УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент эрүүгийн, тэр дундаа авлига, албан тушаал, хээл хахуулийн хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагчийнхаа тоогоор үе үеийн хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөгчдөө тэргүүлж байсан билээ. “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нар яллагдагчаар татагдан шалгуулсан. “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарыг яллагдагчаар татан шалгасан билээ.
Мөн “Содмонгол групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Анандбазарыг Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппинээс авчирч саатуулсан Т.Бадамжунайд холбогдох хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Дуулиант “Ногоон автобус”-ны гэх хэрэгт “Түгжрэлийн” сайд асан Ж.Сүхбаатар холбогдсон бол Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг завшсан эмч, нийгмийн даатгалын ажилтнуудын холбогдсон үйлдэлд Б.Бейсенг яллагдагчаар тооцсон билээ. Түүнчлэн Б.Пүрэвдорж ГИХАЭГ-ын дарга байхдаа эрх мэдлээ урвуулсан гэх хэрэгт ч холбогдон АТГ-т шалгуулсан. Эдгээрээс гадна Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хэргийг Дээд шүүхээс дахин шалгуулахаар болсны дараа хорих ангиас суллагдмагцаа УИХ-ын гишүүний сэнтийд заларсныг уншигчид санаж буй нь лавтай. Тэгвэл өнгөрсөн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламентад халдашгүй байдал гэх халхавч дор орж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл учруулж, гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг алдагдуулж болзошгүй хүмүүс байгаа юм.
Ц.Мөнхбатыг Дундговийн шүүхүүд дахин шалгуулахаар шийдвэрлэв
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат 2024 оны УИХ-ын сонгуулийн VII тойрог буюу говийн бүсэд АН-аас нэр дэвшин сонгогдож, төрийн түшээ болоод буй. Авлигын хэрэгт холбогдон шалгуулж буй ч түүний гэм буруутай, эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй учраас Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхтэй байсан. Тиймдээ ч 126 гишүүнтэй парламентын нэгэн төлөөлөл болов.
Уг нь өнөөгийн УИХ-ын гишүүн Ц.Мөнхбатад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн юм. Түүнийг Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан “Супрема бүтик лоджэс” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэмээн буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан билээ. Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд А/129 дугаартай захирамж гаргаж, Сайнцагаан сумын төвийн VII багийн нутаг, тус аймаг дахь Цагдаагийн газрын дэргэд дээрх аж ахуйн нэгжид худалдаа, нийтийн үйлчилгээний цогцолбор төвийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх захирамж гаргасан. Ингэснээрээ тухайн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон хэмээн Ц.Мөнхбатыг буруутгаж, Эрүүгийн хуулийн 22.1-3-ын “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
“Супрема бүтик лоджэс” ХХК-ийн хувьд Увс аймагт зочид буудлын зориулалтаар 2000 ам метр газар авсан бөгөөд түүнд нь тус аймгийн Засаг дарга Ц.Чимэд тэргүүтэй албан тушаалтнууд давуу байдал олгосон хэмээн яллагдагчаар татагдан шүүхэд хэргийг нь шилжүүлээд буй.
Орон нутгийн шүүхүүд аймгийнхаа дарга нар, хууль хяналтын байгууллагын удирдах албан тушаалтнуудын холбогдсон хэргийг шударгаар шийдэж чаддаггүй. Элдэв арга саам хэрэглэсээр мартагнуулдаг “заншил” тогтсон. Дундговь аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны болон тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх аймгийн дарга асан, өнөөгийн УИХ-ын гишүүнийхээ хэргийг тийм замаар замнуулах гэж байгаа бололтой. Анхан шатны шүүхээс Ц.Мөнхбатад холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах захирамж гаргасан аж. Хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын прокурорууд эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүхэд нь хүргүүлсэн ч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон байна. Хэрэг прокурорт буцан ирж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч шүүхээс даалгасан нэмэлт ажиллагааг нь хийх болоход УИХ-ын гишүүний халдашгүй байдал саад учруулж хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрахыг үгүйсгэхгүй.
“Нүүрсний” хэргийн яллагдагч нарыг мартахад хүрлээ
2020-2024 оны парламентад Өмнөговь аймгаас сонгогдсон хоёр төлөөлөл нь “Нүүрсний” гэх дуулиант хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан билээ. МАН олонх болсон тус парламентын гишүүд намын нөхрөө бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүй авч үлдэж, АН-д нөлөө бүхий “лидер” гэгддэг “Ажнай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч, сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлчихсэн. Ийнхүү бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах болсноос хойш багагүй хугацаа өнгөрсөн ч Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүхийн босгоор давуулаагүй, хэрхсэн нь тодорхойгүй өдий хүрлээ.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан, “Ажнай корпорац” ХХК-ийг үүсгэн байгуулагч, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга асан, хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр прокурорын байгууллагад саналаа хүргүүлсэн юм. “Нүүрсний” гэх хэргийн дуулиан дэгдэхээс 10 гаруй жилийн өмнө “Ажнай корпорац”, “Тавантолгой транс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг тухайн үеийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж эхэлсэн ч тэр үеийн улсын ерөнхий прокурор зэрэг нөлөө бүхий албан тушаалтнуудын үүргийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож байсан түүхтэй.
Уг хэргийг нь сэргээн шалгаж, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлээ улсын ерөнхий прокурор танилцуулахдаа “Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаас өөртөө 28.7 тэрбум төгрөг хууль зөрчин авч, эзэмшлийнхээ “Капитрон” банкаар дамжуулан мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татсан” хэмээсэн байдаг. Түүнд холбогдох хэрэгт Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, өнөөгийн УИХ-ын гишүүн Р.Сэддорж, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг нартай бүлэглэн, тус компанийн гүйцэтгэх удирдлага, санхүүгийн албанд эрх бүхий албан тушаалтнаар томилуулан гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хэмээн яллагдагчаар тооцсон билээ. Улмаар албан тушаалаа урвуулан ашиглаж “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлөөс ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр гаргуулан 2006-2022 оны хооронд Д.Бат-Эрдэнэ, “Ажнай корпорац” ХХК-д нийт 70 тэрбум гаруй төгрөгийн ногдол ашиг хуваарилах ёстой байтал 15.5 тэрбумыг илүү авч өөртөө давуу байдал бий болгосон. Ийнхүү хууль бусаар авсан ногдол ашгийн мөнгөөр “Капитрон банк” ХХК-ийн болон “Дүгэрэг” банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг нэмэгдүүлж, мөнгө угаасан гэж буруутгасан. Түүнчлэн 323 900 тонн нүүрсийг орон нутгийн өмчит “Тавантолгой”-д өгсөн хэмээн хуурамч баримт бичиг бүрдүүлж, 18.5 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулж хууль сахиулах байгууллагад шалгаж дууссан билээ. Гэтэл эл хэргийг нэг яллагдагч, Р.Сэддорж говийн бүсээс УИХ-ын гишүүнээр сонгогдож, төрийн түшээ болчхоод буй. Зарим хүн “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ өөрөө төрд дахин орж ирээгүй ч төлөөний, итгэлтэй хүн болох Р.Сэддоржийг хууль тогтоох дээд байгууллагад “шургуулж” чадсан хэмээн ярьж байна.
2020 онд Өмнөговь аймгаас, 2024 оны сонгуулиар говийн бүсийн VII тойргоос МАН-ыг төлөөлж Н.Наранбаатар УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахын өмнө “Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн бодлого барьж байгаа” хэмээн тунхаглаж байсан ч “Нүүрсний” гэх хэргийн яллагдагч Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлчихсэн. Уг нь түүнд холбогдох хэргийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн сонгуульд нэр дэвшигчид тодрохоос ч өмнө буюу 2024 оны хоёрдугаар сарын сүүлч гэхэд шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлээд байсан.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нь Өмнөговь аймгийн Засаг даргаар 2016-2020 онд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий, тэр дундаа 2011-2015 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, оффшор бүсэд бүртгэлтэй гэж хэлж болохуйц, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгждээ давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм. Тодруулбал, тэрбээр 2011-2015 онд “Билэгтговь” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд тус компани болон түүгээр дамжуулан өөр бусад аж ахуйн нэгжид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн орд газраас нүүрс олборлоход нь давуу байдал бий болгосон байдаг. Түүнд холбогдох хэрэгт Д.Наранхүү гэх хүнийг хахууль өгсөн үндэслэлээр эрэн сурвалжилж, Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд БНХАУ-аас эх оронд нь ирүүлж, яллагдагчаар татсан билээ. Гэтэл өнөөдөр АН, МАН-ын нэр дурдсан албан тушаалтнуудын холбогдсон “Нүүрсний” гэх хэрэг шүүхийн босгоор ч давалгүй, мартагдахад хүрлээ.
