Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцэн байгуулагдаж, хөл дээрээ тэнцсэн томоохон компаниудын нэг нь “Номин холдинг”. 1990-ээд оны эхэн үеийн “Номин” хоршоо өдгөө худалдаа, үйлдвэрлэл, барилга угcралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Монголдоо томд тооцогдох холдинг компани болжээ. Тус компанийн ерөнхий захирал Ш.Баатарсайхан “Одоогийн татварын шатлалын хэмжээ “тааз” болсон.
Гурван тэрбум төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжээс 25 хувийн татвар хурааж байна. Иймээс орлогоо гурван тэрбум төгрөгөөс дээш гаргаж, өндөр татвар төлөхгүйн тулд компаниа олон жижиг хэсэгт хуваах, эсвэл хуурамчаар тайлагнахад хүргэдэг. Татварын шатлалыг өнөөгийн нөхцөлд тохируулан өөрчлөх хэрэгтэй” гэж ярьсан. Тэрбээр татвар хураалт тэгш бус, шударга биш байгаад эгдүүцэж явдгаа ч илэрхийлсэн юм.
“Үл танигдагч” жижиг компани орон сууцны барилга барьж, борлуулан зургаан тэрбум төгрөгийн орлого олж буй жишээ үй түм бий. Гэхдээ тэд 25 хувиар тооцон, татвараа төлж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Ихэнх нь хуурамч тайлан гаргаж, татвараас бултаж байгаа нь гарцаагүй. “Хоёр тайлан” гэсэн хэллэг манай нийгэмд хэвшмэл болжээ.
Нэг нь бодит орлого, зарлага, ашгийн тайлан, нөгөөх нь хуурамч. Нягтлан бодогч нар захиралдаа бодит, татварын албанд орлого, ашгаа багасгасан хуурамч тайлангаа хүргүүлдэг. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль хэрэгжсэнээр 34 их наяд төгрөгийн ажил, үйлчилгээнээс татвар хурааж чадаагүй нь тодорхой болов.
Энэ хуулийг батлахдаа найман их наяд төгрөгийн “нууц” ажил, үйлчилгээ ил болно гэж тооцож байсан гэдэг. Тооцоолсноос дөрөв дахин их мөнгө ил гарсан нь татварын баазыг 23 дахин нэмэгдүүлээд байгааг МҮХАҮТ-ынхан тэмдэглэж буй.
Компаниуд “хоёр тайлан” гаргаж байсан нь тоо баримтаар нотлогдож байна. Шударга бус байсан нь маргаангүй болов. Ийм нөхцөл үүссэнд хэн буруутай вэ. Хууль дагаж мөрдөөгүй аж ахуйн нэгжүүдийг буруутгахгүй гэж төрөөс амласан. Харин одоо дахиад тэднийг хуулиас гадуур гишгүүлж болохгүй. Гэхдээ хуулиа дагаж мөрдөхийг шаардаад шүдээ зуугаад дайраад байж боломгүй.
Бизнесмэнүүдэд ч боломжийн ашигтай, өөртөө ч хожоотой алтан дунджийг барьсан системийн шинэчлэл хийх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд 25 хувийн татвар төлөхөөс зугтаад, хуурамч тайлан гаргаад байна шүү дээ. Тиймээс хамгийн түрүүнд хийх ажил нь татварын шатлалыг өөрчлөх юм.
Татварын бодлогодоо шинэчлэл хийх хэрэгтэйг төр олж харсан. Тиймээс татварын ерөнхий хууль, түүнийг дагалдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн шинэ төсөлд 50 сая төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжээс тодорхой хэмжээний хураамж авах, жилд нэг удаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гаргах үүрэг хүлээлгэхээр тусгасан байв.
Мөн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцааж олгохоор заасан байлаа. Харин 1.5 тэрбум төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд 10 хувийн, 10 тэрбумаас дээш борлуулалттай нь 20 хувийн татвар төлөхөөр тусгасан. Мөн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжүүд заавал нягтлан бодогчтой байх шаардлагагүй, мэргэжлийн санхүүгийн зөвлөх компанид захиалга өгч, тайлангаа гаргуулж болохоор тусгасан юм.
Ийм систем бүрдсэн тохиолдолд үйлчилгээ үзүүлсэн компанид аудит, татварын хяналт шалгалт хийх юм байна лээ. Жижиг компаниуд нягтлан бодогч хөлслөн татварын тайлангаа гаргуулдаг жишиг нэгэнт тогтчихоод буй. Жижиг аж ахуйн нэгж нягтлан бодох бүртгэлийн компаниудаар үйлчлүүлэх нь татвараа шударгаар хураах алхам болно гэж бодож байна.
