БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадмыг ирэх жилийн хоёрдугаар сарын 7-14-нд зохион байгуулна. Азийн олимпын зөвлөлийн ивээл дор дөрвөн жилд нэг удаа болдог уг наадамд 34 улсын баг тамирчид оролцох аж. Наадамд оролцох орнуудын багийн ахлагч нарын хурал болж, тамирчид, хүндэт зочид, хэвлэл мэдээлэл болон хөгжөөн дэмжигчдийг хэрхэн хүлээн авах, байрлуулах, тэмцээн үзүүлэх, тээврийн үйлчилгээ, харуул хамгаалалт, эмнэлэг, сэргээшийн хяналт, мандат бүртгэл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцжээ. Зохион байгуулах хорооноос бэлтгэл ажлын явцыг танилцуулж, холбогдох газар, нэгжээс хийж байгаа ажлын тайлан, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тамирчдыг Харбин болон Яабули хотод (190 км зайтай) байрлуулж, “Викториес”, “Бейдахуан” зочид буудлыг тамирчдын тосгон хэлбэрээр ашиглах гэнэ.
Өвлийн спортын ордон шинээр барихгүйгээр тус хотод 1996 онд болсон Азийн өвлийн III наадам, 2009 онд зохион байгуулсан дэлхийн оюутны спортын универсиадын спортын байгууламжуудыг ашиглахаар бэлтгэж буй аж. Азийн өвлийн спортын IX наадамд Монголын баг биатлон, цана, тэшүүр, шорт трейк, уулын цана, хоккей, фристайл, снөүборд, кёрлинг, уран гулгалтын төрөлд оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсын төлөөлөгчдийн ахлагчаар Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан ажиллах юм.