Монгол орны говь талын өргөн уудам нутагт олон зууны турш тархан байршиж асан тахь адуу XIX зууны эхээр зөвхөн Алтайн баруун бэл, Зүүнгарын говийн урд хэсэг Байтаг богд, Хавтаг, Тахийн шар нурууны ар хөндийн өргөн талд сүргээрээ амьдарч байжээ.
1890-ээд оны дундаас Зүүнгарын говийн районоос Европын амьтны хүрээлэнгүүдэд аваачихаар тахийн унага барих ажил эхэлсэн байна. Аскани-Нова, Герман улс руу хэд хэдэн удаа зөөвөрлөж, нийт дүнгээр 60 гаруй унага аваачжээ. Ингэж хэдэн жил үргэлжилсэн унага барих үйл ажиллагааны үеэр сүргийн бүтэц алдагдсан аж. Мөн 1940-1950 оны үед Монголын баруун хилээр орогнож байсан дээрэмчид тахийг олноор нь агнаж, хүнсэндээ хэрэглэдэг байсан нь уг амьтан устахад хүчтэй нөлөөлсөн байдаг.
Монголоос гадаадын орнуудад аваачсан тахийн үр төл нэлээд олширсон. Одоогийн байдлаар 27 улсын амьтны хүрээлэнд 1000 гаруй тахь байгаа боловч тэд тэжээвэр амьтны адилаар амьдарч, цус ойртолтын коэффициент нь жил ирэх тусам ихсэж, өсөлт нь буурч, хорогдол нэмэгдсээр буй. 1980-аад онд нийт амьтны хүрээлэнгийн унаганы хорогдол 15-29, хоёр нас хүртэлх тахийн хорогдол 42 хувьд хүрсэн нь олон улсын эрдэмтдийн анхаарлыг ихэд татаж, сэтгэлийг нь зовоосон хүнд асуудал болж байв. Ийм учраас зэрлэг тахийн удмыг таслахгүйн төлөө нэн яаралтай шийдвэрлэх цорын ганц арга нь буцааж зэрлэгшүүлэх гэдэгт эрдэмтэд санал нэгджээ. Улмаар 1976 онд Будапешт хотод зохион байгуулсан олон улсын эрдэмтдийн бага хурлаар тахийг Монгол Улсад нутагшуулах асуудлыг хэлэлцэж, газар нутгийг зөв сонгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн түүхтэй.
1985 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн салбараас Москва хотод 11 улсын 37 эрдэмтнийг хамруулсан зөвлөгөөн зохион байгуулахад Монголын төлөөлөгчид оролцсон бөгөөд тахийг монгол нутагт нь аваачихыг санал нэгтэй баталжээ. Энэ чухал үйл хэрэг амжилттай болбол зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд устахад ойртсон бусад нэн ховор амьтныг нутагшуулан аврахад үлгэрчилсэн загвар болно гэж үзэж байв.
Монголд тахь сэргээн нутагшуулах газар нутгийг сонгохын тулд 1988-1990 онд олон улсын эрдэмтдийн баг Дорнодоос Зүүнгарын район хүртэл олон газрыг үзэж судалжээ. Ингээд цаашид зэрлэгшүүлэн нутагшуулахад сүүлчийн бодгаль нь амьдарч байсан Зүүнгарын говийн район Алтайн баруун говь тохиромжтой гэж шийдсэн юм. Мөн ойт хээрийн бүсэд Хустайн нурууг тахь нутагшуулах хоёр дахь газраар сонгож, холбогдох бэлтгэлийг хангахаар шийдвэрлэсэн билээ. Хустайн нуруу нь Улаанбаатар хотоос 100 км гаруй зайтай, ус, бэлчээр сайтай, өвс, тэжээлээр хангахад хялбар, төв, суурин газар болон зам харгуйд ойрхон, хүн хүч төвлөрүүлэн ажиллаж, гадаад, дотоодын аялагч жуулчдыг татаж, өргөн хүрээтэй ажиллах боломжтой, эрсдэл багатай нутаг гэж үзсэн.
Харин Зүүнгарын говийн район нь Улаанбаатар хотоос 1400 км гаруй алслагдсан, ямар ч төв суурин газар, дэд бүтэц байхгүй. Тэнд гагцхүү тахийн сүргийг өргөн уудам чөлөөтэй бэлчээрт нутагшуулж, зэрлэг удмын зан төрхийг аль болох богино хугацаанд сэргээх зорилготой байсан юм. Энэ шийдвэрийг Монгол Улс дэмжиж, Сайд нарын зөвлөлийн 1990 оны гуравдугаар сарын 20-ны 17 дугаар захирамжаар Тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулах үндэсний комиссыг анх байгуулсан. Жилийн дараа Засгийн газар солигдсон тул дээрх комиссыг шинэчлэн баталж, даргаар нь Байгаль орчны хяналтын улсын хорооны дарга З.Батжаргалыг, орон тооны нарийн бичгийн даргаар О.Доржрааг томилж байв.
