Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд монгол зургийн мастер, “марзан” хэмээх Б.Шаравын “Үрс гарч байгаа нь” бүтээлийг эх хувилбараар нь дэлгэн үзүүлж буй аж. Энэ нь түүний “Монголын нэг өдөр” зургийн нэгэн хэсэг бөгөөд эдгээрийг цуврал бүтээлгэж үздэг юм байна. Монголчуудын ахуй, аж байдлын тухай дүрсэлсэн, тухайлбал, гүү барих, унага тамгалах, зэл орчимд буй хүмүүсийн хоорондын харилцаа гээд монгол хүмүүсийн өдөр тутмын амьдралын агшнуудыг харуулсан уг бүтээлийг анимейшн буюу хөдөлгөөнд оруулсан хэлбэрээр үзэгчдэд хүргэж буйгаараа онцлогтой. Тус музейн зүгээс хэрэгжүүлсэн урлагийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд зургийн хэсгүүдийг хөдөлгөөнд оруулсан ажээ. Уг зургийг 1995 онд Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэжээ.