“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудыг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр АТГ-ынхан өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр цагдан хорьж, шалгаж эхэлсэн билээ. Уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлснээс хойш сарын хугацаа өнгөрч байна. Одоогоор прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх, эсвэл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар яман нэгэн шийдвэр гаргаагүй аж.
Уг хэрэгт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Дугаржав, Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Г.Эрдэнэсүх нарыг яллагдагчаар татаад буй юм. Тэднийг тус үйлдвэрээс гардаг зарим бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдээс их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулсан байдаг. Бидний авсан мэдээллээр уг хэрэгт холбогдуулж “Хайрхантоб” гэх компанийн хувьцаа эзэмшигч гэх Д.Үнэнбат, “Хулагухолдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хатанзориг нарыг мөн яллагдагчаар татсан гэнэ. Тэднээс 140 орчим сая төгрөг, 40 000 орчим ам.долларын хахууль бусдаар дамжуулан авсан хэмээн дээрх ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудыг яллагдагчаар тооцсон юм.
Ташрамд дурдахад, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хулагухолдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Худалдаа, хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээгийн хүү М.Мөнхтулга бүртгэлтэй байдаг. Өнгөрсөн онд болсон Хөгжлийн банкны зээлдэгчдийн нээлттэй сонсголын үеэр “Хулагухолдинг” ХХК нь Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлсэн “ЖДҮ-888” төслөөс 926 сая төгрөгийн зээл авсныг танилцуулж байсан билээ.
Харин “Хайрхантоб” ХХК нь төмөр экспортолдог, 2018-2023 оны хооронд нийт 62.4 мянган тонн бүтээгдэхүүн хилээр гаргасан ч татварын байгуулагад тайлангаа өгөөгүй. Татварын шалгалтад ороогүй, өр нь 996.7 сая төгрөг байгааг өнгөрсөн тавдугаар сард Төрийн ордонд болсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой сонсголын үеэр танилцуулж байв.