Банк санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан болон статистикийн байгууллагынхны түгээж буй мэдээллийг харахаар Монгол Улс чухам л хөгжил дэвшил, мандан бадралын охь манлайд хүрчихсэн гэлтэй л байх юм. Аялал жуулчлалаа дэмжиж, боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулан, эрдэс баялгийн салбарын экспортыг эрчимжүүлсний үр дүнд өнгөрсөн онд эдийн засаг долоон хувиар өслөө л гэнэ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 10 гаруй жилийн турш 4000 орчим ам.долларт гацсан нь өнгөрсөн жилд 6000 ам.долларт хүрч, Монгол Улс дундаас дээш орлоготой орны тоонд багтсан л гэж байна. 2023 онд эдийн засаг нь хамгийн өндөр өсөлттэй 20 улсын хоёрдугаарт Монгол эрэмбэлэгдэж. Олон улсын томоохон агентлагууд манай орны зээлжих зэрэглэлийг удаа дараа ахиулж, эдийн засаг нь тогтворжсоныг албан ёсоор зарлалаа л гэх юм. Энэ оны эхний хагаст монголчуудын дундаж цалин 2.5 сая төгрөг болж, голч цалин нь анх удаа хоёр саяас давсан гэлцэх. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж, 792 мянган төгрөг болгох шийдвэр гаргалаа л гэнэ. 2024 оны эцэс гэхэд улсын ДНБ 79.2 их наяд төгрөг, нэг хүнд ногдох нь 6800 ам.долларт хүрэх урьдчилсан тооцоо гаргаснаа холбогдох байгууллагынхан танилцууллаа. Стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдээ төлөвлөсөн ёсоороо хугацаанд нь эхлүүлж, хэрэгжүүлж чадвал эдгээр тоон үзүүлэлт цаашид “гэрлийн хурд”-аар өснө гэж сайд, дарга нар сайныг зөгнөх болов. Энэ мэтчилэн дандаа өсөн нэмэгдэж, дэвшин дээшилсэн тухай эерэг статистик үзүүлэлтүүдийг бид ойрын өдрүүдэд “пологттол”-оо сонсож байна. Ирэх оны төсвийн төслийг ид хэлэлцэж буй учраас хэргээр ийм мэдээллээр “бөмбөгдөж” байж ч болох юм. Харин иргэд энэ “том” тоонуудын үр өгөөж, шид гавьяа бидний амьдралд ер мэдрэгдэхгүй, нөлөөлөхгүй байна хэмээн үгүйсгэж буй. Мөн Монголд хөдөлмөр эрхэлж олсон цалин орлогоороо нийгмийн суурь хэрэгцээгээ хангах, эрүүл, аюулгүй орчинд, чанартай амьдрах боломж нөхцөл жилээс жилд хумигдаж байгааг хэн хүнгүй ярих боллоо. Эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлын үзүүлэлтээр манай улсыг “цойлж” буй мэт харуулах эдгээр тооны цаана нуугдаж байгаа, бодит байдлыг илтгэх зарим баримт, статистикийг уншигчдадаа дэлгэрүүлэн танилцуулъя.
Орлогын тэгш бус байдал гаарав
2024 оны хоёрдугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох буюу монголчуудын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеийнхээс 574.8 мянган төгрөгөөр өсөж, 2.4 саяд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан. Монголчууд аанай л энэ тооцооллыг үгүйсгэж, олонх нь үүнээс бага цалин авч байгаа талаар нийгмийн сүлжээнд хэлэлцэв. Дундаж цалин гэдэг бол нийт цалингийн хэмжээг ажилтны тоонд хувааж гаргасан дүн юм. Сард 3.4, 1.2 сая төгрөгийн цалин авдаг хоёр ажилтан байлаа гэхэд дунджийг нь бодохдоо хооронд нь нэмж, хоёрт хуваан, 2.3 саяар тооцдог гэсэн үг. Ингэж тооцоолсон дундаж дүнг иргэд нийтээрээ хүлээн зөвшөөрөхгүй, шинэчлэх бүрд маргаан, хэлэлцүүлэг өрнүүлдэг нь манай нийгэмд орлогын тэгш бус байдал гаарсны нотолгоо. Сүүлийн жилүүдэд энэ ялгаа улам даамжирсныг эдийн засагчид хэлдэг. Монголд өдгөө хамгийн өндөр цалинг уул уурхайн салбарынхан авч буй бөгөөд сарын дундаж нь 5.6 сая төгрөг. Харин зочид буудал, нийтийн хоолны салбарт ажиллагсад 1.4 сая төгрөгийн цалин авдаг нь хамгийн бага дүн юм. Зөвхөн эдгээр салбарт ажиллаж буй хоёр хүний цалинг дундажлахад 3.5 сая төгрөг болно. Бодит байдалд 1.4 сая төгрөгийн цалинтай хүнийг 3.5 сая авдаг гэж тооцож, мэдээлэхээр бухимдаж, үгүйсгэхээс яах билээ.
