Баруун гар талаас: Ахмад Г.Баатарнум, ангийн захирагч, дэд хурандаа Ц.Бямбажав, техникийн орлогч, хошууч Д.Баасанхүү нарын хамт. 1988 он
-Дурсамж тэмдэглэл-
Гомбын БААТАРНУМ
МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч, бэлтгэл дэд хурандаа
Энэхүү дурсамжийг тэрлэгч миний бие Хүний нөөц, дайчилгааны чиглэлийн ажлаас тэс өмнөө мэргэжилтэй боловч яагаад ч юм бэ хувь тавилан намайг хариуцлагатай энэ албан тушаалтай хоёр жил гаруйн хугацаанд холбосон юм. Үүнийг хураангуйлан дурсваас, одоогоос гучаад жилийн тэртээх буюу 1987 оны тэр нэгэн өдөр миний сэтгэлийн мөнгөн бүрднээ тодхон байна.
\Учир нь олноо “Улиастайн дивиз” хэмээн алдаршсан тухайн үеийн Ардын армийн 016 дугаар нэгтгэлийн харьяа Ардын армийн 229 дүгээр ангид миний бие Штабын орлогч буюу Жагсаал анги, дайчилгааны офицер гэдэг албан тушаалд томилогдсон тохиол байв. Тэр үед бивээр Ардын армийн 277 дугаар ангид батарейны захирагчаар ажиллаж байлаа.
Нэг өдөр ангийн штабын дарга, хошууч Л.Тогтох (Хожмоо хурандаа болсон) намайг өрөөндөө дуудаж, маргааш өглөө 10.00 цагт БХЯ-ны Боловсон хүчний газар бэлэн байхыг сонордуулдаг юм байна. Чухам ямар учиртай болохыг айж эмээгээд асууж ч зүрхлэлгүй “Мэдлээ гүйцэтгэе” гээд л гарснаа тод санаж байна. Залуухан ахлах дэслэгч мань мэтийн хүмүүс яам, Тамгын газраар тэр бүр орох биш, том генерал, хурандаа нараас ихэд эмээн байж нэгэн офицерын заасан өрөөний хаалгыг аяархан тогшин орвоос Ж.Цанжид, Г.Агваансовд нарын миний дарга, захирагч хан буурал аав шиг минь налайн сууж байсанд ихэд баярлаж, түг түг цохилсон зүрх минь жаахан номхорч, сэтгэл минь баахан уужирч билээ.
“Өдрийн сонин”-ы Тамгын газрын дарга Т.Дашнямын хамт. 1994 он
Г.Агваансовд дэд хурандаа, Цэргийн сургуульд суралцаж байхад манай ротын даргаар, Ж.Цанжид хурандаа Зүүнбаянд салаа, батарейны захирагчаар ажиллаж байхад дивизийн Их бууны командлагч болохоор сэтгэлд тийм ойр байсан хэрэг. Тэр дарга нар маань тухайн он жилүүдэд Боловсон хүчин хариуцсан офицероор ажиллаж байсныг мэдэх хүн цөөнгүй билээ.
Хаа холын их бууны мэргэжилтэй хүнийг чухам яагаад цаас, үзэгний ажилтай садансуулах болов гэдгийг олон жилийн хойно эргэцүүлэхүйяа тухайн он, жилүүдэд миний бие “Улаан-Од”, “Улаанбаатарын мэдээ”, “Хөдөлмөр” зэрэг төвийн сонин хэвлэлд ойр зуурын мэдээ сэлт бичдэг байсан нь ийнхүү боловсон хүчний ажилтнуудын хараанд өртсөн юм болов уу гэж боддог юм.
Тэгээд ч тухайн үеийн боловсон хүчний ажилтнууд судалгаа сайтай, офицер, ахлагч нарынхаа цаашдын зам мөрийг чиглүүлж өгдөг алсын хараатай, хүний төлөө гэсэн чинхүү сэтгэлтэй, ухаалаг сайхан хүмүүс байж дээ. Штабын ажил гэж тушаал, шийдвэр төлөвлөх, энгийн ажилтан, албан хаагчдыг ажилд авах, халах, харуул манааны томилгоо хийх, одон, медаль, шагнал урамшилд тодорхойлох гээд л нүсэр их ажилтайн зэрэгцээ дайчилгааны оногдуулан данслагдсан хүн хүч, машин техникээ тодотгох, зарим үед дайчилгаатай хээрийн сургууль зэрэг давхар ажил хийсээр цаг завгүй өрнөнө.
