УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин хуулийг гууль болгож, үл ойшоож сурсан нэгэн бололтой. Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед Ч.Номингийн хамаарал бүхий “Тэрэлж сүйх” ХХК-ийн “Тэрэлж” зочид буудалд төсвөөс олон сая төгрөг төлж, үйл ажиллагаа зохион байгуулсан нь олны анхааралд байна. Хамаарал бүхий хүнийх нь нэр дээрх зочид буудалд татвар төлөгчдийн олон сая төгрөгийг шилжүүлэх гэж байсныг Ч.Номин мэдэхийн дээдээр мэдсэн нь лавтай. Гэтэл өнөөдөр арьсаа хамгаалан, надад хамаагүй хэмээн мэлзэж, ард түмнийг доромжилсон аястай үгс хэлж суугаа нь эмгэнэлтэй. “Шилэн” Цогоо гэх, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар” төмөр замын ерөнхий хороонд өндөр албан тушаал хашиж байсан Б.Цогтгэрэл “Ч.Номин сайдын “Тэрэлж сүйх” ХХК-д Төрийн сангаас шилжүүлсэн мөнгийг шалгаж өгөх хүсэлтийн дагуу нягталлаа. Нийт таван удаагийн арга хэмжээнд Төрийн сангаас 243 сая төгрөг төлсөн. Хамгийн аймаар зардал нь 2025 оны төсвийн хэлэлцүүлэг гээд нэг өдрийн зардалд 50 сая төгрөг шилжүүлжээ. Төсөв хэлэлцэж байгаа нь энэ гэж 50 саяар ууж идэхдээ яах вэ дээ” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн.
Харин сайд Ч.Номин хэвлэлийнхэнд “Тэрэлж хотел” надад хамааралгүй болсон. УИХ, Засгийн газрын гишүүний хувьд хэлэлцүүлэгт оролцсон” гэсэн тайлбар өгөөд сууж байна. Улсын бүртгэлийн байгууллагын https://opendata.burtgel.gov.mn/ цахим хуудсанд буй мэдээллээр “Тэрэлж хотел” буюу “Тэрэлж сүйх” ХХК нь түүний төрсөн дүү Чинбатын Батхүүгийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хүн бол УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн хамаарал бүхий этгээд мөн. Сайд болсноосоо хойш гаргасан Ч.Номингийн 2021, 2022, 2023 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-т “Тэрэлж сүйх” компани, зочид буудлын эзэмшил хөрөнгийн талаар огт дурдаагүй. Өөрөөр хэлбэл, тус зочид буудалд хөрөнгө эзэмшдэггүй гэх байдлаар харагдаж буй.
Тэгвэл улс төрч ч бай, төрийн албан тушаалтан л болсон бол дагаж мөрдөх ёстой Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэж бийг Ч.Номин сайд та мэдэх үү. Энэ хуулийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр (нөхөр)-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ хэмээн хуульчилсан байдаг. Авлигын эсрэг хуулийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэдэгт Ч.Номин та хамаарах учраас эдгээр хуулийг ягштал мөрдөх үүрэгтэй. Бас танд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.2-ын “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхол нөлөөлсөн гэж хардахуйц нөхцөл байдал одоо үүсчихээд, олон нийтийн анхаарлын төвд байна. Угтаа Ч.Номин хууль хэрэгжүүлдэг, мөрддөг байсан бол, хуулийн зөвлөх нэртэй хүмүүс нь ажлаа хийдэг байсан бол энэ хуулийн 6.3-ын “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж заасныг мэддэг, сануулдаг байх үүрэгтэй. Мөн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалт бий. Ийм атал “Надад хамааралгүй” гэсэн утгатай хариулт өгөөд сууж байгаа нь сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг, УИХ-ын танхимд өргөсөн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тангарагтай чинь зөрчилдөж байгаа бус уу.
Эрх баригчид татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсгаж байгаагийн илрэл болсон энэ үйлдлийг Сангийн сайд Б.Жавхлан хаацайлж байгаа нь харамсалтай. Тэрбээр их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан тул буцааж төлүүлэх ёстой гэж дуугарахгүй байгаа нь ийн дүгнэхэд хүргэж байна.
Аав нь жийп машинаар хүний аминд хүрэхийг завдсан гэх дуулианд холбогдож, түүнийх нь албан ёсны эзэмшигч нь Ч.Номин гэдэг нь тодорхой байхад ХАСХОМ-тээ уг машинаа үнэн зөв мэдүүлээгүй, хуулийг үл ойшоогч энэ хүн хууль тогтоолцохоор УИХ-д сууж, Засгийн газрын гишүүнээр улираан томилсон нь ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг уландаа гишгэж буйн бодит жишээ гэлтэй.