Спортын гимнастикийн үндэсний шигшээ багийн тамирчдаас ОУХМ Д.Энхтүвшин Унгарын Зомбатли хотод зохион байгуулсан “Дэлхийн цом”- ын тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм. Үүгээр 14 жил тууштай хичээллэсэн тэрбээр хилийн дээс алхаж, томоохон амжилт гаргасан удаа цөөнгүй. Тухайлбал, ОХУ-ын Казань хотод өнгөрсөн зургаадугаар сард болсон “Brics-2024” олон улсын тэмцээний гимнастикийн төрөлд бариултай морь, турникийн төрөлд тус бүр хүрэл медаль гардсан. Түүний хувьд гимнастикийн дээрх төрлүүдэд дэлхийн чансаанд дээгүүр байр эзэлдэг. Өдгөө чөлөөт хөдөлгөөний төрөлд III, харайлтын төрөлд II, бариултай морины төрөлд XVI байрт эрэмбэлэгдэж буй түүнтэй ярилцлаа.-Та Унгарт зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын цуврал сүүлчийн тэмцээнээс хүрэл медальтай ирж, спортын гимнастикчдыг баярлууллаа. Зомбатли хотыг зорихдоо өөртөө юу гэж амлаж байсан зорилгоосоо сонирхуулаач.
-Миний хувьд тус улсыг хоёр дахь удаагаа зорьж “Дэлхийн цом”-д оролцлоо. Энэ удаа яг л эх орондоо байгаа мэт санагдсан шүү. Өнгөрсөн жил анх хөл тавихад хотынх нь хөгжил, иргэдээ хүндэлдэг соёл, орчин нөхцөл, уур амьсгал, цаг агаар гээд бүх зүйл нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Тэр дундаа спортын заал руу нь бэлтгэл хийхээр ороход тамирчид нь ирчихсэн угтахыг хараад сэтгэл их догдолж билээ. Тэнд өмнө нь IV байрт шалгарахдаа “Ур чадвар, туршлагаа илүү сайжруулж, ирэх жилийн тэмцээнээс заавал медальтай нутаг буцна” гэж өөртөө амласан юм. Тэр зорилгоо биелүүлж, хүрэл медальтай ирсэндээ сэтгэл өндөр байна. “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртчихээд Унгараас баярт мэдээг ээждээ хамгийн түрүүнд дуулгасан. Үүнээс өмнө Турк, Болгар, Словенид зохион байгуулахад нь чөлөөт хөдөлгөөний төрөлд финалд шалгарсан ч медалиас атгаад л алддаг байв. Би хоёрдугаар сараас хойш дөрвөн цувралд өрсөлдөхдөө өөрийгөө дайчилж, маш их хичээсэн. Хавар болсон Азийн АШТ-д медаль хүртэх боломж ойрхон байгааг мэдэрсэн. Тэр үед шагнал гардаагүй ч дараа хэзээ ч ганзага хоосон буцахгүй гэж том зорилго тавьсан.
-Миний мэдэхээр та дасгалжуулагч Д.Оюунтуяа багшийн удирдлагад цөөнгүй жил хичээллэсэн. Өнөөгийн түвшинд хүртэл урагшлахад тань түүний хичээл зүтгэл ихээхэн нөлөөлсөн гэж боддог.
-Багшийнхаа удирдлагад 14 жил хичээллэж байна. ОХУ-д 2017 онд болсон олон улсын тэмцээнд харайлт, чөлөөт хөдөлгөөний төрөлд тус бүр мөнгөн медаль гардсан. Миний хувьд анхны том амжилт байсан тул урам авч, өнөөгийн түвшинд хүртэл урагшлахад нөлөөлсөн гэж боддог. Би их сонин тохиолдлоор энэ спортод хөл тавьсан. Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуульд сурдаг байхад ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан аэробик гимнастикийн тэмцээн боллоо. Тэгтэл манай сургуулийн нэг багш намайг дагуулж яваад Д.Оюунтуяа дасгалжуулагчтай танилцуулж “Энэ их хөдөлгөөнтэй хүүхэд байгаа юм. Гимнастикаар хичээллэхэд тохирно” гэж хэлэв. Өсвөр насанд хүрээд бэлтгэл хийх хэцүү санагдаж, спортоо орхих талаар боддог болоход тэмцээнээс хүртсэн медалиуд маань эрч хүч өгч, зааланд буцаан авчирдаг байв. Намайг шантраад эхлэхийг багш ажиглаад “Чамд хэр их хүч байгааг мэдэх үү. Чи бүхнийг даваад гарч чадна” гэж зоригжуулдаг сан. Өдрөөс өдөрт ахиж, өөртөө итгэлтэй болоход багшийн минь сэтгэлийн дэм, өгсөн зөвлөгөө их нөлөөлсөн шүү.
