"Хулан хонгор" дууг зарим уран бүтээлчид чинийх, минийх гэж булаалдаж, марган, сошиал орчинд бүүм үүсгэсэн. Өдгөө уг уран бүтээлийн аяыг зохиосон нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагд, шүлгийг бичсэн МУСГЗ Д.Цэдэв, дуугаа өгсөн МУГЖ Ж.Нансалмаа гурвуул бурхан болсон.
Саяхан дуучин Д.Бурмаа, Э.Мөнгөнчимэг нар “Хулан хонгор” дууг дуулах эрх дээр маргалдсан байдаг. Тэгвэл тус дууг тодорхой шийдэл гартал ямар ч дуучин дуулахгүй байхыг мэдэгдлээ. Тодруулбал, “Хулан Хонгор” -ыг ямар ч дуучин дуулах эрхгүй болсон талаар Нэрт хөгжмийн зохиолч Г Дарамзагдын охин Оюун мэдэгдлээ.
Тэрбээр: “Эрхэм дуучдын анхааралд:
Үг. Д.Цэдэв, Ая. Г.Дарамзагд нарын зохиосон “Хулан хонгор” дууг тодорхой шийдэл гартал ямар ч дуучин дуулахгүй байхыг мэдэгдье!!!
Энэ шийдвэрийг зохиогчдын эрхийг хамгаалах байгууллага тун удахгүй гаргах юм байна!!!
Таагүй мэдээлэл хийсэндээ уучлал хүсье!!! Та бүхэн уран бүтээлчдийн оюуны хөдөлмөрийг хүндэтгэн үзнэ гэдэгт найдаж байна! Энэ дууг зөвшөөрөлгүй дуулсан тохиолдол гарвал бичлэг хийж явуулна уу хэмээн үзэгчдээс хүсье!!! гэжээ.