Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, “Хуримтлалын сан”-ийн хүрээнд хэрэгжих орон сууцжуулалтын тогтвортой санхүүжилтийн төлөвлөлтөө ярилцжээ. Ипотекийн зээлд өнгөрсөн хугацаанд 8.9 их наяд төгрөг зарцуулж, 130 мянган өрхөд олгосон.
Гэвч 2023 оны байдлаар 996.9 мянган өрхийн 71 хувь нь орон сууцгүй байна. Дэлхийн банктай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлттэй, ариун цэврийн байгууламжаа бүрэн шийдсэн амины орон сууц нэмэгдүүлэх боломжийн талаар судалгааг хийлгэсэн.
Тиймээс цаашдаа ипотекийн зээлийг дан ганц өндөр орон сууцанд зарцуулах биш ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ хүсэлтэй иргэдэд олгох гэнэ.
Мөн орлогод нийцсэн хүртээмжтэй орон сууцны хөтөлбөрт анх удаа байр авч байгаа залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл зэрэг ЗОРИЛТОТ БҮЛЭГ-ээ түлхүү хамруулах аж.
Ирэх жилүүдэд ипотекийн санхүүжилт, зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, амины орон сууцны стандартыг шинэчилж ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ болгох боломжийг бүрдүүлэх, шаардлагатай дэд бүтэц, цахилгаан хангамжийг нэмэгдүүлж, аймаг, орон нутагт олгох ипотекийн зээлийн ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ажиллаж байна.