-Томоохон тэмцээнд медалиас мултарч, байр ухрах танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-III-IV байр луу ухрахад өөрийн эрхгүй сэтгэл гонсойж, таагүй мэдрэмж төрдөг. Энэ удаагийн “Дэлхийн цом”-д шигшээд шалгарсан найман тамирчнаас би зургаад зогсож байлаа. Тэр үед яагаад ч юм медаль хүртэх мэдрэмж төрөөд байв. Цувралын сүүлчийн тэмцээн байсан тул медаль зүүх зорилго маань юу юунаас илүү бодогдсон. Бидэнд ямар ч үед түшиг болдог хүн бол багш минь. Үзүүлбэр гүйцэтгэхээр талбайд гарахын өмнө “Сайн хийгээрэй. Шавьдаа амжилт хүсье” гэдэг. Словени, Тайванийн тамирчин надаас дээгүүр оноогоор финалдсан ч үзүүлбэрээ гүйцэтгэхдээ алдаа гаргаж унасан юм. Казахстан, Болгарын тамирчин эхний хоёр байрыг эзэлж, миний хувьд хүрэл медаль хүртэх нь тодорхой болсон тул сэтгэл догдолж, баяраа хамгийн түрүүнд багштайгаа хуваалцсан. Казахстаны тамирчин Ассан Салимов надтай чацуу. Тэрбээр харайлтын төрөлд хүчтэй өрсөлддөг. Олон жил хичээллэсэн туршлагаа энэ удаа ч бас харуулж түрүүллээ. Бид нэгнээ эртнээс мэднэ. Тэмцээний үед тааралдвал мэндэлж, хэн хэндээ амжилт хүсээд өрсөлддөг юм. Миний хувьд насанд хүрэгчдийн ангилалд Монголоос “Дэлхийн цом”-ын тэмцээнд медаль хүртсэн анхны тамирчин болж байна. Унгарт гардсан хүрэл медаль надад үнэ цэнтэй ирсэн.
-Спортын төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой. Спортын гимнастикт Азийн тамирчид тэргүүлдэг. Европынхонтой эн тэнцүү өрсөлдөж, амжилт гаргадаг давуу тал нь юу бол?
-Азийн орнуудаас Япон, БНХАУ-ын тамирчид техникээр давуу болохоо харуулдаг. Спортын гимнастикт намхан, хөнгөн жинтэй байх тусмаа амжилт гаргах магадлал их. Европчууд өндөр, биерхүү, хүчтэй. ОХУ, АНУ-ын гимнастикчид ур чадвартай. Улс нь ямар хэмжээнд хэрхэн хөгжүүлснийг тэд амжилтаараа батлан харуулдаг. Тамирчид өрсөлдөгчөөсөө шинэ зүйл харах дуртай. Надтай өрсөлдсөн гимнастикчдаас Швед, Канадын тамирчны дасгал тун сонирхолтой санагдсан. Тэр тусмаа Канадын тамирчин шинэ элемент гүйцэтгэсэн нь их таалагдсан.
-Сүүлийн үед спортын гимнастикийн дүрэм, шүүлтийн системд өөрчлөлт оров уу?
