Дүүргүүдийн Засаг даргад хэн хэнийг нэр дэвшүүлснийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаад аймгуудын Засаг даргад нэр дэвшигчдийг танилцуулъя. Тэдний дунд газрын наймаачин, тендерчин, улс төрийн өндөр албан тушаалтнуудын “гар хөл”, цүнх баригчид цөөнгүй байгааг, орон нутгийн томоохон үйлдвэр, цогцолборыг гацаагч, бүр цаашлаад гэмт хэрэгт шалгагдаж буй нэгэн ч багтсаныг иргэд шүүмжилсээр.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.6-д заасны дагуу аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналыг авсан нэр дэвшигчийг Ерөнхий сайд батламжилснаар Засаг даргыг томилно. Харин аймгуудийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг даргаараа хэн хэнийг сонгоод буйг одоо хүргэе. Нийслэлийн ИТХ-д МАН олонх болж, 45 суудлын 40-ийг нь авсан тул удирдлагыг томилох хуралдаан хэл ам, хэрүүл тэмцэл багатай өнгөрсөн. Тэгвэл зарим аймгийн Засаг дарга нарын “марафон” дуулиан шуугиантай байна.
Засаг дарга Б.Азжаргалыг дахин сонгожээ
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал улиран томилогдох нь тодорхой болжээ. Тэрбээр 2020-2024 онд тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан юм. Түүнийг “Ковид-19”-ийн үед нутаг орноо сахилга баттай “жолоодож”, эмх цэгцтэй, элдэв хэнээрхэлгүй удирдсан гэж иргэд нь сайшаадаг. Тэр ч байтугай түүний цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлаа явуулж буй арга барил, хүнээ бодсон тушаал шийдвэрийг нь нийслэлчүүд хүртэл дэмжиж, алга ташиж байсныг уншигчид мартаагүй биз ээ.
Б.Азжаргал 2002 онд МУБИС-ийг төгсөөд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, 2004 онд Дархан сумын ЗДТГ-т мэргэжилтэн, 2005-2008 онд сумын ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч, 2012 онд Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Дархан сумын Засаг дарга, 2016-2020 онд аймгийн иргэдийн төлөөлөгч, Засаг даргын албыг тус тус хашиж ирэв.
АН-ыг ялуулсан Д.Аюурбунь Хэнтийг удирдана
Их эзэн Чингис хааны Өлгий гэхээсээ илүү Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нутаг гэгддэг Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуулийн дүн олон хүний нүдийг орой дээр нь гаргасныг уншигчид мартаагүй байх. Сонгогчдын саналаар аймгийн ИТХ-д АН ялалт байгуулж, 35 суудлын 18-ыг нь авснаар МАН-ынханд бага ч болов “цочроо” өгсөн болов уу. Тодруулбал, төрсөн нутгийнхан нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт “гэнэтийн бэлэг” барьсан. Уг “үзэгдэл”-ийг олон нийт “МАН Хэнтийгээс баттай “гарна” гэж тооцоолоод сонгогчдодоо мөнгө хялайлгаагүй юм биш үү” гэх мэтээр шоглосон. Харин нутгийн залуус “Энэ удаагийн орон нутгийн сонгуульд хийж бүтээе гэсэн чин зорилго тэмүүлэлтэй, боловсролтой олон залуу, шилдэг боловсон хүчин нэр дэвшсэн. Бид намыг бус, хүнийг нь сонгосон” гэж тухайн үед тайлбарлав.
Тэгвэл тус аймгийн ИТХ Засаг даргаараа Д.Аюурбунийг томилуулахаар нэр дэвшүүлжээ. Тэрбээр өнгөрсөн онд аймгийн АН-ын даргаар сонгогдон, 2024 оны орон нутгийн сонгуульд намаа амжилттай удирдаж, аймагтаа 18 суудал авч, есөн сумд ялалт байгуулсан аж.
Ажилласан түүхийг нь харвал, 2012-2013 онд Хэнтий аймгийн Засаг даргын зөвлөх, 2013-2016 онд “Радио, телевизийн сүлжээ” УТҮГ-ын дэд болон тэргүүн дэд захирал, 2017-2018 онд “Жи мобайл” ХХК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, орон нутгийн гэрээ, хүний нөөц хариуцсан захирал, 2018-2023 онд “Магнай трейд” компанийн хүний нөөц эрхэлсэн захирал, 2020 оноос одоог хүртэл “Хаан ойл групп” компанийг үүсгэн байгуулагчаар ажиллаж буй юм байна.