Инфляцын “дарлал” үргэлжилсээр
Эдийн засаг сайжирч, цалин орлогын хэмжээ нэмэгдсэн нь иргэдийн амьдралд төдийлөн мэдрэгдэхгүй байгаагийн гол шалтгаан нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт буюу инфляц юм. 2024 оны III улирлын байдлаар инфляцын түвшин улсын хэмжээнд 6.7 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.4 нэгжээр буурсан гэж статистикийн байгууллагаас мэдээлсэн. Түүнчлэн инфляц оны эцэст зургаан хувьд хүрч, зорилтот түвшинд тогтвортой хадгалагдах төлөвтэйг Монголбанкнаас танилцуулаад буй. Гэвч сүүлийн жилүүдийн ханшийн хэлбэлзэл, өөрчлөлтөөс харахад инфляц “пуужиндаж”, харин цалин орлого эсрэгээрээ яст мэлхийн хурдаар “дээшилжээ”. Авдаг цалин ахуй амьжиргаанд хүрэлцэхгүй байгаагийн шалтгаан нь энэ. 2016 онтой харьцуулахад иргэдийн худалдан авах чадвар 60 хувиар буурчээ. Өмнө нь 40 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан зүйлдээ одоо 100 мянгыг төлдөг болсон гэсэн үг. Өргөн хэрэглээний гол бараанд тооцогддог гурил, мах, сүү, цагаан будааны одоогийн ханш л гэхэд найман жилийн өмнөхөөс 92-145 хувиар өсөж. Нэрлэсэн цалин сүүлийн гурван жилд 50 хувиар өссөн байхад гол нэрийн 10 орчим төрлийн бүтээгдэхүүний үнэ дунджаар 129 хувиар нэмэгджээ. Эдийн засагчид ч “Ирэх оноос инфляцын дарамт улам нэмэгдэнэ”, “Гадаад зах зээлээс шалтгаалсан нөлөө ихэснэ” гэж анхааруулж байгаа. Иргэдийн нуруун дээрх ачаа улам л нэмэгдэх нь.
Өрхийн эмзэг байдал даамжирлаа
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Монгол Улс дундаас дээш орлоготой орны ангилалд багтсан ч ядуурлын түвшин буурахгүй, үүнтэй холбоотой тогтвортой хөгжлийн зорилтоо хэрэгжүүлж чадахгүй байна” гэж ярьсан юм. Тодруулбал, өдгөө манай улсад ядуурлын түвшин 27.1 хувьтай байгаа нь гурван хүн тутмын нэг нь ядуурлын шугам (418 090 төгрөгөөс бага)-аас доогуур хэрэглээтэй гэсэн үг. Ядуурлын түвшин 2016 оны үеийнхээс ердөө 0.7 нэгжээр буурчээ. “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт “Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно”, “Орлогын тэгш бус байдлыг бууруулж, нийт хүн амын 80 хувийг дундаж, чинээлэг дундаж давхаргын ангилалд багтаана” гэсэн зорилт дэвшүүлсэн орны хувьд энэ нь туйлын хангалтгүй, муу үзүүлэлт билээ.