Тахийг сэргээн нутагшуулах нь ихээхэн хөрөнгө зарцуулах, амар хялбар ажил биш. Мөн уг ажил Монгол Улсын нийгэм, эдийн засгийн шилжилтийн эхэн үетэй давхацсан. Тиймээс улс санхүүгийн бололцоогүйн улмаас байгальд элэгтэй дотоод, гадаадын хувь хүмүүс, хамт олон, байгууллагыг олж түшихээс өөр арга байгаагүй.
Ийнхүү Хустайн нуруунд тахь нутагшуулах үйл ажиллагааг Монголын байгаль орчныг хамгаалах холбоо нь Нидерландын Тахь хамгаалах сантай, Зүүнгарын говийн тахь нутагшуулах ажлыг ХБНГУ-ын иргэн Кристиан Освальдын сантай тус тус хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж, тэдний санхүүгийн дэмжлэгтэйгээр гадаадын амьтны хүрээлэнгүүдээс тахь авчрах ажлыг гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. Тахь нутагшуулахаар сонгосон хоёр газар нутаг дахь бэлтгэл ажлыг 1991 онд бүрэн хангаж байв. Дэлхийн байгаль хамгаалах тэмдэглэлт өдөр 1992 оны зургаадугаар сарын 5-нд Нидерландын Тахь хамгаалах сангийнхан Хустайн нуруунд 15, ХБНГУ-ын Кристиан Освальдын сангийнхан Говь-Алтай аймгийн Бижийн голын аманд таван тахийг онгоцоор тээвэрлэж ирсэн. Монголд тахь нутагшуулах ажил ийнхүү эхэлсэн түүхтэй. Үүний дараа 2004 онд Франц улсын Тахь хамгаалах сангийнхан Завхан аймгийн Хомын талд 12 тахь авчирсан. Эдгээр гурван нутагт хэд хэдэн удаа тахь нэмж авчирсан юм. Тахийг уугуул нутагт нь ийнхүү амжилттай сэргээн нутагшуулсан нь зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд загвар болсон, түүхэн үйл явдал байлаа. Тодруулбал, битүү туурайтан амьтныг анх удаа сэргээн нутагшуулж, зэрлэг шинж байдалд нь эргүүлэн оруулсан чухал ач холбогдолтой анхны бодит загвар, ажил болсон юм. Амьтны аймгаас устах аюулд орсон нэгэн төрөл зүйлийг авран хамгаалж буй үйл хэрэг нь Монгол Улсын байгаль орчныг хамгаалах үндэсний төдийгүй олон улсын ач холбогдолтой, үлгэр жишээ үйл хэрэг.
Монгол түмний шүтээн, тахилга сүлдэндээ мөнхөлсөн адууны өвөг тахь хэмээх нэгэн зүйл амьтан эх нутгаасаа алсран одож, улмаар дэлхийн амьтны аймгийн нэгэн судсан хэлхээнээс үр удам нь тасрахын өмнөхөн ийнхүү уугуул нутаг Монгол оронд нь сэргээн нутагшуулсан юм. Энэ нь олон хүний хүчин зүтгэлийн үр дүн билээ. Эдүгээ Хустайн байгалийн цогцолбор газар, Говийн их дархан цаазат газрын Б хэсэг, Хомын талын байгалийн цогцолбор газрын гурван популяцад 1000 гаруй тахь өргөн уудам бэлчээрт чөлөөтэй идээшилж, зэрлэг удам нь сэргэсээр байна.
Манай орны ойт хээр, хээр, говь цөл зэрэг байгалийн ялгаатай бүс нутагт тахийн гурван популяцыг бий болгосноор түүний зэрлэг удам устахаас бүрэн хамгаалж, хооронд нь сүрэг солилцож, цус сэлгэх боломж бүрдсэн. Задгай бэлчээрт суллан тавьсан тахиуд нь богино хугацаанд зэрлэг зан төрхдөө шилжиж, эзэмшил нутгаа жил бүр тэлж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг хүний дэмжлэггүйгээр өөрийн зөн совингоор мэдэрч, гаднын элдэв халдлагаас хамгаалах чадвар нь сайжирч байна. Өөрөөр хэлбэл, орооны үе, унагалах хугацаа нь байгалийн горимд шилжиж, гүүний хээл авалт, унагалалтын хувь нь жилээс жилд нэмэгдэж байгаа зэрэг нь тахь зэрлэгшиж буйн баталгаа юм.