-Дүрэмд өөрчлөлт орж, шинэчлэгдэж байгаа. Ирэх жилээс мөрдөж эхэлнэ. Тамирчид хойших тэмцээнүүдэд шинэ дүрмээр өрсөлдөж, “Лос-Анжелес-2028” зуны олимпын наадамд оролцох эрхийн оноо авна. Хиймэл савлуур дээр 10 элемент гүйцэтгэдэг байсан бол шинэчлэгдсэн дүрмээр наймыг гүйцэтгэнэ. Зарим хэрэглэлийн дасгал, гүйцэтгэл өмнөхөөсөө илүү нарийвчлалтай болсон. Энэ нь тамирчдаас ур чадвар, хүч, хурд илүү шаардана гэсэн үг. Бид ч гэсэн шинэчлэгдсэн дүрмийн дагуу бэлтгэл хийнэ. Болгарын Варна хотод “Дэлхийн цом”-ын эхний цуврал ирэх жилийн тавдугаар сарын 8-11, хоёр дахь нь Словенийн Копер хотод 15-18-нд болох юм. Миний хувьд Болгарыг хоёр, Словенийг гурав дахь удаагаа зорино.
-Тамирчны амьдралаар замнах хааяа хүнд санагддаг биз?
-Тамирчин байх хааяа хэцүү санагддаг. Гэр, сургууль, заал гэсэн жимээр цаг хугацааг үдэж байна. Хичээл тараад бэлтгэлээ хийхээр заал руу гүйнэ. Хэдэн цаг тасралтгүй сургуулилалт хийж, орой л гэрийн бараа хардаг. Өөрийн дураар тоглож, дуртай зүйлдээ цаг гаргаж буй үеийнхнийгээ хараад нэг хэсэг атаархдаг байлаа. Юм ойлгодог насанд хүрээд бэлтгэл хийх нь миний ирээдүйд хэрэг болно гэдгийг ухаарсан. Олон жил тууштай хичээллэхээр дадал зуршил суудаг. Сүүлдээ бэлтгэл хийхгүй бол нэг л зүйл дутаад байх шиг санагдана. Би ҮБТДС-д дасгалжуулагч мэргэжлээр сурдаг. Ирэх жил сургуулиа төгсөнө. Тэмцээн дөхөхөөр бэлтгэлийн ачаалал ихэсдэг. Тиймээс хийх зүйлээ сайтар бодож, цагийн төлөвлөгөө гаргадаг. Манайхан намайг анх хичээллэсэн цагаас дэмжсэн. Тэд минь одоо миний үнэнч хөгжөөн дэмжигч, найдвартай ар тал минь.
-Тамирчид бэлтгэл, тэмцээн гэж завгүй явсаар цөөн нөхөдтэй үлдсэн байх юм?
-Тийм тал бий. Би үеийнхээ тамирчидтай найзалж, тэднийхээ зан чанар, давуу талаар бахархах дуртай. Бид бэлтгэл хийхдээ, тэмцээнд оролцохдоо ч нэгнээ дэмжинэ, сэтгэлийн дэм өгч, хурцалж урагшлуулна. ХБНГУ-д зохион байгуулсан тэмцээнд би эхний хэрэглэлээ тааруухан гүйцэтгэж, урам муутайхан сууж байтал Э.Өсөхбаяр “Зүгээр дээ, найз аа. Дараагийнхаа хэрэглэл дээр алдаа гаргахгүй сайн хийгээрэй. Амжилт” гэж хэлэхэд нь сэтгэл сэргээд л ирсэн. Миний хувьд түүний дайчин, зоримог занг үнэлдэг. Тэгвэл Б.Баттөр зөөлөн зантай. Б.Болдбаатар биднээс хожуу 12 настайдаа спортын гимнастикаар хичээллэсэн. Өмнө нь турникээр хичээллэдэг байсан юм. Тэрбээр бэлтгэл хийхдээ унаж бэртэхээс ер айдаггүй. Түүний энэ зан нь нөхдөө өөртөө итгэлтэй болгож зоригжуулдаг.
-Та хилийн дээс хэдэнтээ алхлаа. Тэмцээнээс тэмцээнд оролцож явсаар гэртээ нэг их тухлаагүй бололтой.
-Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш гэртээ нэг их тухтай амраагүй. Тэмцээнээс тэмцээнд оролцож, туршлага чамгүй хуримтлуулаа. Цаг хугацаа ч хурдан өнгөрсөн байна. Би ирэх жилээс зургаан хэрэглэлтэй дасгалд нийлбэр дүнгээр өрсөлдөнө. Хойшид ДАШТ-д оролцож, олимпын эрх авах бодол бий. Би нэг хэсэг Японы алдарт тамирчин Кохей Ичимүрагийн техникийн давуу талуудыг хардаг байлаа. Сүүлийн үед ОХУ-ын тамирчин Никита Нагорныгийн тэмцээний бичлэгүүдийг үзэж, судлах болсон. Миний ойрын зорилго ирэх жилийн Азийн АШТ-ээс медаль хүртэх. Хэтийн зорилго гэвэл “Лос-Анжелес-2028” олимпын наадамд оролцох.
-Парисын олимпын спортын гимнастикийн тэмцээнд Азийн тамирчид аварга болж байгаа харагдсан. Та сонирхож үзсэн байх.
-Миний хувьд Японы багийг дэмждэг. Азийнхнаас Японы, Хятадын гимнастикчид зургаан хэрэглэлийн нийлбэр дүнгээр голдуу тэргүүн байр эзэлдэг. Парисын олимпын спортын гимнастикийн тэмцээнд Японы тамирчдаас Ока Шинносүкэ ганцаарчилсан төрөлд (зургаан хэрэглэлтэй дасгалд нийлбэр дүнгээр) олимпын аварга болсон. Тэрбээр Индонезийн Жакартад 2018 онд болсон Азийн наадамд өсвөр үеийнхний ангилалд түрүүлсэн юм. Түүнтэй өрсөлдсөн тамирчдаас өмнөд хөршийн гимнастикч Жан Бокенг мөнгөн медаль зүүлээ. 2021 онд болсон Токиогийн олимпын ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Дайки Хашимото Парист гялалзсангүй. Алдаа гаргаж, хойгуур байр эзэлсэн түүний бэлтгэл тааруухан байсан нь тэмцээний үеэр ажиглагдсан.
-Тэднээс хэнийх нь ур чадвараар бахархдаг вэ?
-Миний бахархдаг тамирчдын нэг бол Японы олимпын хошой аварга Кохэй Учимүра. Түүнийг гимнастикийн хаан хэмээдэг. Тэрбээр “Лондон-2012”, “Рио-2016” олимпын наадмаас дараалж алтан медаль гардсан. Өдгөө зодог тайлж, дасгалжуулагчаар ажиллах болсон түүний шавь нар сүүлийн үед тив, дэлхийн тэмцээнд хүчтэй өрсөлдөх болжээ. Түүнчлэн БНХАУ-ын тамирчин Жан Бохенг 2021 онд болсон ДАШТ-д түрүүлж алт, дараа жил нь мөнгөн медаль хүртэж байв. Мөн тэр жил дэлхийн универсиад наадмаас хошой алт, мөн “Ханжоу-2022” Азийн наадмаас гурван алтан медальтай нутаг буцсан. Миний таамаглаж буйгаар “Лос-Анжелес-2028” олимпын наадамд өмнөд хөршийн гимнастикчид ганцаарчилсан, багийн төрөлд цахиур хагалж тэргүүлэх байх.
-ДАШТ-д оролцож, олимпын эрх авах бодол бий гэж та дээр өгүүлсэн. 34 дэх удаагийн олимпын наадам АНУ-д болно. Одоохондоо хол сонсогдож байгаа ч цаг хугацаа хурдан өнгөрдөг шүү дээ.