Статистикийн дүн мэдээ өрхийн орлого нэмэгдсэнийг илтгэж байгаа ч хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлттэй холбоотойгоор энэ секторын эмзэг байдал улам нэмэгдсэнийг Монголбанкны “Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-д дурджээ. Нийтлэг байдлаараа өрхийн зарлага орлогоосоо давсан, сөрөг үзүүлэлтэй байна. Үүний нөлөөгөөр давхар зээлтэй, ялангуяа банк бус санхүүгийн байгууллагад өртэй иргэдийн тоо энэ онд түүхэн дээд хэмжээгээр өсөж. Энэ оны есдүгээр сарын байдлаар банкан дахь иргэдийн зээлийн үлдэгдэл өмнөх оныхоос 44.2, банк бус санхүүгийн байгууллагынх 53.4 хувиар нэмэгджээ. Үнийн өсөлтөд дарлуулсан иргэд зарлагын зөрүү буюу ахуй амьжиргааныхаа зардлыг зээлийн эх үүсвэрээр шийдэх нь эрс нэмэгдсэн байх нь. Энэ нь монголчуудын амьдрал ямархуу байгааг илтгэх бас нэг төрлийн барометр юм.
Буруу бодлогын төлөөс
Иргэдийг туйлдуулж, амьдралын чанарыг нь дордуулдаг өөр нэг хүчин зүйл бол татварын дарамт юм. Хууль ёсны дагуу цалин хөлстэй хөдөлмөр эрхэлж буй хүн бүр сар болгон цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэлд 11.5, хүн амын орлогын албан татварт 10 хувийг суутгуулдаг. Үүнээс гадна ажил олгогчид ч мөн нийгмийн даатгалын шимтгэл (12.5 хувь), аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (10 хувь)-т багагүй хэмжээний мөнгө төлдөг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, дундаж цалин нэмэгдсэн ч иргэдийн гар дээрээ авдаг мөнгөний хэмжээ төдийлөн өсдөггүй, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд өөдийн нар үздэггүй нь үүнтэй холбоотой. Тэгээд төр энэ мөнгийг тэтгэвэр, тэтгэмж олгох нэрийдлээр халамжийн хэрэгсэл болгодог. Хөдөлмөрлөж, баялаг бүтээж байгаа иргэдийнхээ орлогыг татварлаж аваад, баялаг бүтээдэггүй хэсэгтээ тараадаг гэсэн үг. Хөдөлмөрлөснийхөө хэмжээгээр сайн сайхан амьдрах, бүтээсэн баялгийнхаа үр шимийг хүртэх боломжийг биднээс ийнхүү булаадаг. Энэ бол төрийн алдаатай бодлого, нийгмийн гажуудал гэдгийг судлаач, мэргэжилтнүүд хөндөөд, иргэд ч хүлээн зөвшөөрөөд удаж байна. Даанч энэ ачаа дарамт буурсангүй, жил ирэх тусам ихэссээр. Үүн дээр нэмээд агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, ханиад, томуу, халдварт өвчин гээд нийгмийн алдаатай бодлогын үр дүнд ужгирсан зүйлсийн өртгийг бид өдөр тутамдаа төлж, хохирч буй. 2024 оны эхний есөн сарын байдлаар гэхэд Нийгмийн даатгалын сангийн орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 34.1 хувиар буюу нэг, Эрүүл мэндийн даатгалын сангийнх 28.7 хувиар буюу 1.4 их наяд гаруй төгрөгөөр өсжээ.
Монголчуудын ахуй амьдрал бодит байдалд нийтээрээ ийм л буй. Цалин орлогын болон үнийн өсөлтийн уялдаагүй байдал, тэгш бус хуваарилалт, инфляцаас үүдэлтэй худалдан авах чадварын сулрал, өр, зээлийн дарамт, төрийн бодлого, нийгмийн халамжийн тогтолцооны гажуудал, импортын бараа, бүтээгдэхүүн, уул уурхайгаас хэт хамааралтай байдал зэрэг олон хүчин зүйл манай улсын иргэдийг туйлдуулж гүйцлээ.
Н.Мишээл