Дорноговийнхон О.Батжаргалд итгэл хүлээлгэсээр байна
Дорноговь аймгийн төлөөлөгчид Засаг даргад нэр дэвшигчээ тодруулсан байна. Тодруулбал, тус аймгийн Засаг даргад Сайншанд сумын II баг буюу XI тойргоос нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон О.Батжаргалыг дэвшүүлээд буй юм. Тэрбээр МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, “Адептус консалтинг фирм” ХХК-д хуульч, өмгөөлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан аж. Мөн тэрбээр 2016-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2020 оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл Дорноговийн Засаг даргаар ажиллаж буй. Ийнхүү улиран томилогдох нөхцөл бүрдсэн гэсэн үг.
О.Батжаргал Засаг даргаар ажиллах өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Дорноговийг ногоон хөгжлийг цоглоосон, тэргүүлэгч аймаг болгоно гэж зорилгоо тодорхойлж байв. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргадаг аймгуудын өрсөлдөх чадварын индексээр Дорноговь сүүлийн дөрвөн жилд хоёр ч удаа тэргүүлж, мөн удаалж байсан аж. Дэд бүтэцгүй 14 сумаас 12-ынх нь асуудлыг шийдсэн гээд аймгийн оршин суугчид түүнд ам сайтай байдаг юм билээ.
“Газрын наймаачин” М.Идэрбатыг дэмжжээ
Сүхбаатар аймгийнхан ИТХ-ын сонгуулиар АН-ыг ташраар нь сонгож, нийт 25 суудал “өгсөн” бол МАН дөрөв дээр “унав”. ИТХ хуулийн дагуу хурлаа зарлаж, М.Идэрбатыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүллээ. М.Идэрбат нь 2012-2020 онд Баруун-Урт сумын, 2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа аж.
Тэрбээр 2002-2005 онд Сүхбаатар аймаг дахь ШУТИС-ийн салбар сургуульд багш, 2005-2008 онд Угсаатны зүйн музейн захирал, 2008-2012 онд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар тус тус ажиллажээ. Мөн 2008-2012 онд Баруун-Урт сумын ИТХ-ын төлөөлөгч, 2012-2024 онд аймгийн хурлын төлөөлөгч, 2008-2017 онд Баруун-Урт сумын, 2017 оноос аймгийн АН-ын даргаар ажиллаж байна.
Гэвч М.Идэрбат өөгүй хүн биш аж. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий УИХ-ын гишүүний хамаарал бүхий хүнд аймгийнхаа газраас хууль бусаар олгосон байж болзошгүй хэргийг АТГ шалгаж байсан. Мөн хадам дүүгийнхээ нэр дээр их хэмжээний газар олгож, бусдад борлуулсан гээд авлигын өөр хэрэгт ч холбогдож байв.
Сумын Засаг дарга аймагт дэвшив
Орхон аймгийн ИТХ Засаг даргаараа Б.Зоригтбаярыг томилуулах хүсэлт гаргалаа. Тэрбээр төлөөлөгчдийн 51.3 хувийн саналаар ийн тэргүүлсэн байна. Б.Зоригтбаяр Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаар сүүлийн найман жил ажилласан аж. Эдийн засагч, хүн ам зүйч мэргэжилтэй, 2007-2010 онд Жаргалант сумын ХААН банканд эдийн засагч, 2011-2015 онд аймгийн Төрийн банкны тооцооны төвийн захирал, 2012-2020 онд Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч, 2021 оноос одоог хүртэл тус сумын МАН-ын хорооны даргын үүргийг гүйцэтгэж байна.
Д.Зоригтбаярыг Жаргалантыг удирдаж байхад нь Засгийн газраас 2020 онд “Улсын тэргүүний сум”-аар өргөмжилж, гэрчилгээ гардуулж байжээ. Үүнээс өөр сайн, муу гуншин түүний намтарт алга.
