Эмч би,
Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж
Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа
Тангараглая,
Эмч мэргэжлийг эзэмшсэн хүн бүрийн өргөдөг андгайг ийн сануулах болсон нь учиртай. Хүний эрх, эрх чөлөө, нэр төр, жендер, гоо зүй гээд язгуур эрх ашгийг дээдэлдэг шинэ зуун манай эмч нараас хүнлэг байхыг, ёс зүйтэй, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахыг шаардах боллоо. Тэр дундаа хуучин цагийн, хоцрогдсон арга барилаа гээдэггүй эмч нарт хийх ёстой ажлыг нь, үүрэг хариуцлагыг нь, ёс зүйн хэм хэмжээг нь, өргөсөн тангаргийг нь сануулах шаардлага үүсэв.
Нэг үеэ бодвол эмч нарын ааш зан, харилцаа хандлага нь засарч сайжирсан гэж нийгмийн олонх сайшаадаг. “Юм л болбол танил тал царайчлуулж, иргэдээс яаж ийж байгаад мөнгө “салгачихъя” гэдэг нь багассан байна. Хүүхдээ төрүүлэхэд эмч нарын гарыг цайлгахаа больчихож. Энэ удаад аятайхан ааштай асрагч, сувилагчтай таарлаа” гэж баярлах хүн цөөнгүй. Тэгвэл яагаад бид ийм өчүүхэн зүйлд алга таших ёстой билээ. Эмч нар аль ч цаг үед, хэзээ ч, хаана ч, ямар ч тохиолдолд өргөсөн тангарагтаа үнэнч л ажиллах ёстой. Гэвч эл тангаргаа юманчинээ ч боддоггүй, энэрэх сэтгэлээ гээчихсэн эмч нар эл салбарт цөөн биш байдгийг иргэд сүүлийн үед нэлээд шүүмжилж буй.
Нэгэн ээж хийсвэр (кесарево) хагалгааны дараах гэдэснийхээ умайж атирсан зургийг хэдхэн хоногийн өмнө нийгмийн сүлжээнд нийтэлсэн нь олон хүний нүдийг орой дээр нь гаргав. Түүний гэдсийг давсгаас нь дээш хүйсийн нүх хүртэл нь маш том хэмжээтэй зүсэж, арьс, шархыг нь төмөр утсаар хэрчихсэн мэт оёсныг харсан хүн бүр эгдүүцэж, зэвүүцсэн. Нийгмийн сүлжээнд олон мянган хүн түүний зургийг түгээж, өөрсдөдөө тохиолдсон гунигт кэйсүүдээ ч “уудалцгаасан” байв.
Уг нь хийсвэр хагалгааг давсаг хавьцаа, ташааны чигт хөндлөн, дөрвөн хуруу ч хүрэхгүй хэмжээтэй зүсэж, хийдэг стандарттай болоод удсан шүү дээ. Стандартын дагуу хийсэн ийм хагалгааны эдгэрэх явц түргэн, бараг сорви үлддэггүй, мэдэгддэг ч үгүй аж. Гэтэл дээрх кэйсийн тухайд хийсвэр хагалгааг нь хөндлөн биш, босоо байрлалтай, 10 хуруу багтахаар хэмжээтэй том зүссэн нь зургаас илт байв. Маш том хэмжээтэй, умайж атирсан, бүрэн эдгээгүй оёдлын шарх эмч нарын сэтгэл, хандлагыг тэр чигт нь илчилсэн гэхэд болно.
Шүгэл үлээсэн дээрх эмэгтэйн тусламж хүссэн постын хариуд ээжүүд одоо ч эмч нарын “баг”-ийг хуулсаар байна. Нөлөөлөгч гэгдэх Б.Цэцэг энэ талаар “Би хоёр удаа Эх, нялхас (Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв ЭХЭМҮТ)-т хийсвэрээр төрсөн. Миний оёдол надад бараг харагдахгүй шахам эдгэрсэн л дээ. Гэхдээ хийсвэр хагалгааны дараа оёдлоо шаруулах гээд ээжүүдтэй дугаарлаад зогсдог байсан. Хийсвэрийн “ухаан алдмаар” оёдолтой хүмүүс зөндөө. Нэг эмнэлэгт төрсөн атал миний оёдол тэднийхээс тэс өөр. Гоо сайхны хагалгааны солонгос, хайлдаг утсаар шархыг минь оёсон учраас тэр байх. Ялгаатай хандах нөхцөлийг бүрдүүлж, мөнгө төлсөн учраас тэд надад хамаг сайхнаараа үйлчилсэн гэсэн үг. Гэхдээ мөнгө төлөхгүй байсан ч стандартын дагуу оёх утас, хэрэгсэл нь Эх, нялхсын эмнэлэгт байдаг. Эмч нар л бизнес болгочихсон юм билээ. Төрөх бүрдээ л “хахтал” нь хахуульдсан. Үгүй бол үйлчлэхгүй, уурлана, зандарна, аашилна, шоглоно, хэцүү шүү дээ. Ёстой улсын урдаа барьдаг, хүндэрсэн тохиолдолд бүх нарийн аппарат, хэрэгсэл нь энд байдаг учраас л хахуульдаад ч хамаагүй төрдөг над шиг олон ээж бий. За, тэгээд боломжгүй амьдралтай бол чамтай нохой, гахай шиг л харьцана. Би саяхан төрөхөд ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй л байна лээ. Эцэст нь мөнгөгүй бол төрөх тасагт та нар хэн ч биш, тэд хөдлөхгүй. Энэ эмэгтэйнх шиг гэдсийг чинь хумиад “боочихно” гэсэн үг. Бүр “Мөнгө өгөөгүй” гээд оёдлын утсаараа биччихсэн байгаа биз дээ” хэмээсэн байв. Үүнтэй холбоотой мянга гаруй сэтгэгдлийн дунд ЭХЭМҮТ-д гадуурхагдаж, шоовдорлуулсан тухайгаа, хагалгааны оёдол нь хачин муухай эдгэрсэн талаар олон ч хүн бичсэн байв.
