Энэ оны эхний есөн сарын байдлаар зам, тээврийн 21 485 осол бүртгэгджээ. Эл хугацаанд явган зорчигч холбогдсон 1525 осол бүртгэгдэж, 83 явган зорчигч нас барж, 1445 хүн гэмтсэн талаар ТЦА-наас өчигдөр мэдээлэв. Мөн унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож, осолд өртсөн 172 тохиолдол бүртгэгджээ. Ослын улмаас хоёр хүн нас барж, 170 хүн гэмтсэн байна.
Тиймээс ТЦА-наас явган зорчигчдыг зам, тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, дүрмийн дагуу зорчихыг уриалах зорилгоор “Ногоон гэрэл цагаан шугам” нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээ. Уг арга хэмжээг ирэх сарын 22 хүртэл зохион байгуулах аж. Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, багш, эцэг, эх, асран хамгаалагчдыг хамтран оролцохыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.
Ч.БОЛОР