Хүүхэд хамгааллын тухай хуулийг өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд УИХ-аар шинэчлэн баталж, энэ сарын 1-нээс хэрэгжүүлж буй билээ. Тус хуульд “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тухайн орон нутгийн хүн амын тоо, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, түүний эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг харгалзан гурван жил тутамд Засгийн газраас тогтооно” гэсэн заалтыг шинээр нэмсэн байдаг. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 16 мянган хүүхэд тутамд хүүхдийн эрхийн нэг байцаагч ажиллуулахаар Засгийн газраас тогтоосныг салбарын яамнаас мэдээлэв. Мөн тэдний ажиллах дүрмийг анх удаа баталж, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг сайжруулсан гэнэ.
Улсын хэмжээнд өдгөө хүүхдийн эрхийн 48 байцаагч давхар чиг үүрэгтэй ажиллаж буй аж. Шинээр баталсан ажиллах дүрмийн дагуу улсын байцаагч нар цаашид хүүхдийн эрхийн 29 зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй болжээ. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу захиргааны хяналт тавих, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд хяналт шалгалтын арга, хэлбэрээр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, үүнтэй холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, арилгуулах, зөвлөн туслах зэргээр хүүхдийн эрхийг хангуулахад голлон ажиллах юм байна.
О.Ундрах