Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар манай орны говийн бүсийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, бөхөн, хар сүүлтийг хамгаалах, энэ ажилд төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд, олон нийтийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт зургаа” нэгдсэн арга хэмжээг 2016 оноос хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд холбогдох байгууллагууд хамтран Монгол орны баруун бүсэд байгаль хамгааллын томоохон хэлэлцүүлэг зохион байгуулдаг онцлогтой. Өнөө жилийн ээлжит хэлэлцүүлгийг Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан дээрх олон улсын байгууллагатай хамтран өчигдөр зохион байгуулав.
Найм дахь удаагийн хэлэлцүүлгээр “Говийн гайхамшигт зургаан амьтны амьдрах орчин ба усан хангамж”-ийн асуудлыг хөнджээ. Малын тоо толгой өсөх, бэлчээр нутаг давхцах, цөлжилт, газрын доройтол ихсэх, зам, дэд бүтцийн сүлжээ өргөжихийн хэрээр зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдаж, идэш тэжээл, усан хангамжийн хүрэлцээ муудаж байгааг судлаач, мэргэжилтнүүд энэ үеэр дурдав.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан уг санаачилгатай холбоотойгоор сүүлийн жилүүдэд цөөнгүй судалгаа, мониторинг хийжээ. Тэгвэл эдгээрт тулгуурласан таван жилийн, байгаль хамгааллын нэгдсэн төлөвлөгөөг гаргахаар болсон байна.