Өмнөд Солонгос, Япон, Америк зэрэг улс ийм хялбаршуулсан, компаниудыг татвараар дарамтлах бус, бойжуулах бодлого баримталсан татварын системтэй аж. Европын холбооныхон компанийн орлого 20 сая евро (50 тэрбум төгрөг) хүрэхэд жижиг, дунд аж ахуйн нэгжид тооцогддог байна.
Орлого нь ийм хэмжээнд хүрсэн компани хуулийн бүх заалтыг биелүүлж, өрсөлдөөнд ордог гэнэ. Дээрхээс бага орлоготой бол хялбаршуулсан системээр татвараа төлдөг аж. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Компани үүсгэн байгуулагддаг, өсөж дэвждэг, бас мөхдөг. Яг хүн шиг байгалийн зүй тогтолтой. Үүсэн байгуулагдангуут нь татвараар дарамталж болохгүй, бойжоод эрийн цээнд хүрэхээр нь татвараа хууль ёсны дагуу хураадаг болох хэрэгтэй. Ингэх нь зөв бодлого” гэж ярив.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд МАН-ынхан төрийн эрх барихаар болсон. Тэд өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан нэлээд хуулийн төслийг буцаан татлаа. Тэдгээрийн дунд татварын орчныг шинэчлэх төсөл бий. Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Алтанзул “2017 оны төсвийн орлогыг төлөвлөхдөө одоогийн хуульд нийцүүлсэн. Хэрэв татварын хуулийг шинэчилбэл 2018 оноос хэрэгжүүлэх байх” гэсэн юм. Тэгэхээр ирэх жилдээ татварын эрх зүйн орчин шинэчлэгдэхгүй нь. Гэхдээ шинэчлэх хэрэгтэй нь туйлын ойлгомжтой асуудал.
Монгол Улс 2006 онд татварын эрх зүйн орчноо шинэчилсэн. Дөрвөн төрлийн татварыг 10 хувь болгон бууруулсан шинэчлэлийг “Дөрвөн 10-ын бодлого” гэж нэрлэдэг. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр татварын таатай орчинтой орны тоонд багтсан юм. Татварын шинэчлэл хийж, жижиг компаниудад хөнгөлөлт үзүүлж, шатлалыг нэмснээр төсвийн орлого багасахгүй. Харин ч бааз суурийг нь өргөжүүлж, төвлөрүүлэх хөрөнгийг нь нэмэгдүүлэх алхам болох юм. Шударга бус систем үйлчлээд буйгаас л аж ахуйн нэгжүүд татвараас зугтаж байна.
Татварын хувь хэмжээг 10 хувь болгон багасгаснаар төсвийн төлөвлөгөө давж биелж байсан түүхтэй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг хэрэгжүүлснээр далд эдийн засгийг ил болголоо. Нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийг буцаан олгох хууль хэрэгжүүлж, үр дүн нь гарч эхэлж байна. Уг хуулийг хэрэгжүүлснээр зах зээл дэх мөнгө хэрхэн эргэлдэж, аль компани ямар хэмжээний орлого олж буй нь тодорхой болно. Араас нь залгуулаад татварын шатлалаа өөрчилбөл шударга татвар төлөгчтэй орон болоход ойртоно.
Хөгжиж буй орнууд 10 жил тутам татварын бодлогоо шинэчлэх шаардлагатай тулгардаг гэж судлаачид үздэг. Учир нь татварын орчин нь эдийн засагтаа “жижигдэх” магадлал өндөр байдаг аж. Монголын эдийн засаг 2006 оноос хойш зургаа дахин томроод байна. Үндэсний компаниуд нүдэн дээр өсөн дэвжсээр байгаа.
Жишээ болгож, “Жүр үр” компанийн хүний нөөцийн газрын захирал Б.Мөнхзулын яриаг хүргэе. Тэрбээр “1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой, 50-иас доош ажилчинтай аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрлэгч гэж тооцох хуультай. Гэтэл манай компани ангиллаараа томд тооцогддог. Хэн ч манайхыг том аж ахуйн нэгж гэж хэлэхгүй. Хар захын худалдаачин л 1.5 тэрбум төгрөгийн орлого олдог болсон өнөө үед жижиг, дунд үйлдвэрлэгч гэж тооцох шалгуурыг өндөрсгөх хэрэгтэй” гэсэн юм. Эдийн засаг өсөж, дээл нь жижигджээ. Одоо эдийн засагт шинэ дээл хэрэгтэй.