт сайд хариуллаа. /2016.10.12 /
-БУЛГАН СУМ: Тус сумын иргэн Монхоо Цагдаагийн албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Манай цагдаа, хүчнийхэн хүнд хүчир ажил хийдэг. Тиймээс тусгай хангамжийн нэмэгдэл байдаг. Цаашдаа хүнд нөхцөлд ажилладаг хүмүүсийг дэмжиж тусалж байх хэрэгтэй” гэсэн юм. Түүнчлэн уулзалтын үеэр Ховд аймгийн Булган сумын цагдаагийн газарт иж бүрэн тоноглогдсон приус-20 маркийн авто машины түлхүүрийг С.Бямбацогт сайд гардуулж өглөө. /2016.10.13/
-ҮЕНЧ СУМ: Орон нутгийн сонгуультай холбоотойгоор улс төрийн зорилгоор Улиастай багт 35 цэрэг нэмж хуваарилсан гэж яриа гарч байгаа талаар сумын иргэд тодруулж байв. Үүнийг нь Засаг дарга улстөржүүлж, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогттой холбосон талаарх яриа гараад байгаа юм. Энэ тухай Хилийн цэргийн отрядын захирагч Энхтайван хурандаа хариулт өгөхдөө “Хугацаат цэргийн албан хаагчид аль заставт алба хааж байна вэ гэдгийг тодруулах судалгаа явуулсан. Тэр үед манай нэг офицер залуу алдаа гаргаж, багийнхаа дугаарыг андуурч явуулснаас болж Хөх үзүүрт санал өгөх ёстой цэргүүд Улиастай багт шилжчихсэн. Энэ алдааг засах гэсэн боловч хуулиар шилжилт хөдөлгөөнийг хориглочихсон. Ямар нэгэн улс төрийн зорилгогүй санамсаргүй үйлдлээс болсон юм шүү. Алдаа гаргасан албан тушаалтныг албан тушаал бууруулж, сахилгын шийтгэл авсан байгаа” гэв. /2016.10.13/
-АЛТАЙ СУМ: Тус сумын иргэн Цагаан эргийн асуудалд анхаарал хандуулахыг хүссэн юм. Цагаан эргийн нөхөн сэргээлт дууссан гэж ойлгосон. Алтай сумын Оцогт хайгуул хийнэ гэж ирчихээд олборлолт явуулаад байгааг сумын иргэд учирлаж байлаа. Дээр нь 100 гаруй хятадууд олборлолт хийсэн гэдэг тайлбарыг иргэд өгч байв.Тиймээс аймгийн удирдлагууд, хууль хяналтынхан олборлолт явуулж байгаа компанид хуулийн хариуцлага хүлээлгэж, шалгаж өгөхийг хүсч байсан юм. Хууль зүйн сайд С.Бямбацогт үүнд анхаарал хандуулна гэсэн юм. /2016.10.13/
-МӨСТ СУМ: Хариуцлагын асуудлыг энэ сумынхан хөндөж байв. Малын гоц халдварт мялзан өвчин гарсан нь малчдын аж амьдралд сөргөөр нөлөөлж байгааг малчид хэлж байв. Тиймээс холбогдох албан тушаалтанд нь хариуцлагын асуудал ярих ёстой хэмээн тус сумын иргэн Д.Пүрэв хэллээ. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хариулахдаа “Өнгөрсөн зургадугаар сард сонгуулиар Үенч сумын иргэдтэй уулзахад Улиастай багийн малчин “Манай мал амнаас нь хөөс асгараад үхээд байна. Үүний учрыг олж өгөөч” гэж хүссэн. Би тухайн үед аймгийн удирдлагуудад анхаарал тавиач гэж хандаж байсан. 2015 оны наймдугаар сард энэ өвчний шинж тэмдэг илэрсэн. Түүнээс хойш сум, аймгийн удирдлагууд юу хийж байв. Өнөөдөр малчид мал сүргээрээ хохирч байна. Энэ өвчний вакцин хийлгэсэн мал ирэх жил төл авахгүй, тарга тэвээрэг авахгүй. Гарсан төл нь өвчинтэй байх магадлалтай. Малчид өнөөдөр хариуцлагагүй албан тушаалтны буруугаас болж асуудал үүсэх нь. Энэ асуудалд зайлшгүй хариуцлага ярих ёстой” гэв /2016.10.14/
