Хүйтний улирал эхэлж буйтай холбоотойгоор иргэд угаарын хийд хордсон тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Энэ сарын 22-нд 2-80 насны 25 иргэн угаартсан юм. Тэдний 12 нь бага насны хүүхэд байв. Мөн хэд хоногийн өмнө Баянзүрх дүүргийн XX хороонд нэг гэр бүлийнхэн угаарын хийд хордож, эрчимт эмчилгээнд оржээ. Энэ талаар НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшингээс тодруулахад “Хүйтний улиралд угаарын хийд хордсон гэх дуудлага нэмэгддэг. Гэхдээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад угаарын хийд хордсон дуудлага 16-18, нас барсан тохиолдол 33 хувиар буурсан. Айл өрхүүд угаарын хийн мэдрэгчийг заавал хэрэглэх шаардлагатай байна. Хэрэв нүүрстөрөгчийн дутуу исэл илэрч, угаарын хийн мэдрэгч анивчиж дуугарвал зуух, пийшин, яндангийн битүүмжийг шалгаж, агаар оруулах шаардлагатай” гэв.
Ташрамд дуулгахад, улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 89 дуудлага бүртгэгдсэн байна. Үүний 63 нь ахуйн гал түймэр байжээ. Ослын улмаас дөрвөн хүн нас барсны нэг нь хүүхэд аж.
Ч.ТУЯА