Тахийг сэргээн нутагшуулсан ажил нь олон улсын практикт туурайтан том хөхтөн амьтныг байгальд эргүүлэн зэрлэгшүүлж буй анхны амжилттай туршилт болсон билээ. Хүний гар доор 100 гаруй жил идээшсэн амьтан эрс тэс уур амьсгалтай, зөвхөн байгалийн бэлчээрээр амьдрах өвөрмөц онцлогтой шинэ нөхцөлд дасан зохицох, нутгаа сонгох, сүрэг бүрдүүлэх байдал, зан араншингийн өөрчлөлт зэрэг олон асуудлыг цогцоор нь судалж, шинжлэх ухаанд мэдээлсэн.
Уугуул нутагт нь тахийг сэргээн нутагшуулснаар судалгаа шинжилгээний ажлын шинэ чиглэл нээгдэж, тахь судлалын үндэсний мэргэжилтнүүдтэй болж, биологи, экологийн чиглэлээр тахийн судалгааны олон бүтээл хэвлэлд нийтлэгдэж, нийтийн хүртээл болсон. Өөрөөр хэлбэл, тахь нутагшуулж байгаа газрууд нь үндэсний болон гадаадын эрдэмтэд, судлаачдын “хээрийн лаборатори” болоод байна.
Монгол Улсад тахь нутагшуулж байгаа ажил нь олон улсын эрдэмтэд, тахь сонирхогчдын анхаарлыг ихээр татаж, Швейцар, Нидерланд, Герман, Австри, Чех, Япон, АНУ зэрэг олон орны эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын хамтын ажиллагаа жил бүр өргөжиж буй.
1999 онд Швейцар улсад Олон улсын тахь группийг байгуулж, эгнээгээ өргөтгөн, 2002 оноос Монгол Улсад төлөөлөгчийн газар ажиллуулж, Байгаль орчны яамтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэн ажиллах болсон.
Манай оронд тахь сэргээн нутагшуулах ажлын хүрээнд гадаадын санхүүгийн дэмжлэгтэйгээр олон жижиг төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Тэдгээр нь тахь нутагшуулж буй орчны сумуудын иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд зохих хувь нэмэр оруулсаар байна.
Сэргээн нутагшуулж байгаа нийт тахийн экологи-эдийн засгийн үнэлгээг өнөөгийн үнэлгээгээр тооцож үзвэл 12 тэрбум гаруй төгрөгт хүрнэ.
1960 оны сүүлчээр байгальд зэрлэгээрээ устаж, манай гаргийн зэрлэг амьтны данснаас хасагдахад хүрсэн тахь адууг мөхлийн аюулаас хамгаалж чадсан нь сэргээн нутагшуулах ажлын гол үр дүн юм. Тахь адуу нь НҮБ-ын Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны дүгнэлтээр “байгальд устсан” ангилалд орж байсныг 2008 онд “устаж байгаа”, 2011 онд “устаж болзошгүй” ангилалд оруулж, ховордлын зэрэг нь хоёр ангилал буураад байна. Цаашид “нэн ховор” ангилалд орох боломж бүрдсэн нь энэхүү ажлын үр дүнгийн нотолгоо болно.
Дэлхийн байгаль хамгаалах холбооны Зүйл хамгаалах комисс (SSC)-ын Адуу судлаачдын групп (ESG) “Сэргээн нутагшуулсан зэрлэг тахь зөвхөн Монголд бий” гэж дүгнэсэн нь Монгол Улсын тахь сэргээн нутагшуулж байгаа ажилд өгч буй олон улсын байгууллагын үнэлгээ юм.
Тахь хэмээх нэгэн зүйл том хөхтөн, битүү туурайтан амьтан устах аюулаас аврагдан, удам нь сэргэж, уугуул нутагтаа чөлөөтэй зэрлэгшин бэлчээрлэх болсон нь зөвхөн Монгол Улсын төдийгүй дэлхий дахинд чухал ач холбогдолтой. Ялангуяа шинжлэх ухаан, байгаль хамгаалах үйлсэд бодит үр дүнд хүрсэн бүтээлч ажил болсон гэж олон улсын эрдэмтэд дүгнэж байна. “Байгальд аль хэдийн устсан эртний зэрлэг тахийг устах аюулаас аварч, сүүлчийн бодгаль хоргодож байсан нутагт нь нутагшуулан, зэрлэгшүүлж чадсан ажил байгалийн төрөл зүйл хамгааллын хувьд үнэхээр гайхалтай амжилт юм” гэж гадаадын нэгэн сэтгүүлд нийтэлжээ. Энэ нь төр засгийн зүгээс идэвхтэй анхаарч, олон улсын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан, тэдний санхүүгийн тусламж дэмжлэгийг зөв хуваарилан, үндэсний мэргэжилтнүүд ч амжилттай ажилласны үр дүн билээ.
Байгаль дэлхий, ан амьтнаа хамгаалах буянт үйлс улам өргөжин хөгжих болтугай.
О.Доржраа (Монгол Улсад тахийг сэргээн нутагшуулах үндэсний комиссын нарийн бичгийн дарга асан, Олон улсын тахь группийн хүндэт зөвлөх, Байгаль орчны гавьяат ажилтан)