Сөрөг хүчний дэмжлэгээр улирсан Сэлэнгийн Засаг дарга
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар төлөөлөгчид Засаг даргад Н.Лхагвадоржийг улираах санал гаргажээ. Тэрбээр өмнө нь тус аймгийн Засаг даргаар томилогдохдоо цөөнгүй асуудалтай нүүр тулсан бол энэ удаад ч хэл ам тойрсонгүй, бас аз од нь ч “хаясангүй”. Тодруулбал, Сэлэнгийн өмнөх Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар 2021 онд ажлаа өгч, оронд нь Н.Лхагвадоржийг томилсон билээ. Гэвч энэхүү хурлын үеэр түүнийг хууль бус томилгоо хийдэг, төрийн өмчийг тендергүйгээр хуваарилдаг, байгалийн баялгийг хувьдаа завшдаг гэх мэтээр иргэд эсэргүүцэн тэмцэж байв.
Энэ удаагийн аймгийн ИТХ-д МАН 19, АН 10, ХҮН нэг суудал авсан билээ. ИТХ-ын анхдугаар хуралдаанаар МАН Н.Лхагвадоржийг “аньж”, өөр хүнийг Засаг даргад нэр дэвшүүлсэн. Харин Н.Лхагвадорж өөрийнхөө нэрийг дэвшүүлж, улмаар сөрөг хүчин болох АН-ынхны дэмжлэгийг авснаар Засаг даргаар дахин сонгогдох болзлоо хангасан юм. Азтай ч гэх үү, айхавтар ч гэх үү ийм нэг томилгоог сэлэнгэчүүд хийв. Нам нь түүнийг бодлогоо сөрсөн хэмээгээд хөөх тухай ярьж, улмаар Н.Лхагвадоржийг АН руу урвах нь гэсэн “бор шувуу” хэдийн ниссэн. Харин өөрөөс нь энэ талаар тодруулахад “Би юу гэж МАН-аасаа гарах билээ. Миний нэр төрийг санаатайгаар гутаах, харлуулах ажиллагаа бишгүй явагдсан ч АН-ын гишүүн болохгүй” гэсэн юм.
Түүний хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахиа сонгогджээ. Сэлэнгийн Мандал сумд төрж, 2007-2010 онд “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2015-2016 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр тус тус төгсжээ. Н.Лхагвадорж нь 2005-2012 онд “Жаврай” ХХК-ийн захирал, 2012-2016 УИХ-ын гишүүний туслах, бие төлөөлөгч, 2011 оноос одоог хүртэл Мандал сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, 2021 оноос аймгийн МАН-ын даргаар ажиллаж байна.
“Тендерийн мангас” Д.Мөнхсайхан Баянхонгорт улиран суух уу
ИТХ-д 29 суудалтай баянхонгорчууд “Засаг ноён”-оороо Д.Мөнхсайханыг томилох шийдвэр гаргав. Аймгийн ИТХ-д гурав дахиа, Засаг даргаар хоёр дахиа сонгогдож буй тэрбээр 2001-2003 онд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын салбарын зохицуулагч, 2003-2005 онд “Монгол шуудан” ХХК-ийн салбарын захирал байснаар нь хүмүүс эчнээ таньдаг. Орон нутгийн засаг захиргааны удирдах алба хаших болсон нь тэртээ 2000 оноос эхлэлтэй аж. Тодруулбал, тэрбээр 2000-2001 онд Баянхонгор аймгийн ЗДТГ-т хүний нөөцийн мэргэжилтэн, 2007-2012 онд Мэргэжлийн хяналтын газрын дарга, 2020-2024 онд Засаг даргаар ажиллаж байв.
Д.Мөнхсайхан 1999 онд ШУТИС-ийн КТМС-ийг бизнесийн удирдлага, 2002 онд Удирдлагын академийг төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн. 2012-2018 онд “Их богд зам” ХХК-ийн захирал, 2018-2020 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн газрын захирлаар ажиллаж байжээ.
Гэхдээ түүний намтар тийм ч “цэвэр” биш. Өмнө нь Засаг даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хууль зөрчиж, хууль бус томилгоо хийсэн нь АТГ-ын шалгалтаар ил болсон. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй, гөжүүдэлсээр хууль бус томилгоогоо хийсэн нь илчлэгдсэн. Түүнийг баянхонгорчууд УИХ-ын дарга асан Г.Занданшатарын “гар хөл” гэх агаад “тендерийн мангас” ч гэж хочилдог юм билээ. Тэрбээр Шинэжинст сумд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Монгол” компанитай байгуулсан 7.5 тэрбум төгрөгийн гэрээний асуудлаар АТГ-т шалгагдаж байжээ. Мөн бичил уурхайн асуудал, “Их Богд зам” компани нь 2012-2018 онд Баянхонгорт зарласан 27 тендерт ялсан зэрэг нь түүнийг ийн цоллоход хүргэсэн байна. Гэсэн ч тэрбээр Засаг даргаар улиран ажиллах л бололтой.
