“UB shelter” амьтан асрах төвийнхөн өвлийн бэлтгэлээ хангахад хэрэгцээтэй байгаа зүйлсээр хандив өгөхийг олон нийтээс хүсжээ. Тус төвд одоогоор 110 нохой тэжээж буй аж. Энэ жилийн хувьд найман байраа галлах шаардлагатай тул 18 тонн нүүрс хэрэгтэй болж. Үүнийг нь “Азтай савар” ТББ-аас шийдэж тусалсан гэв. Бусад хүний хандивласан мөнгөөр хуучин пийшин, дотор дэвсэх хулдааснуудаа шинэчлэхээр болсон байна.
Тус төвийнхөн өдгөө Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Дуу чимээ ихтэй гэх шалтгаанаар ойролцоох айлууд нь дургүйцэх нь элбэг. Тиймээс байнга нүүдэллэх шаардлагатай болдог. Энэ удаа тэд хүний хөлөөс зайдуухан газарт төвхнөсөн ч нөмөр багатай учраас амьтдынхаа байрыг сайтар дулаалах шаардлагатай болсон гэнэ. Бас өвлийн улиралд амьтдынх нь тоо улам олширдог тул зай талбай хүрэлцэхгүй болдог аж. Тиймээс дулаалгын материал болон хоол тэжээл хандивлахыг цахим хуудсаараа дамжуулан уриалав.
А.ҮҮЛЭЭ