Намрын эхний жихүүн өдрүүд багачуудын дархлааг сорьж, эмнэлэг дүүрэн “зочинтой”, ээж, аавууд эмийн сангаар эргэлдсэн аравдугаар сар дундаа орлоо. Зуны гурван сар гэлтгүй жилийн турш, аль ч үед дархлаагаа дэмжиж, биеэ хамгаалж байхгүй бол өвчинд ээрүүлж, олсон хэдээ эм, тарианд өгөөд дуусна гэдгийг хэн хүнгүй л мэдэх болж.
Мэдлэг муутай залуу эцэг, эхчүүд, хайхрамж муутай нэг хэсэг нь ийм дайрлагад их бүдэрнэ ээ. Хашир нөхдүүд бол аль эрт, аньсны навч, нэрс, чацаргана нөөцөлж, биеийн эсэргүүцлээ хамгаалчихсан байгаа. Түүнээс гадна хэт биеэ бэгнэхгүй, хүйтэн жихүүнийг даах бядтай болох ч зүгээр.
Ханиад энгийн өвчин хэдий ч хүндэрч, муудвал амь насанд ч хүрч мэдэх аюултай. Хүн болгон ханиад хүрдэг, халуурдаг гэж бодоод тоохгүй байж болохгүй. Мэдээж дархлаа сайтай бол энэ болгоны цаана ажралгүй л гарна.
Дөрвөн улиралтай, эрс тэс цаг ууртай эх орондоо амьдарч байгаа хэрнээ намрын намарт барьц алддаг залуу, хэнэггүй эцэг, эхчүүдтэй адилхан өөр нэгэн хайнга “нөхөр” бол манай Төрийн эрх баригчид. Өөрсдийн түгээмэл эрх ашгаа дээгүүрт тавьсан эрхмүүдэд соёлын дархлааны тухай ярихад төдийлөн ухаж ойлгохгүй.
Эсвэл бодлогын баримт бичиг батлаад л нам дарчихна. Энэ бодлогоо хэрэгжүүлэх, үргэлжлүүлэх уялдаа холбоотой ажил хийхгүй нь даанч харамсалтай. Нэг Засгийн газар нь бие даасан Соёлын яам байх хэрэгтэй гэж үзээд ССАЖЯ байгуулахад жил гаруйхны дараа бүтцийн өөрчлөлт хийж, шинэ яамаа татан буулгачихна.
Соёл хэмээх бие даасан асар том ойлголт, агуулгаар дамжуулан бид ирээдүйн хөрөнгөө босгож, хүчирхэг улсынхаа суурийг бат сайн тавих боломжтой. Энгийн нэгэн судлаачаас том хүрээлэн, судалгааны байгууллага хүртлээ л энэ бүхнийг мэддэг, ойлгуулахыг хичээж, нойр хоолоо умартан ажилладаг ч хэрэгжүүлэх явцад хэнд ч тоогдохгүй болж, ямар ч дэмжлэг хүртэж чаддаггүй болохоор гар мухардан “хээр хонодог”.
Саяхны нэгэн өдөр “Херо” энтертайнментын найруулагч Б.Баатар “Г.Жамъян хуурчид зориулан Өвөрмонголд хөшөө босгожээ” хэмээн жиргэсэн байв. Лавлан сонирхвол энэ хөшөөг дөрвөн жилийн өмнө Өвөрмонголын алдарт хуурч Чибулагийн санаачилгаар түүний байгуулсан сургуулийн өмнө босгосон юмсанж. Жирийн малчны гэрт байсан хуурыг тайзнаа гаргаж, өрнийн сонгодог хөгжим хүртэл тоглож болох дэг сургууль бий болгосон алдарт хуурч Гомбодоржийн Жамъянд зориулан монголчууд хөшөө босгоогүй байтал урд хөршийнхөн амжчихсан нь энэ.
Түүнээс гадна Өвөрмонголд морин хуурын хэлбэртэй замын гэрэл, гүүрний чимэглэл гээд хаа сайгүй. “Энэ ширэн цартай хуур өвөрмонголчуудынх, цаашилбал БНХАУ-ын нэгэн орны өв соёл юм шүү” гэдгийг илэрхийлж, тийм ойлголтыг хол, ойрын зочин, гийчинд төрүүлэх бүхэн бий. ӨМӨЗО-нд “Чингисийн онгон” хэмээх газар байгуулж, жуулчдын хөл тасардаггүй болсныг бид мэднэ.
Монголчуудын зарим нь тэр газрыг очиж үзсэн л байгаа. Өчүүхэн сэжмээр их хаантай холбогдсон байж болзошгүй зүйлсийг л тэд ийн алдаршуулж чадсан байна. Их гүрний бодлого ийм. Угаас соёлын дархлаагаа сайжруулж, түүнийгээ түгээн дэлгэрүүлж, өөрсдийн бахархлаа бий болгож, хүчирхэг байдлаа гайхуулах гэсэн улс орон бүр соёлын бодлогоо нарийн боловсруулж, түүнээс улбаалан кино, зохиол, дуу, уран бүтээл гэх мэт контентын бодлогоор хөхиүлэн дэмжиж, цааш түгээдэг.
