ШУГТЭ-ийн захиргаа, Зөвлөх поликлиник, Даатгал бүртгэл мэдээллийн албатай хамтран ”Сувилагч тандаа тусалья” сэдэвт өдөрлөгийг 2016 оны 10 сарын 15-ний өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд эмнэлгийн удирдлага болон холбогдох тасаг, нэгжийн дарга, эрхлэгч, үйлдвэрчний хорооны төлөөлөгчид оролцож өдөрлөгийн зорилго, ач холбогдлын талаар танилцууллаа.
Тус өдөрлөгөөр сувилагчдын нийгмийн болон ажлын байрны тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтийг хүлээн авч, чөлөөт ярилцлагыг зохион байгуулж, сувилагчдын амин үзүүлэлт, биеийн жингийн индексийг үзэж зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хоол боловсруулах, зүрх, бөөр, мэдрэл, уушиг, чих хамар хоолой, сонсголын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийгдлээ. Мөн эмэгтэйчүүдийн хавдарын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, хэвлийн хэт авиан оношилгоо, ходоодны дуран, цээжний рентген оношилгоо, ЭКГ, тархины судасны бичлэг, ясны сийрэгжилт тодорхойлох зэрэг шинжилгээнүүд хийгдэж, үзлэг оношилгооны явцад асуумжийн аргаар чихрийн шижин болон харвалтын эрсдлийг тодорхойлж нийт 285 сувилагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
Өдөрлөгийн үеэр Даатгал бүртгэл мэдээллийн 12 цахим бүртэгч ажиллаж, ажилчдын эрүүл мэндийн “e.Health.exe” цахим программд үзлэг, оношилгооны бүртгэлийг оруулж, мэдээллийн санд байршуулсан. Төрөлжсөн мэргэжлийн 14 эмч, оношилгооны 5 эмч, зөвлөх поликлиникийн 15 сувилагч урьдчилан сэргийлэх үзлэгт ажилласан. Эмчилгээний хоол судлалын тасгаас 300 ажилтны өглөөний цай, ажилласан эмч нарын үдийн хоолыг бэлтгэн үйлчиллээ. Мөн эмнэлгийн эрүүл зан үйл төлөвшүүлэх сургалтуудыг LCD зурагтаар явуулж “Монос”, “Крка” эмийн компаниуд даатгалын хөнгөлөлттэй эмийн худалдаа болон хүчил төрөгчийн коктейлээр үйлчилжээ.