Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг 90 орчим байгууллага нэгдэж, тэгш, хүртээмжтэй нийгмийн оролцоог хангах зорилготой нэгдсэн чуулганыг арванхоёрдугаар сарын 3-нд зохион байгуулах аж. Энэ талаар “Хуралдай хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах үндэсний сүлжээ” төрийн бус байгууллагын гишүүд өчигдөр мэдээлэл өглөө.
Дээрх байгууллагын гишүүн Н.Дэмбэрэл “Бид нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу “Хуралдай хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах үндэсний сүлжээ” төрийн бус байгууллагатай боллоо. Энэхүү байгууллага нь Монголын нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжих, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишгийг бий болгох зорилготой юм. Манай улс сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сайн дэмждэг болсон. Тухайлбал, хууль, эрх зүйн орчныг сайжруулсан. Гэвч дэд бүтэц хүртээмжгүй хэвээр л байна. Тиймээс бид үндэсний хэмжээнд ажиллах сүлжээ байгуулсан юм. Үүнийг төр засаг төдийгүй иргэд дэмжвэл бид төрийн байгууллагын бүх нэгжид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг ажиллуулж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэн, эрх тэгш, хүртээмжтэй байдлыг бий болгоно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэнийг цахим бүртгэлд хамруулах зорилго тавьсан. Үүгээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бизнес кластер үйлчилгээг улсын хэмжээнд нэвтрүүлнэ. Бас халамжийн үйлчилгээг хүртээмжтэй, зүй зохистой үзүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудад зөвлөгөө, дэмжлэг өгөх юм. Иймд бид арванхоёрдугаар сарын 3-нд тохиох Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан эл чуулганыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг олон асуудлыг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэнэ. Түүнчлэн байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэл, цаашдын зорилгыг тодорхойлж, төр засагтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлнэ. Энэ чуулганаар 21 аймаг, есөн дүүрэг дэх салбарынхаа Төлөөлөн удирдах зөвлөл болон ерөнхийлөгчийг сонгоно” гэсэн юм.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнххишиг “Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 111 мянган иргэн бий. Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан, сайн хуультай. Гэвч хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд дуу хоолойгоо хүргэж чаддаггүй. Уг нь энэ чиглэлээр ажилладаг төрийн бус болон иргэний нийгмийн 200 гаруй байгууллага бий. Гэвч хууль тогтоомжийн хэрэгжилт нь маш дутуу дулимаг байна. Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй олон иргэн бий. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэгдье хэмээн уриалж байна. Үндэсний хэмжээний чуулган зохион байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдэн, дуу хоолойгоо төр засагт хүргэх боломж бүрдэх юм” гэв.
У.СҮРЭН