Энэ бүхэн нь бичиг цаасны ажилд намайг дөртэй болгоход дөхөмтэй байж, магадгүй өнөөдрийн сэтгүүлч, зохиолч гэдэг нэрийг олоход нөлөөлсөн гэдэгт огтхон ч эргэлздэггүй ээ, би. 1987 оны зургадугаар сарын 20-доор ийнхүү тус ангид томилогдон очиход ангийн захирагчаар дэд хурандаа Ц.Бямбажав, штабын даргаар хошууч Д.Чулуунхүү, Улс төрийн орлогчоор хошууч С.Давис, Техникийн орлогчоор хошууч Д.Баасанхүү, Ар талын орлогчоор хошууч Б.Сангидорж, намын даргаар ахмад Д.Намхайдорж нарын олонх нь “Хээрийн академи” хэмээн нэрлэгдсэн Зүүнбаянд алба хаасан зангарагтай дарга ажиллаж байв.
Миний өмнөх офицер Д.Бөхбат армиас халагдаад явсан учир ажил хүлээлцэнэ гэж сүйдтэй юм ч болсонгүй, штабын даргын өгсөн ойр зуурын бичиг баримтыг хүлээж аваад л ажлаа юунаас эхлэх вэ гэдгээ эргэцүүлж байсан сан. Харин бэлтгэл офицер Д.Бөхбат өнөөдөр томоохон компанийн захирал, нэртэй бизнесмэн болсон гэсэн шүү. Хавсарсан дээрх хоёр ажилд богино хугацаанд суралцаж дадлагажихад ангийн удирдлагаас гадна дивизийн боловсон хүчин, дайчилгааны асуудал хариуцсан офицеруудын тус дэм багагүй байсныг хэлэх ёстой.
Тухайлбал, дэд хурандаа Д.Намхайдагва, хошууч Д.Ганбаатар, ахмад Ё.Нямсүрэн, 1980 онд ЦЕДС-ийг Ерөнхий цэргийн мэргэжлээр дүүргэсэн онжав, ахмад Ц.Энхжаргал нарын тулхтай ажилтнаа эргэн дурсахад таатай байна.
Үе үе дивизээс гэнэтийн шалгалт ирж чамгүй бэмбэгнүүлдэг сэн. Ер нь тэр үед юм бүхэн дэг журамтай, эмх цэгцтэй байсны зэрэгцээ Боловсон хүчин, өнөөгийн хэллэгээр бол хүний нөөцийн ажил, дайчилгааны төлөвлөгөө зэрэгт багагүй анхаарч, холбогдох бичиг баримтыг нэг бүрчлэн шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилт хэрхэн биелж байгаад хөндлөнгийн хяналт маш сайн тавьдаг, доголдсон зарим зүйлийг донгодож шийтгэхдээ бус, засаж залруулж, дадлагажуулахад гол анхаарлаа хандуулдаг байжээ.
“Хүйтэн дайн”-ы гэж нэрлэгдсэн тухайн он жилүүдэд ийнхүү боловсон хүчний асуудалд онцгой анхаарахын сацуу дивиз болон харьяа анги, салбаруудыг дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах нүсэр ажил давхар өрнөдөг байлаа. Тэр нь хаяа дэрлэн орших нийслэл Улаанбаатар хотын албан байгууллага, үйлдвэр, аж ахуйн газруудаас оногдуулан данслагдсан хүн хүч, машин техникээ олж цуглуулах, тодотгохоос гадна, алс холын аймаг, сумдаас ч мөн түр цэрэг дайчлан авчирдаг байсан нь ямар их өргөн цар хүрээтэй, нүсэр ажил өрнөдөг байж вэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Боловсон хүчин, дайчилгааны офицеруудад жил тутамд оногддог бас нэг томоохон ажил нь зун, намрын цэрэг халалт, таталт байсан, одоо ч байсаар л байна. Улаанбаатар хотоос 70 гаруй км газар “Тавантолгой”-н Дамжин өнгөрүүлэх баазад анги, салбаруудын жагсаал анги, дайчилгаа эрхэлсэн офицерууд жилдээ хоёр удаа цугларч, 18 аймаг, дөрвөн хотоос цэргийн албанд татагдан ирсэн аавын хөвгүүдийг хүлээн авч анги, байгууллагад нь хуваарилдаг, улмаар хүргэж өгдөг хариуцлагатай үүрэг хүлээдэг байв. Тэвш дүүрэн суулгасан шинэхэн цэргүүдээ аваад дэнхгэр ногоон, бүхээгтэй “Зил-131” машин хөлөглөсөн уртаас урт цуваа нийслэл хотоо зорихуй тэр цаг дор,
Хилийн зүг юуны тулд
Хэний төлөө цэрэг эрчүүд
Бүхээгтэй ногоон машинтайгаа
Бүрэнхий үдшээр хаачина вэ хө!... хэмээх Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ш.Эрдэнэбат нарын зохиосон сайхан дууны аялгуу өөрийн эрхгүй аманд чихэр лугаа хүлхэгддэгсэн. Энэ мэтчилэн бичээд байвал цаас, цаг багагүй гарздах биз ээ! Ямартаа ч миний ажил, албанд тус дэм болж, эцэг ёсны зөвлөгөө өгч байсан БХЯ-ны Дайчилгаа хариуцсан офицер, хурандаа Б.Адилбиш, Т.Бүүвдэй нарын ахмадад нэрийг дашрамд зайлшгүй дурдах ёстой гэж бодном.
