Монголын авто мастеруудын холбооны энэ оны цуврал уралдааны найман гараа өндөрлөж, 53 тамирчин оноо цуглуулжээ. Эхний 15 байрт жагссан тамирчдаас “Баха 250” уралдааны дараа амжилтынхаа үзүүлэлтээр 68 дугаартай Ш.Гомбодорж аварга тэргүүлж эхэлсэн. Өмнөх гараануудад хошуучилж явсан 50 дугаартай Э.Батнайрамдал сүүлийн хоёр уралдааныг техникийн саатлаас болж дуусгаагүй. Тиймээс Э.Батнайрамдал тэргүүлэгчээс 33 онооны ард бичигдэж байна. 2024 оны улсын аварга тодроход хоёр тэмцээн үлдэв. Улсын аваргыг тодруулах мастер кросс уралдааныг 11-12 дугаар сард зохион байгуулах нь. Тэгвэл “Баха 250” уралдааны залуучуудын ангилалд 16 тамирчин оролцсон. Тэднээс V байр эзэлсэн “Хангайн ундарга” транс, “Түшиг багана” ХХК-ийн тамирчин Ц.Дашням оноогоор тэргүүлж залуучуудын онооны аварга болов.
Авто спортын уралдаануудад тамирчдаа байнга оролцуулдаг олон клуб бий. Тус холбооны Удирдах зөвлөлөөс баталсан клубийн үйл ажиллагааны дүрмийн дагуу тухайн клубт харьяалагдаж уралдсан тамирчдын авсан УАШТ-ий оноотой дүйцэхүйц хэмжээний оноог олгодог. Үүнээс гадна нэмэлтээр хэдэн оноо тооцохоор тусгасан. Шинэчилсэн жагсаалтад оролцогчдын онооноос гадна тус холбооны спорт өдөрлөгт оролцсон идэвх болон амжилтын оноог тооцон олгож буй. Спорт тэмцээнд баг, тамирчдаа оролцуулсан клуб идэвхийн таван оноо, эхний гурван байрт мастер кросс тэмцээний хагас шигшээ уралдааны оноог дүйцүүлэн олгох нь.