Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэх ажлыг Боловсролын яамнаас зохион байгуулж буй билээ. Сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажил одоогоор 50 гаруй хувьтай гэнэ. Мөн сурагчийн гарын авлага, дасгал ажлын дэвтэр боловсруулах ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгааг дээрх яамнаас мэдээлэв. Эдгээр ажлыг ирэх зургаадугаар сард бүрэн дуусгаж, 2025 оны есдүгээр сард үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Хүүхдүүдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхийн тулд бага ангийн сурах бичгүүдийг интерактив буюу мэдээллийн технологитой хоршуулах байдлаар шинэчилж эхэлсэн гэнэ. Түүнчлэн унших бичгийн хичээлийг сэргээж, хоёрдугаар ангиас эхлэн заахаар номыг нь бэлтгэж буй аж. Бас 1-5 дугаар ангийнханд компьютерын ухаан гэдэг шинэ хичээл заахаар төлөвлөсөн байна.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл уг ажлын явцын талаар өчигдөр “Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг бүхэлд нь шинэчилж байгаа гэж ойлгож болохгүй. Тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж буй юм. Бидний хүүхэд хэн болох вэ, ямар ур чадвар, чадамжтай байх вэ гэдэгт төвлөрөн ажиллаж байгаагаараа энэ удаагийн шинэчлэл онцлогтой. Жишээ нь, өмнө нь бага ангийн монгол хэлний хичээлийн гол чиглэл нь хүүхдийг хичээнгүй бичүүлж сургах байсан. Харин хөтөлбөрийг шинэчлэхдээ хүүхэд ойлгож унших нь илүү чухал гэдэгт анхаарч байгаа. Үүний тулд хоёрдугаар ангиас эхлэн унших бичгийн хичээл заана. Сурах бичгийг нь өдгөө боловсруулж байна” гэв.