НҮБ-ын өдөр өчигдөр тохиов. Үүний хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь НҮБ-аар зочилж, баяр хүргэлээ. Тус байгууллага 1945 оны аравдугаар сарын 24-нд олон улсын хууль, эдийн засаг, нийгмийн хөгжил болон хүний эрхийг хангаж ажиллахаар байгуулагджээ. Ингэснээр дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн орших томоохон дэвшил болсон гэж үздэг. Манай улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүн болж, Төрийн далбаагаа мандуулжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон 60 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавьж буй зорилго, зорилтуудыг хангах, олон улсын тавцанд өөрийн орны байр суурийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, ардчилал, хүний эрхийг хангах зэрэг олон чиглэлд анхаарал хандуулж ажиллаж ирснийг онцолсон. Тэрбээр “НҮБ “Ковид-19”-ийн үед хүн амын 80 хувийг вакцинжуулахад, 2023-2024 оны зудын үед 12 000 малчин өрхөд тусалж, 1.5 сая ам.долларын хандив, тусламж үзүүлсэн билээ. Монгол Улсын хөгжил дэвшилд олон жилийн турш хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буй НҮБ-ын түншлэл, НҮБ-ын удирдлага, албан хаагчдад талархал илэрхийлье” гэв.
Засгийн газраас “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэлхий дахины дэвшилтэт үзэл баримтлалыг үндэсний онцлогтойгоо уялдуулан хэрэгжүүлж буйгаа Ерөнхий сайд мөн онцолсон. Үүнд НҮБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичиг чухал дэмжлэг болж буйг хэлсэн юм. Уг баримт бичгийн хүрээнд хүний эрх, хөгжил, ногоон хүртээмж, хүн төвтэй засаглал зэрэг асуудлыг стратегийн тэргүүлэх чиглэл болгон хамтран ажиллаж байгаа аж.
Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд шинэ түвшинд ахиж, “хөгжлийн тусламж”-аас илүүтэй “хөгжлийн хамтын ажиллагаа”-нд төвлөрч буй гэв. Цаашид хүний нөөц, хиймэл оюун ухаан, ногоон шилжилт зэрэг гурван том асуудалд анхаарч ажиллах нь зүйтэйг Ерөнхий сайд онцолж, НҮБ-ын дэмжлэг, манлайлал, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэлээ. Засгийн газар НҮБ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, агуулга, цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа Суурин зохицуулагч Тапан Мишрад уламжлав.
М.Гэгээ