Бас нэгэн эмэгтэй “Хүү минь өвдөөд, Эх, нялхсын сэхээний тасагт хэвтсэн юм. Картаа аваад эргээд ирэх хооронд хүүгийн минь өлгий, даавууг шалан дээр хаа сайгүй шидчихсэн байж билээ. Би тэрүүхэн зуурт “Хүү минь өнгөрчихсөн юм биш биз дээ” гэж бодоод өлгий, даавууг цуглуулж, тэврээд хүйт даасан харанхуй хонгилд цурхиртлаа уйлсан. Бас л харгис, тэр үед эмч нь “Хүүхэд чинь үхнэ, сэтгэл зүйгээ бэлд. Битгий гонгиноод, уйлаад яваад бай” гэж зөндөө загнасан. Ёстой хар дарсан зүүд шиг өдрүүд өнгөрсөн дөө. Үүнээс хойш бага хүүхдээ төрүүлэх гээд эмчийн хяналтад оров оо. Гэтэл өрхийн эмч “Олон жилийн зайтай төрж буй юм байна. Дээрээс нь 30 нас гарсан л бол цоо эрүүл хүүхэд төрүүлэх бараг боломжгүй” гэх мэтчилэн сэтгэл зүйгээр зөндөө л үхүүлж байлаа, эмч нар. Тэд яагаад ийм хүн чанаргүй, аймшигтай болчихсныг гайхдаг” гэж ярьсан юм.
Эмч нарын зүй бус үйлдэл, энэ мэт хүнлэг бус харилцаа ингээд дуусахгүй, кэйс дурдаад ч үзэг, цаас барагдахгүй аж. Нэгэн эмэгтэй мөн л амаржихдаа эмч нарын сэтгэлгүй үйлдлээс болж хохирсон тухайгаа ярьсан юм. Тэрбээр анхны хүүхдээ төрүүлэхээр харьяа амаржих газартаа хэвтэж, эрүүл мэндийн онцын заалтгүй тул жам ёсоороо нярайлсан юм билээ. Гэвч эмч нар амаржих үеэр нь түүнийг загнаж, “Төрөхийн ор хүрэлцэхгүй байхад юундаа дүлж ядаад, баашлаад байгаа юм бэ. Цаана чинь төрөх гээд олон хүн хүлээж байна” гэж хэлээд дүлүүлэх боломж олгохгүйгээр хярзанг нь дур мэдэн хайчилж, төрөх үйл явцыг механикаар түргэсгэсэн байгаа юм. Түүний хэлснээр эмч нар яарч сандрахдаа санд мэнд оёдол тавьснаас болж, хоёр ч хонолгүй задарсан гэв. Эмч нартаа хэлж, дахин оёулмаар байгаагаа учирлатал “Өөрийнхөө буруугаас болж оёдлоо задалсан байна. Бидэнд хамаагүй. Тэгээд ч хярзангийн оёдол гоо сайхны хагалгаанд ордог, үнэтэй ч хийдэг” хэмээгээд эмчилж өгөөгүй аж. Хүүхдээ томорсны дараа хэзээ хойно хярзангийн урагдлаа эмчлүүлсэн гэх.
Хамгийн сүүлийн бас нэг жишээ, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчийг хэвлэлд эмнэлгээ шүүмжлэн ярилцлага өгснийх нь төлөө бусад нь гадуурхаж дарамтлан, байцаасан тухай мэдээлэл ч гарсан. Эмч нар хэзээнээс ийм бүдүүлэг, хүний мөсгүй, дарангуйлагч болж хувирсныг хэлж мэдэхгүй байна гэж иргэд шүүмжилжээ. Уг нь үйлчлүүлэгчдээ өнгө мөнгөөр ялгаварлахыг, дээдэстэй урсгал ус шиг, доодостой арслан бар шиг харилцахыг, нэгнээ матаж, нөгөөд дулдуйдахыг эмчийн тангарагт нь дурдаагүй л байх юм. Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлд нэгт эмчийн мэргэжил эзэмшсэн хүн бүр тангараг өргөхийг заасан. Өргөх тангаргийн үгийг нь хүртэл тус заалтад бүтнээр нь хуульчлан оруулсан байдаг.
Түүнчлэн Үндсэн хууль, Эрүүл мэндийн болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хууль, мөн Монгол Улсын хүлээн зөвшөөрч, нэгдсэн хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын эрх зүйн баримт бичгийн дагуу боловсруулсан Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг нийтээр дагаж мөрдөх ёстой. Үүнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчтэй харилцахдаа хүнлэг, энэрэнгүй байх, хүндэтгэлтэй хандах, чин үнэнч, шударга байх, хүн бүрд тэгш хандаж, үл ялгаварлах, хариуцлагатай байхыг нарийн тусгасан байдгийг нэмж сануулъя.