Логик паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг БНХАУ-ын Бээжин хотноо өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Эл тэмцээнд манай улсаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 12а ангийн сурагч А.Оюун-Эрдэнэ оролцож, мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр тэрбээр логик паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм.
Ташрамд дурдахад, манай улсын тамирчид уг тэмцээнд гурав дахь жилдээ оролцож буй. Энэ удаагийн тэмцээнд нийт 25 орны 138 тамирчин оролцжээ. Ингэхдээ тэд гурван өдрийн турш өрсөлдөж, нийт 317 логик паззл бодон, шилдгүүдээ шалгаруулсан байна.
Логик паззлын тэмцээн нь гадаад хэл, эсвэл нарийвчилсан шинжлэх ухааны мэдлэг шаарддаггүй. Харин цэвэр логик сэтгэлгээнд суурилдгаараа онцлогтой.
У.СҮРЭН