Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Кемелевич Токаев энэ сарын 28-29-нд төрийн айлчлал хийв. Ерөнхийлөгч К.Токаевыг өчигдөр Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авснаар яриа, хэлэлцээ эхэлсэн юм. Энэхүү айлчлалын хүрээнд талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ингэхдээ олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм.
Төрийн тэргүүнүүд Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг стратегийн түншлэлийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтсоныг тунхаглан зарласан нь айлчлалын гол үр дүн байв. Үүний дүнд улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, тээвэр, логистик, аялал жуулчлал гээд нийгмийн бүхий л салбарыг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Манай хоёр улс эрт дээр үеэс түүх соёл, өв уламжлалын гүн гүнзгий хэлхээ холбоотой аж төрж ирсэн, ахан дүүсийн харилцаатай эсгий туургатан ард түмэн билээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны энэ удаагийн төрийн айлчлалаар хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өнөө цагт улам өргөжүүлэн хөгжүүлж, Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх түүхэн шийдвэрийг хамтдаа гаргасанд талархаж байна” гэсэн юм.
Хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг НҮБ-ын дүрмийн дагуу тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн бусад зарчим, хэм хэмжээг хүндэтгэсний үндсэнд хөгжүүлэх нь Төв Азийн бүс нутаг, олон улсад ч энх тайвныг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэгтэй гэдэгт талууд санал нэгдэв.
М.Гэгээ