Төсвийн буюу татвар төлөгч жирийн иргэд бидний төрдөө тушаасан мөнгөнөөс тендер гэх халхавч дор авчхаад хийх ёстой ажлаа хийхгүй гүрийж буй барилгын компани олон. Тэдгээр компанийнхан төсвийн мөнгөөр барьж буй барилгуудыг өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээ төрийн дарамт их, “хүчиндүүлж” өртэй боллоо хэмээн мэдэгдэл гаргасан тохиолдол ч бий.
Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр төр санхүүжилтээ цаг тухайд нь олгодоггүйгээс барилга барьж буй аж ахуйн нэгжүүд хохирох явдал бий. Өөрсдөө хийж чадна хэмээн тендерт шалгарч, мөнгийг нь авчхаад алга болдог тохиолдол ч цөөнгүй. Энэ мэт шалтгаанаас болж төрийн мөнгөөр барьж буй барилгууд “царцсан” гэх жагсаалтад багтаж, ашиглалтад оролгүй олон сар, жил болсоор байгаа билээ. Тэр дундаа нийгмийн чухал хэрэгцээт барилга болох сургууль, цэцэрлэгийн объектуудыг нэн тэргүүнд “царцаачихдаг”. Үүнээс болж хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх зөрчигдсөөр байна. Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулахад үүссэн авлигын хор уршиг ужгиран үр хүүхдүүдэд нь мэдрэгдэж буйн тод жишээ энэ буюу.
Сангийн яамны мэдээллээр 620 орчим барилгын ажил зогссон гэв
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон царцаагдсан барилга байгууламжийн төлөвлөлт, хяналтыг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Тус газрынхан авлигын гэмт хэрэг үүсэх шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах чиг үүргийн хүрээнд энэ ажлыг хийсэн юм. Үүний үр дүнд 2009-2024 он хүртэл 15 жил дамнасан 502 барилга, анхны төсөвт өртөг нь 2-5 дахин өссөнийг тогтоосон. Үүнээс 2024 онд ашиглалтад оруулсан 29 төсөл, барилга угсралтын ажил нь үргэлжилж буй 422, ажил нь удааширч зогссон болон асуудалтай 51 барилга байгууламж бий гэнэ. Ажил нь зогссон 51 барилга байгууламжийг нийт 215 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр анх төсөвт суулгасан байж. Төрөөс гэрээний дагуу 88.2 тэрбум төгрөгийн төсвийг нь олгочихсон гэнэ. Гэвч ашиглалтад ороогүй эдгээр барилгын 90 орчим хувь нь сургууль, эмнэлгийн болон дотуур байр, спорт заал байгаа аж. Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, комиссар Б.Тэрбиш “Удаашралтай, царцаасан 51 ажил гэж байгаа боловч Сангийн яамнаас нийтдээ 620 орчим барилга удааширсан гэдгийг хэлсэн. Удааширсан шалтгааныг АТГ-аас судлахад барилга, байгууламж барих бэлтгэл ажилгүй, зураг төсөвгүй байдаг. Төрийн байгууллагууд бүх шатандаа хариуцлагагүй байна. Хамгийн дээд түвшиндээ буюу УИХ-д улсын төсөв хэлэлцэн батлах үед зураг төсөвгүй, эсвэл сайн судлаагүй ажлуудыг гишүүд сонгогдсон тойрогтоо хэрэгжүүлэхээр оруулж ирдэг. Зураг төсөвгүй гэдэг нь тухайн ажлыг хийх төсөвт өртгийг таамгаар боловсруулсан гэсэн үг. Барилгын зураг, төсөвт хяналт тавьж буй Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний хөгжлийн төв, Зам, тээврийн хөгжлийн төв зэрэг байгууллага ажлаа дутуу хийдэг гэж бид үзэж байгаа. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарын барилга, байгууламжид хамгийн сайн техник, тоног төхөөрөмжтэй, санхүүгийн чадамжтай компаниуд ажиллаж, барилга барих ёстой. Гэтэл эсрэгээрээ байна” хэмээн хэвлэлийнхэнд ярьсан юм.