Үүнийг монголчууд мэдэхгүйдээ хийхгүй байгаа юм биш. Өнгөрсөн зууны 70 жилийн түүхийг бид хэрхэн бахархан ярьж, ямар олон уран сайхны болон баримтат киногоор тархиа цэнэглэн бүтээн байгуулалтаа магтан дуулж байлаа. Тэр үетэй харьцуулахад ямар нэгэн зүйлд хавчигдаж, баригдалгүйгээр бахархах түүх, хамгаалах ёстой өв соёлоо түгээн дэлгэрүүлж, түүгээрээ дамжуулан хүч чадал, сүр хүч, нэр хүндээ өсгөх боломж байгааг л сануулах гэсэн юм.
Археологийн судалгаа хийхэд зориулан улсаас төсөв, хөрөнгө өгч чадахгүй бол багш оюутнууд өөрсдөө мөнгө гаргаж хийдэг, уран бүтээлчдийг дэмжихгүй болохоор нь цалингүй шахуу ажилладаг, өв соёлоо хамгаалахгүй бол сайн дураараа түүнийг нь хийчихдэг ийм л нэг өрөвдмөөр, ямар нэгэн хариуцах эзэнгүй, хэн нэгний сэтгэлийн очоор “тэжээгддэг” хачин тогтолцоо Монголд бий болчихож.
Хөрөнгө, мөнгөгүй улсын зовлон их юм аа. Монгол Алтайн нуруу болон Ховд орчмоос олдсон археологийн олдворын дийлэнхийг өөрсдөө судалж дийлэхгүй Турк улсын дэмжлэгийг авч байна. Мэдээж Монголын газар нутаг дээр оршин тогтнож байсан Түрэгийн үеийн олдвор тэндээс олддог нь дэмжлэг авахад тус болдог ч өөрсдөө судалгааны эргэлтэд оруулж чаддаггүй балгаасаа болж түүхийн мөр жимийг их, бага ямар нэгэн байдлаар хэлбийлгэдэг байхыг үгүйсгэхгүй. Учир мэдэх, судлаач эрдэмтэд ч ийм зүйлд хашир ханддаг юм билээ.
Эдүгээ “Алтай ятга” хэмээн алдаршсан хөгжмийн зэмсгийг хэдэн жилийн өмнө илрүүлж, VII зууны үед Монголын газар нутагт оршин тогтнож байсан Түрэгийн үеийнх болохыг нь тогтоосон. Эх олдворыг сэргээн засварлаж, судалгаа хийх боломж нь германчуудад эхэлж олдсон нь бас эмгэнэлтэй.
Монголын уламжлалт өв, соёлын талаар нарийн сайн мэдлэггүй судлаачид тайлан мэдээлэл бэлтгэхдээ энэ хөгжмийн зэмсгийг өрнийн босоо ятгатай ижилсүүлэн тайлбарлаж, өнцөгт ятга хэмээн тогтоосон нь бий.
Азаар “Монголын хөгжмийн товчоо” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Ганпүрэв санаачилга гаргаж, хөгжмийн зэмсгийг сэргээн нутагшуулж, төрийн ёслол хүндэтгэлийн бэлэг дурсгалын нэг болгон, өмнөд, хойд хөршийнхөө Төрийн тэргүүнд бэлэг болгон илгээж чадсанаар “Алтай ятга” Монголынх хэвээрээ үлдсэн.
“Адидас”-тай монгол эмэгтэйн тухай бас бид хэсэг шуугисан. Судалгааны ажил хийгдэхийн зэрэгцээ Түрэгийн үетэй холбоотой иймэрхүү олдворыг Туркийн экспертүүдтэй хамтран судалж, цаашид музей байгуулан аялал жуулчлалын эргэлтэд оруулна хэмээн салбарынхан нь үзэж буй юм билээ.
Хэдий хүртэл алгаа тосож, бусдаас хөрөнгө, мөнгө тусламж царайчилж, тэр хэрээрээ өөрсдийнхөө өв соёл, уламжлал бүхнээ бусдынх юм шиг өмчлүүлэх вэ. 1996 онд батлагдсан Соёлын тухай хууль, дөрвөн жилийн өмнө УИХ-ын тогтоолоор баталгаажсан Төрөөс соёлын тухай баримтлах бодлого зэрэгт энэ тухай дурдаж, хамгаалах ёстойг нь сануулсан байдаг ч нэгдсэн бодлого чиглэлтэйгээр дэмжиж ажилласан нь үгүй.
Жангар туулийг ЮНЕСКО-д бүртгүүлэх гээд хятадууд хичээж байна гэж нэг хэсэг шуугиад л нам жим болсон. Гэтэл тухайн үеийн давалгааны үед бүтээсэн өвөрмонгол зохиолчтой хүүхэлдэйн кино Монголд гарахад бэлэн болчихоод л байна.
Өөрсдөө хийж бүтээж чадахгүй байгаа учраас бусдынхыг хүлээн зөвшөөрч, аялдан дагалдахаас өөр аргагүй байдалд орж, соёлын колони болсон монголчууд л хөөрхий юм даа. Нэг л өдөр бид Өвөрмонголд очиж Чингис хааны түүхийг яриулж, тэнд очиж уртын дуу, морин хуур, хөөмий сонсдог болчихвол юутай гаслантай вэ.