Говийн гайхамшигт зургаан амьтны нэг болсон хавтгайн тоо толгой тогтвортой өсөхөд усан хангамж хамгийн чухал нөлөөтэйг судлаач, доктор, профессор Д.Чандмань хөндлөө. Алтайн өвөр говь дахь Богц цагаан дэрс, Баруун, Зүүн шарга, Тооройн булаг, Майхан булаг, Эхийн гол, Шар хулст, Цагаан бургастын баянбүрд нь эртнээс нааш хавтгайн сүрэг нүүдэллэж, орогнох цөм нутаг байсаар иржээ.
Эдгээр нь хүн, малын нөлөөллөөс харьцангуй ангид тул зэрлэг амьтад идээшлэн нутаглахад хамгийн таатай бүсэд тооцогддог байж. Харин тус бүсэд чоно элбэгшиж, байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй хатуу ширүүн уур амьсгал эрчимжсэнээр хавтгай тааваараа өсөж үржих, нутаглах, ундаалах боломж хумигдаж байгааг судлаач хэлэв. Иймд тухайн газар орны онцлогт тохирсон хиймэл баянбүрдүүдийг байгуулж, говийн ховор амьтдын амьдрах орчныг сайжруулах нь зүйтэй гэлээ.