УИХ-аас “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт хяналтын сонсголыг ирэх сарын 20-нд зохион байгуулахаар болсон билээ. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Б.Энхболд “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” НҮТББ-ын төлөөлөлтэй санал солилцжээ.
2012 оноос хойш эрүү шүүлтэд өртсөн, хилсээр хэрэгт шийтгэгдсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх нь зөрчигдсөн гэх 47 хохирогч тус холбоонд гишүүнчлэлтэй аж. Тэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хохирол, нөхөн төлбөрөө шийдвэрлүүлэхэд дэмжлэг хүссэн саналаа ХЭҮК-т өнгөрсөн наймдугаар сарын 23-нд гаргажээ.
ХЭҮК-ынхон тэдний хүсэлтийг хүлээн авч, холбогдох ажиллагааг хийж байгааг гишүүн Б.Энхболд дурдсан юм. Түүнчлэн уг асуудалтай холбоотой комиссын байр суурь, дүгнэлтийг УИХ-аас зохион байгуулах хяналтын сонсголын үеэр танилцуулахаа мэдэгдсэн байна. Тухайлбал, “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” НҮТББ-ын гишүүн 47 хохирогчийн эрхийг хангахтай холбоотой саналаа ХЭҮК-оос танилцуулахаар төлөвлөжээ.