“Уруул нээвэл уушиг нээ” гэсэн үгээр дулдуйдан, Штабын орлогч хэмээх, анги, байгууллагадаа бол чамлахааргүй эрх мэдэлтэй алба залгуулж байснаа товчхон тодотгоход, тэр он, жилүүдэд сайн, саар хүмүүстэй нүүр учрах тохиол цөөнгүй байж дээ. Ер нь аливаа хүний хувь заяаг хариуцсан ажилтан маш холыг харсан, өнөө, маргаашийн өнгөцхөн зүйлээс аль болох зайлсхийж баймаажин хүний итгэлийг олдог болов уу.
Энд харамсаж явдаг нэг зүйлийг зайлшгүй дурдмаар санагдаад болдоггүй ээ. Намайг Зүүнбаянгийн Танк эсэргүүцэн сөнөөх дивизион буюу Ардын армийн 136 дугаар ангид Салааны захирагчаар ажиллаж байсан 1982 онд хуучнаар ЗХУ-ын Одесс хотын Цэргийн дээд сургуулийг Зэвсгийн инженер мэргэжлээр дүүргэсэн Ц.Мөнхтөр гэж ёстой л будаг нь ханхалсан сайхан дэслэгч томилогдон ирж билээ. Мэргэжилдээ гаргууд сайны зэрэгцээ гитар хөгжмийг гайхамшигтай чадварлаг тоглодог түүнтэй хэсэг хугацаанд олноо “Муурын байшин” хэмээн нэрлэгдсэн хоёр давхар модон байшинд амьдарч байгаад Улаанбаатар хот руу шилжсэн юм.
Гэтэл 1988 оны хавар мань хүн 229 дүгээр ангийн Зэвсгийн даргаар томилогдон ирдэг юм байна. Харамсалтай нь, жаахан балгачихдаг төдийгүй заримдаа ажил, албаа ч цалгардуулах. Андын хувьд тэр бүрийг нь аргалсаар байсан боловч “Олон хавар нэгэндээ” гэгчээр яаж ч бололгүй үнэнд гүйцэгдэнэ биз дээ. Энэ байдалд дургүйцсэн ангийн захирагч дээд байгууллагад мэдэгдэж, улмаар түүнийг армиас бэлтгэлээр халсан тушаал гэнэт ирж билээ. Хэн, хэнээ эвгүй байдалд оруулсан боловсон хүчний бодлогогүй алхам аавын сайхан хүүхдийг хэзээ ч босошгүй ангал руу түлхдэгийн эмгэнэлт түүхийг энэ найзаараа жишээлэх гэсэн юм.
Тэрбээр, 1990-ээд оны үед бүр гудамжны архичин болж, даанч дээ гэмээр амьдарсаар байгаад сураг нь тасарсан даа. Хэрвээ түүнийг армиас гэнэт халаагүй бол өнөөдөр ямар ч амьдралтай байх байсныг хэн ч таашгүй. Мөн удирдлагандаа байсан офицерынхоо удирдлаганд орж, сэтгүүлчийн хөдөлмөрт зүтгэсэн он, жилүүд ч надад байлаа. Тодотговоос, ангийн МХЗЭ-ийн үүрийн даргаар ажиллаж байсан ахлах дэслэгч Т.Дашням угаас МУИС-ийг дүүргэсэн сэтгүүлч мэргэжилтэй нэгэн л дээ.
1992 онд Ү.Хүрэлбаатар (Эдүгээ доктор, профессор, Соёлын гавьяат зүтгэлтэн) эрхлэгчтэй “Улаанбаатар” сонины “Танин мэдэхүйн хэлтэс”-ийн даргаар ажиллаж байхад нь миний бие түүний ятгалгаар “Чөлөөт хөдөлмөр” сониноос гарч, сурвалжлагчаар нь очсон юм. Т.Дашням маань одоо “Өдрийн сонин”-ы Тамгын газрын даргаар нэр төртэй ажиллаж байна. Бас Одессын цэргийн дээд сургууль дүүргэж, Хуягтын сургуулийн ротод Салааны захирагчаар ажиллаж байсан ахлах дэслэгч С.Батбаяр саяхныг хүртэл ЗХЖШ-т Дайчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад дэд хурандаа цолтой цэргийн тэтгэвэртээ гарсан даа.
Өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал улс орон даяар давалгаалж, армийг цомхтгож эхэлсэн 1989 оны зургадугаар сарын сүүлчээр Улиастайн 016 дугаар нэгтгэл Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хүйтний хөндий гэдэг газар руу шилжин байрлахтай зэрэгцэн манай анги татан буугдаж, БХЯ-ны Боловсон хүчний нэгэн офицер намайг Зүүнбаянгийн дивизийн Дайчилгааны офицерын туслахаар явахыг санал болгоход нь тэнд бараг 10-аад жил алба хаасан.
Ар гэр, үр хүүхдүүдийн хувьд боломжгүй гэсэнд “Тэгвэл чамайг халахаас өөр шингээх газар алга” гэснээр асуудал бараг нүд цавчихын ч завдалгүй шийдэгдэж, “Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр” гэсэн тодотголын дор бэлтгэл ахмад цолтой армиас халагдаж, тухайн үеийн Төмөр замын техникумд Цэрэгжлийн багшаар нэг жил ажиллаад төвийн сонины газар шилжээд нэг л мэдэхэд 30 гаруй жил улиран оджээ.
Энэ хугацаанд Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины эрхлэгч, хурандаа Б.Чинбат, Г.Нямдорж нар надтай нэг бус удаа уулзаж, цэргийн сонинд ирж ажиллахыг санал болгож байсан ч тэр үеийн “Улаанбаатар” сонинд Ү.Хүрэлбаатар, Т.Юмсүрэн, Х.Зандраабайды, Ц.Байды, Я.Сумъяа, Д.Банзрагч, Б.Цэдэв, Д.Төрбат, Г.Жамъян, Д.Жамъян, Ж.Барамсай, Д.Баянтунгалаг, Б.Цогзаяабаатар, Б.Галсансүх, М.Буянбадрах, Ч.Содномдорж, Ж.Батсайхан, Л.Гомбожав, О.Лхагвадорж нарын Монголдоо нэртэй зохиолч, сэтгүүлч, яруу найрагч ажиллаж байсан болохоор тэдэндээ хоргодон сатаарч явсаар 2001 оны хавар тус сониндоо албан ёсоор томилогдсон билээ.
Ийнхүү ЦЕДС-ийг дүүргэсэн цэргийн угшилтай намайг цэргийн сонинд сурвалжлагчаар томилохыг хөхиүлэн дэмжсэн, дэслэгч генерал Ц.Дашзэвэг, хошууч генерал М.Борбаатар, Б.Шагдар, А.Ганбат, Б.Эрдэнэбат, хурандаа Л.Төмөрбат, Д.Отгонбаатар, Б.Чинбат, Г.Нямдорж, ЗХЖШ-ын Боловсон хүчний хэлтсийн дарга, хурандаа Д.Алтангэрэл, мэргэжилтэн, хурандаа Ө.Батмөнх, мөн ЗХЖШ-ын өнөөгийн Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Алтанхуяг нарын хүний төлөө гэсэн чинхүү сэтгэлтэй генерал, офицерын тухай хөврүүлээд байвал барагдахгүй нь бололтой.
Дашрамд бяцхан дурсамжийг хавчуулахад, Даргын зөвлөлийн хурлаар орохдоо миний бие “Улаанбаатар” сонинд ажиллаж байсан шигээ шилээ дарсан их үстэй хэвээрээ орсон сон. Хурлын гишүүд болох зарим хүн гайхсан бололтой хараад байхад нь М.Борбаатар генерал маань босоод “Энэ залуу бол цэргийн сургууль дүүргэсэн, дөрвөн жил казармын амьдралаар амьдарсан, жинхэнэ цэргийн хүн...” гээд л яаран танилцуулж байсан сан.
Тийм болоод ч тэр үү, надаас нэг их юм асууж шалгаасан ч үгүй, ахмад цолыг нь сэргээлээ гээд гаргасан юм. 2001 оны долдугаар сард гарсан ЗХЖШ-ын даргын тушаалд шууд хошууч цол олгосонд үнэхээр их баярлаж, Цэргийн сургууль дүүргэснээрээ бахархаж байсан даа. “Сайн хүмүүсийг сардаа ч болов дурсаж байх сан” гэж миний бие нэгэнтээ бичсэнээ энд тодотгоюу! Ингээд намтар түүхээр арвин наян жилийнхээ ойтой золгосон “Хүний нөөц”-ийн офицер, ажилтан албан хаагчиддаа,
Хүний төлөө сэтгэлийг тань
Хүж дэлхий харж байгаа
Алсын хараатай бодлогыг тань
Арми, ард түмэн тань андахгүй... гэсэн дөрвөн мөртөөр шүншиг өргөн ерөөж, энэхүү бяцхан дурсамждаа цэг тавин жаргааму!