Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 81 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг угтан Тээврийн цагдаагийн алба (ТЦА), түүний бүрэлдэхүүнд багтдаг Төмөр замын цагдаагийн газар (ТЗЦГ)-аас хошууч генерал М.Ганболдыг урьж, уулзалт зохион байгууллаа. Эл уулзалтадТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Т.Дэлгэрсайхан, ТЗЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ц.Наранбаатар, тус албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатар болон ахмад ажилтан, алба хаагчид оролцсон юм. Энэ үеэр хошууч генерал М.Ганболд алба хаагчдад өөрийн ажил, амьдралын туршлагаасаа хуваалцаж, сонирхсон асуултад нь хариулж, санал солилцсон юм. ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан, БНАСАУ-д суух Элчин сайд асан, хошууч генерал М.Ганболдын хувьд цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажиллахдаа 18-д нь тухайн үеийн нэршлээр Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч, хэлтсийн даргын албан тушаал хашсан нэгэн.
Тэгвэл эл ойг угтсан арга хэмжээг Хэнтий аймгийн Цагдаагийн газрынхан уржигдар зохион байгуулав. Энэ хүрээнд тус Цагдаагийн газраас ажлын гараагаа эхлүүлсэн, ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Ч.Амарболд, хошууч генерал Ж.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ДХИС-ийн 90 жилийн ойг тохиолдуулан хэдхэн хоногийн өмнө бригадын генерал цол хүртсэн эл сургуулийн захирал П.Батбаатар нарт хүндэтгэл үзүүлж, ирээдүй хойч үе болсон залуу боловсон хүчнүүдэд ажиллаж байсан үеийн ололт амжилт, хөгжил дэвшил, албаны үнэт зүйлсийн талаар дурсамжаа хуваалцан, нийт алба хаагчдад сургамж, зөвлөгөө өгсөн байна. Хошууч генерал Ч.Амарболдын хувьд 1977 оноос Хэнтий аймгийн Галшар сумын хэсгийн төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлсэн бол, хошууч генерал Ж.Болд, бригадын генерал П.Батбаатар нар Цагдаагийн дээд сургууль төгсөөд тус Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөр зэрэгцэн ажиллаж байжээ.
Мөн өнгөрсөн лхагва гарагт Дархан-Уул аймгийн Засаг дарга, Цагдаагийн газрынхан бригадын генерал А.Дулаанжаргалыг урьж хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр тус Цагдаагийн газарт 1983 оноос эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн нэгэн.