“Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 270 дугаар тогтоолын дагуу энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгодог томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон тусгай мэргэжилтний нэмэгдлийн 70 хувиар тооцон олгож байна.
НҮБ-ын Ерөнхий ассембелийн 2014 оны А/68/918 дугаартай тогтоолоор НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийн хэмжээг сарын 1332 ам доллараар тогтоосон байдаг.
НҮБ-аас олгодог дээрх нөхөн төлбөр 10 дугаар сард НҮБ-аас орж ирснээс шалтгаалан 2016 оны 9 дүгээр сард эх орондоо ирсэн 3 цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад олгох энхийг дэмжих ажиллагааны томилолтын цалин түр саатаад байсан.
Тус санхүүжилт нь Монгол банкны ам долларын данснаас Сангийн яамны улсын төсвийн хөрвүүлгийн дансаар дамжин БХЯ-ны төгрөгийн данс руу шилжихдээ ажлын тодорхой шат дарааллыг дамжин хэрэгжиж байна.
Дээрх 3 цэргийн багийн цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны томилолтын цалинг Монгол банкны албан ханшаар буюу 1 ам долларыг 2232 төгрөг /9 дүгээр сард татагдсан ханш/, 2287 төгрөг /10 дугаар сард татагдсан ханш/-өөр тус тус тооцон 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр олгосон.
Цаашид цэргийн алба хаагчдын гадаад томилолтын цалинг Засгийн газрын 2011 оны 270 дугаар тогтоолын дагуу олгох ажил хэвээр үргэлжлэх юм.