Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолт “UG аrena”-д амралтын өдөр эхэлнэ. Энэ удаа эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн зургаан баг өрсөлдөх нь. Эл улиралд багийн тоглогчид аялан тоглолт анх удаа хийхээрээ онцлогтой. Тухайлбал, Дархан-Уул аймгаар овоглосон “Дархан юнайтед” багийнхан нутагтаа улирлын тоглолтыг хүлээн авах юм.
Монголд 1994 онд дээд лигийн тэмцээн зохион байгуулсан түүхтэй. Тэр үед “1+11”, “Азийн чоно”, “Генералууд”, “Алтайн бүргэдүүд”, “Монсоник”, “Угалзын цөөврүүд”, “Хөх тэнгэр” гэсэн долоон баг өрсөлдөж байв. Дээд лигийн тоглолтын салхийг эрэгтэйчүүдээс “BHC knights”, “Дархан юнайтед” багийнхан 13.40 цагт хагалах хуваарьтай. Тэдний дараа эмэгтэйчүүдээс “Амазонс”, “Хасын хүлэгүүд”-ийн тоглогчид 16.10-т өрсөлдөнө. Дараа нь “Хасын хүлэгүүд”, “Бишрэл металл”-ынхантай 18.40 цагт тоглоно.