“Би байгальд хог хаяхгүй”. Энэ үг танд танил сонсогдож буй биз. Магадгүй та хэдэн зуун, мянган найзынхаа өмнө ийм тангараг өргөсөн ч байж мэднэ. Олон нийтийн сүлжээнд эрчээ аваад буй ийм давалгааг хэн, хэдийд санаачилсныг мэдэхгүй ч түүнд талархъя.
Та 800 мянган хүнийг эгнээндээ нэгтгэжээ. Агаар, хөрсний бохирдол толгойн өвчин болсон энэ үед иргэдийн тархинд экологийн “үр” суулгаж, орчноо бохирдуулахгүй амьдрахыг уриалсан таны санаачилгад байгаль ээж ямар их баярлаж байгаа бол. Хэрвээ тэр ярьж чаддаг бол “Баярлалаа” гэж хэлэх байсан.
“Би байгальд хог хаяхгүй” гэсэн уриаг сонгуульд нэр дэвшигчдийн хий хоосон амлалт мэт харагдаж байна гэж шүүмжлэх хүмүүс ч байна. Зарим нь “Би байгальд биш, өөр газарт хог хаяна”, “Нэг удаа хог хаяхгүй” гэж хэлснээс ялгаагүй учир “Би байгальд хог хаядаггүй, та ч битгий хаяарай” гэвэл зохимжтой хэмээсэн байхад “Хог хаяад хэвшчихсэн хүн өөрчлөгдөхгүй. Түүний оронд цэцэрлэг, сургуулийнханд ухуулга хий” гэж үгүйсгэх нь ч байх юм.
Хэлэх амархан, хэрэгжүүлэх хэцүү ч муу зуршил, хандлагыг өөрчлөх боломж бидэнд бий. Өчигдөр та гудамжинд хог хаясан бол өнөөдөр түүнийгээ бүү давт. Хэн нэгний хаясан хогийг ч авчихдаг байх соёлд суралц. Харин бүх зүйлийг хараар будаж, замхруулах гэж оролддог хүмүүсийн нөлөөнд бүү автаарай гэж захья.
Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг учир “Би хог хаяхгүй” давалгаанд нэгдсэн найзууд минь экологийн доройтолд бүү хөрөнгө оруулаарай. Давалгаанд нэгдэх саналыг хэн нэгэн танд илгээгээгүй ч “Эрүүл мэнд, ирээдүйнхээ төлөө байгальд хог хаяхгүй” гэж өөртөө амлаад хэрэгжүүлээрэй.
Цаг хугацаа бардаг мангас, амьд харилцааг үгүй хийгч хэмээн байнга шүүмжлүүлдэг “найзыгаа” ганц удаа өмөөрчихье. Нүүр номын найзуудыг минь ухааруулж буйд баярлалаа. Овоо доо, миний найзууд.