Франц улсын Лион хотод зохион байгуулсан “Дэлхийн ур чадвар-2024” уралдаанд манай улсын баг амжилттай оролцож, хоёр суралцагч тусгай байрт шалгарлаа. Улаанбаатар хотын цагаар энэ сарын 11-ний 01.00-т нээсэн, ур чадварын хамгийн том тэмцээнд 62 орны 1400 залуус өрсөлджээ. Нээлтэд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон оролцож, тэмцээнийг зохион байгуулахын тулд шаргуу ажилласан хүмүүст баяр хүргээд, оролцогчдод амжилт хүссэн юм.
Манай улсаас мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын долоон суралцагч ур чадвараа сорьж, дэлхийн залуустай эн тэнцүү өрсөлджээ. Үүнээс хоёр суралцагч 700 онооны босго давж, шагналт байрт шалгарсан байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Политехник коллежийн суралцагч Б.Чухал гагнуурын төрөлд оролцож, 704 оноо авчээ. Мөн токарь мэргэжлийн төрөлд оролцсон Барилгын политехник коллежийн суралцагч А.Нямбаяр 701 оноо авсан байна.
Түүнчлэн тогооч, сантехник, мужаан, өрөг угсралт, цахилгаанчин мэргэжлийн төрөлд оролцсон таван суралцагч 700 оноотой ойр, өндөр гүйцэтгэлтэй шалгуулжээ. Сонирхуулахад, БНХАУ, БНСУ, Япон Улс, Бразил, Франц, Энэтхэг зэрэг 26 орны залуус медалийн болзол хангасан байна.