Ерөнхий сайдын зөвлөх Дундговьд “ногоон гэрэл”-ээр гарчээ
Дундговийн ИТХ 29 суудалтай бөгөөд төлөөлөгчид хоёрхон хоногийн өмнө анхдугаар хуралдаанаа хийж, Засаг даргад С.Мөнхчулууныг 100 хувийн саналаар дэвшүүллээ. МАН-ын угшилтай тэрбээр эрх зүйч мэргэжилтэй, бакалавр, төрийн захиргааны удирдлагын магистр, Удирдлагын академийн докторант аж. 2006 оноос “Дамно” ХХК болон “Эн Эй Би” ХХК-д хуулийн зөвлөх, Дундговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга, аймгийн Засаг даргын орлогч, Намын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. 2004 оноос одоог хүртэл Ерөнхий сайдын хөдөөгийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж буй.
Тэрбээр 2012 оноос хойш аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдсон. 2009 оноос нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгэлийн мэргэжилтэн, тус байгууллагын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, МАН-ын бүлгийн дарга, Хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн дарга, мөн ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсныг нь хүмүүс мэддэг. МАН-д ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөс дооших бараг бүх албан тушаалыг хашсан, энэ оноос Дундговь аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна.
Өвөрхангайн Засаг даргаар О.Пүрэвдоржийг уламжиллаа
ИТХ-д 29 суудалтай Өвөрхангай аймгийн төлөөлөгчид анхдугаар хурлаараа О.Пүрэвдоржийг Засаг даргад уламжиллаа. Түүнийг ИТХ-ын төлөөлөгчдийн 82 хувь нь дэмжив. Тэрбээр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумд 1979 онд төрсөн, авто инженер мэргэжилтэй.
О.Пүрэвдорж 2010-2011 онд Удирдлагын акедемийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгсөж, 2003-2005 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч, 2008-2013 онд Тээвэр, авто замын газрын дарга, 2013-2016 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016-2020 онд Арвайхээр сумын Засаг дарга, 2020 оноос ИТХ-ын даргаар ажиллаж байна. Мөн тэрбээр 2008-2024 онд аймгийн ИТХ-д тасралтгүй сонгогдсон нэгэн билээ. Өдгөө аймгийн МАН-ын даргаар ажиллаж буй.
2005-2008 онд БНСУ-д ажиллаж, амьдарч байсан түүний орлого АТГ-т мэдүүлснээр 2019 онд 19.6 сая төгрөг байж. Харин өнгөрсөн жилийн хөрөнгө, орлого нь 531 сая төгрөг. Өмнөх Засаг дарга А.Ишдорж нь зам, тээврийн ноцтой осол гаргаж, хүний амь хохироосон хэргээр шалгуулж байхдаа ажлаа өгсөн. Дараагийн Засаг дарга И.Доржсүрэн нь ч олигтой ажиллаж чадалгүй О.Пүрэвдоржид халаагаа ийн шилжүүлж байгаа аж.
Б.Цэрэннадмид ажлаа үргэлжлүүлэх нь
Архангайн Засаг даргад аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цэрэннадмидыг дэвшүүллээ. Тус аймагт МАН 17, АН 12 суудал авсан бөгөөд ИТХ-ын нийт төлөөлөгчийн 95.1 хувийн саналаар Б.Цэрэннадмидыг дэмжжээ. Ингэснээр тэрбээр улиран сонгогдож буй Засаг дарга нарын нэг болж буй юм. Тодруулбал, 2023 оны хоёрдугаар сард түүнийг аймгийн Засаг даргаар томилж байв.
Б.Цэрэннадмид музейн арга зүйч, аялал жуулчлал зохион байгуулагч мэргэжилтэй. Төрийн захиргааны менежмент мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж, 2005-2008 онд Соёлын дээд сургуульд багш, 2009-2011 онд Архангайн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дэд захирал, 2011-2016 онд аймгийн музейн захирлаар, 2016-2020 онд ЗДТГ-ын даргаар, 2020 оноос хойш аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байна.