О.Цогтгэрэл, Б.Бейсен нар шүүхийн босгоор давах уу
Баян-Өлгий аймгаас хууль тогтоох байгууллагад нэг бус удаа сонгогдоод буй Хүний гавьяат эмч Б.Бейсенд холбогдох хэргийг АТГ-ынхан бүтэн жил гаруйн өмнө шалгаж дууссан. Тодруулбал, 2023 оны гуравдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн юм. Гэвч өнөөг хүртэл шүүхийн босгоор давсангүй юү, хэрхсэн нь тодорхойгүй таг чиг болов. Б.Бейсен 2013-2016 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар, түүнээс хойш УИХ-ын гишүүний тангараг өргөх хүртлээ тус эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх, их эмчээр ажиллаж байхдаа нэр бүхий иргэдийг хясан боогдуулж, тэднээс хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагын болон нийгмийн даатгалын байгууллагын 50 гаруй хүн эрх мэдлээ урвуулж, 2015 оноос хойш хуурамч бичиг баримт үйлдэн хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст өгдөг тэтгэврийг эрүүл иргэдэд олгож байсан хэрэгт холбогдон шалгуулсан билээ. Тухайлбал, хэвийн ярьдаг, сонсгол нь ч зүгээр хүнийг хэлгүй, дүлий хэмээн групп тогтоон нийгмийн даатгалын болон халамжийн сангаас мөнгийг нь өөр хүний нэрээр авч завшсан хэрэгт Нэгдсэн эмнэлгийн эмч нар болох Ө.Ахмарал, М.Рауза, Х.Аманбек, Х.Харманхан, Б.Ханат, Х.Манчук, Б.Жанбота, Х.Гүлсин, А.Рая, Б.Анаргүл, С.Сымбат, А.Мажитхан, М.Союз, Х.Харий, Х.Тангул, К.Халел, Т.Серикжан, М.Ахбота, А.Еркегүл зэрэг 25, сумуудын Эрүүл мэндийн төвийн 22 эмч, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен тэргүүтэй Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын есөн гишүүнийг яллагдагчаар татсан. Тэднээс УИХ-ын гишүүн Б.Бейсенд холбогдох үйлдлийг нь тусгаарласан юм. Түүнийг таван хүнээс хахууль авснаас гадна албан тушаалаа урвуулан ашиглаж иргэн Б.Рахатад давуу байдал бий болгосон хэмээн яллагдагчаар тооцсон байдаг.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, О.Цогтгэрэл нар 2023 оны нэгдүгээр сарын 5-нд Төрийн ордонд хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед халдсан гэх дуулиан тэр даруйдаа цахим сүлжээнд цацагдсаныг зарим уншигч санаж буй нь лавтай. Цагдаагийн байгууллагад Д.Ганбатын зөвлөх нь дуудлага өгсний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн очиж, үзлэг шалгалт хийсэн байдаг. Гишүүн Д.Ганбатад тухайн үеийн УИХ дахь АН-ын бүлгийнх нь дарга О.Цогтгэрэл халдсан шалтгаанаа “Хэвлэлээр гүтгэлгийн шинжтэй зүйл ярьсан учраас юу яриад байгааг нь тодруулж маргалдсан” хэмээн тайлбарлаж байв. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтан холбогдсон эл хэргийг МБА-нд шалгаад О.Цогтгэрэлийг яллагдагчаар татан хуулийн дагуу хариуцлага тооцуулах үндэслэлтэй гэж үзсэн юм билээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас О.Цогтгэрэлийг яллагдагчаар татах тогтоол баталж, түүнтэй нь танилцуулахаар удаа дараа дуудсан боловч ирэхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэх халхавчаар дулдуйдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж буй гэнэ.