-Тэр үед нэг л мэдэхэд олимпын наадам хэдийн хаяанд ирсэн байх болов уу. Тиймээс яг одооноос хичээж, бэлтгэлдээ анхаарал хандуулахгүй бол хожимдоно. Унгарт ирэх жил зохион байгуулах “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнээс олимпын наадмын оноо олгож эхлэх юм. Спортын гимнастикийн тамирчид ДАШТ-ээс олимпод өрсөлдөх эрх авдаг. “Дэлхийн цом”-ын цуврал дөрвөн тэмцээнд түрүүлсэн тамирчин 30, мөнгөн медаль хүртсэн нь 25, хүрэл медаль зүүсэн нь 20 оноо авдаг. Тус цувралын гуравт нь тэргүүн байрт шалгарвал эрх авах боломжтой. Тэгвэл ДАШТ-д шигшээ эхний 24 байрт шалгарахад олимпын эрх олгодог.
-Та ДАШТ-д өрсөлдсөн санагдах юм. Азийн АШТ-ээс эрх авч оролцсон байх аа?
-ДАШТ-д өнгөрсөн жилээс оролцож эхэлсэн. Сингапурт болсон Азийн АШТ-д Э.Өсөхбаяр зургаан хэрэглэлтэй дасгалд нийлбэр дүнгээр, харин би чөлөөт хөдөлгөөний дасгалд эрх авч байлаа. Бельги улсад зохион байгуулсан ДАШТ-ий турникийн төрөлд оролцох нэг тамирчин ирээгүй тул надад өрсөлдөх боломж гарсан. Парисын олимпын спортын гимнастикийн турникийн төрөлд Тайванийн тамирчин Жан Чиа Хунг хүрэл медаль хүртсэн. 2021 онд болсон ДАШТ-ий бариултай морины төрөлд түрүүлсэн Ирландын тамирчин Парисын олимпоос анх удаа алтан медаль хүртэж, аварга боллоо.
-Зургаан хэрэглэлтэй дасгалын алинд илүү амжилт гаргадаг вэ?
-Миний хувьд харайлт, бариултай морь, турникийн дасгалд дуртай. Манай тамирчдаас Э.Өсөхбаяр чөлөөт хөдөлгөөний төрөлд илүү амжилт гаргадаг бол би харайлтын төрлийг цэвэрхэн гүйцэтгэдэг. “Дэлхийн цом”-ын цувралаас медаль хүртэхийн тулд олон ч жил уйгагүй хичээллэлээ. Шагналын тавцанд нэрийг минь зарлахад өөртөө үнэхээр итгээгүй. Нэг л мэдэхэд медалиа зүүгээд зогсож байв. “Лондон-2012” олимпод бариултай морины төрөлд түрүүлсэн Унгарын тамирчин надад хүрэл медаль гардуулахад баярлаж, их бэлгэшээсэн шүү. Тэр үед багшаараа, бас өөрөөрөө бахархаж “Би чадлаа” гээд бодож байлаа
-Спортын орчин таныг ямар хүн болгож төлөвшүүлэв?
-Би айлын бага хүү, нэг эгчтэй. Эгч минь багш мэргэжилтэй. Аав Архангай аймгийн Цэнхэр сумынх, ой судлалын мэргэжилтэн. Ээж Улаанбаатар хотынх. Үйлчилгээний байгууллагад ажилладаг. Эрх өссөн намайг спортын гимнастик олон талаар өөрчилж, хатуужил тэвчээрт сурган, сахилга баттай болгосон. Тамирчин болсноор олонтой нээлттэй, зөв харилцаж сурлаа. Одоо бол хатуухан зэмлэсэн ч, магтаж урамшуулсан ч аль алийг нь даадаг болсон.
-Шигшээ багийн босгоор алхсан тамирчдад олон улсын тэмцээнд оролцох боломж бүрддэг. Тэр үед та ч гэсэн үүрэг, хариуцлага өмнөхөөсөө нэмэгдсэнийг мэдэрсэн болов уу?
-2020 онд үндэсний шигшээ багийн тамирчин болж, хоёр жилийн дараа ОУХМ цол хүртсэн. Намайг шигшээ багт хөл тавихад багш “Чиний нуруун дээрх ачаа, үүрэг хариуцлага өмнөхөөсөө илүү хүнд боллоо. Хичээгээрэй” гээд урам хайрлаж байв.