-ЗЭРЭГ СУМ: Тус сум гаднаас харахад олон давхар орон сууц, орчин үеийн үйлчилгээний барилга байгууламжтай хөгжсөн мэт харагддаг. Гэвч сумын иргэд “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдэг шиг орон сууцнууд нь халаалт, дулааны шугам сүлжээ байхгүй байгааг шүүмжилж байв. Нэгдсэн дулааны шугам сүлжээгүй байдлаас болж орон сууцны айлууд өвөлд эргээд хашаандаа очиж байна гэж нутгийн иргэн ярив.Хашаа байшингаа зарчихсан айлууд гудамжинд гарахад ойрхон байна гэсэн юм. Зэрэг суманд ахуй үйлчилгээ, цэцэрлэг, сургууль өвлийн улиралд ажиллахад хүндрэлтэй байгааг нэг бус хүн хэлж байв. /2016.10.14/
ЦЭЦЭГ СУМ: Тус сумынхан Хөшөөтийн уурхайтай холбоотой асуудлыг хурцаар хөндөж байв. Тодруулбал, Цэцэг сумын иргэн Занданбазар хөшөөтийн нүүрс бусад нүүрстэй харьцуулахад өндөр үнэтэй байна. Бид эзэн нь юм чинь үнэгүй авах ёстой гэж би боддог. Хөшөөтийн нүүрс 40 мянган төгрөг гэж байна. Гэтэл тарвагатайн нүүрс 25 мянган төгрөг гэж байна. Ялгаа их бий. Бид хажуудаа байгаа уурхайгаас нутгийн иргэдэд нүүрсээ хямд нөхцлөөр зарж болдоггүй юм уу гэсэн юм. Олон иргэн Занданбазар гуайтай адил Хөшөөтийн нүүрсний үнийн асуудлыг ярьж байлаа. /2016.10.14/
-ДӨРГӨН СУМ: Тус суманд ундны усны асуудал иргэдийн сэтгэлийг зовоож байна. Ундны ус муутайгаас болж олон айл өрх аймгийн төв бараадаж байгаа аж. Усаа цэвэршүүлж уух гэж ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг гэдгээ иргэд хэлж байсан. Түүнчлэн Дөргөний усан цахилгаан станцтай боловч гэрэл цахилгааны мөнгө өндөр гарч байгаад бухимдалтай байгаагаа иргэн Ганхүү илэрхийлэв. Тогны үнэ ханш дээр нутгийн иргэдэд хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байна гэж олон иргэн хэллээ. Дөргөн болон Мянгад сумын хооронд хэсэгхэн газар засмал зам дутуу байгаа. “Дутуу алсан могой шиг” энэ засмалыг холбочих арга чарга байна уу гэж нутгийн өндөр настан тодрууллаа. Хариуд нь ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дөргөн, Мянгадын хоорондох засмал замыг холбож өгнө гэдгээ мэдэгдсэн юм. /2016.10.15/
ХОВД АЙМГИЙН ТӨВД: Уулзалт эхлэхээс өмнө Ховд их сургуулийн заал дүүрчээ. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогттой уулзах хүлээлт иргэдийн дунд их байсан нь заалны уур амьсгалаас мэдрэгдэж байв. Иргэдийн олонхи нь “С.Бямбацогтод хууль, шүүх, хүчний байгууллагад шударга ёс, хууль үйлчилдэг, иргэнээ алагчилдаггүй байх тийм л зарчмыг барьж ажиллахад салбарын сайдын хувьд анхаарч өгөхийг хүсч байв. Иргэдэд шударга ёс, хуулийн дор хүн бүр тэгш байх зарчим ус агаар мэт хэрэгтэй байгаа нь илт. Тиймээс нутгийн хүү С.Бямбацогтоос хуулийн салбарт сайн ажиллана гэсэн хүлээлттэй байгаагаа нуусангүй. Харин С.Бямбацогт сайд баян, ядуу, хөгшин, залуу, хөдөө, хот ялгаагүй хууль хүн бүрт ялгаваргүй үйлчилдэг байх зарчмыг жанжин шугамаа болгоно гэсэн юм. /2016.10.15/