45 компанийн зарим нь санхүүжилтийнхээ тодорхой хэсгийг авчээ
Барилга угсралтын ажил нь удааширч зогссон 51 байгууламжийн захиалагчдаар нь авч үзэхэд, Боловсролын яамны хөрөнгө оруулалттай 25, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны ес, ЭМЯ-ны дөрөв, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны тав, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гурав, Биеийн тамир, спортын улсын хорооны хоёр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй, Өмнөговь аймгийн Засаг даргын харьяа газрын захиалсан тус бүр нэг ажил байна. Эдгээр барилгыг ашиглалтад оруулах гэрээг 2010-2022 онд байгуулсан, хэрэгжиж дуусах хугацаа нь 2016-2025 он аж. Уг барилгуудыг 1-2 жилийн хугацаанд барихаар гэрээнд тусгаж хугацаа товлосон атал төсвийн ерөнхийлөн захирагч, гүйцэтгэгч, зохиогч зэрэг албан тушаалтнуудаас шалтгаалж зогссон гэнэ.
Эдгээр барилга, байгууламжийн гүйцэтгэгчээр 45 аж ахуйн нэгж ажиллаж байгаа юм билээ. Тэдний цөөнгүй нь санхүүжилтийнхээ тодорхой хэсгийг авсан ч тогтоосон хугацаанд барилгаа бариагүй, өдий хүргэчхэж. Үүний бодит жишээ бол ЭМЯ-ны захиалгаар он удаан жил барьж буй ч өдийг хүртэл ашиглалтад ороогүй Геронтологийн төв юм. Хан-Уул дүүргийн нутагт барьж буй 60 ортой эл эмнэлгийн барилгыг барих гэрээг 2011 оны арваннэгдүгээр сарын 28-нд байгуулж байж. Түүнээс хойш 13 жил өнгөрөхөд барилгын ажил дөнгөж 60 хувьтай зогсчихоод буй юм. 2020 онд ашиглалтад оруулах ёстой ч захиалагч, гүйцэтгэгч талын аль алиных нь ажлын хариуцлагагүйгээс хугацаа алдсан гэхэд хилсдэхгүй. Геронтологийн төвийн барилгыг 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барихаар төсөвт тусгасан бөгөөд гүйцэтгэгч, Ё.Пүрэвдаваа захиралтай “Арвис-Интернэшнл” ХХК-д 6.2 тэрбумыг нь олгосон гэх мэдээлэл бий.
Мөн Хан-Уул дүүргийн нутаг, Яармагт барьж буй 1000 хүний суудалтай спорт цогцолбор царцсан 51 барилгын тоонд багтав. Биеийн тамир, спортын улсын хорооны захиалгаар “Үүрэг трейд” компани 7.2 тэрбумаар барьж буй эл цогцолборын санхүүжилтэд 1.5 тэрбумыг олгосон аж. 2022 онд ашиглалтад орох ёстой энэ барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй зогсжээ. Барилгын санхүүжилтийг нэмж, ирэх оны төсөвт тусгах, гүйцэтгэгч аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг цуцлах санал салбарын яаманд нь хүргүүлэхээр болж буй юм билээ.
Царцаасан барилга, байгууламжуудын нэлээд хэсэг нь орон нутагт бий. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумд нэг тэрбум төгрөгийн хөрөнгөөр 100 ортой цэцэрлэгийн барилга барьж 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан ч ажлын гүйцэтгэл нь өдгөө 20-хон хувьтай зогссон аж. Уг нь барилгын ажлыг гүйцэтгэгч “Шидэт гал” гэх компанид санхүүжилтийнх 30 гаруй хувь буюу 377.8 сая төгрөг олсон гэх. Магадгүй “Шидэт гал” гэх компани нь ажиллах боловсон хүчингүй, чадамжгүй, хэн нэгний “цүнхний” аж ахуйн нэгж байсан учраас тодорхой шалтгаангүйгээр ажлаа хийгээгүй биз. Тиймдээ ч захиалагч талаас гэрээгээ цуцлахаас өөр аргагүй болсон гэхэд хилсдэхгүй.
Нийслэлийн дэд бүтцийг хөгжүүлэх нэг томоохон төсөл гацсан шалтгаан
Улаанбаатарын гэр хорооллыг орон сууцжуулж утаа, хөрсний бохирдлыг бууруулна хэмээн олон жил улиг болтол ярьж байгаа. Энэ ажлын хүрээнд дэд бүтцийн цөөнгүй төсөл хэрэгжүүлэхээр болсон. Эдгээрийн нэг нь нийслэлийн Баянгол дүүргийн 11, Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу МҮОНРТВ орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөгөө байдаг. Эл төслийн гүйцэтгэгчээр “Эрэл” ХХК шалгарсан гэдэг. Уг төслийн хүрээнд ус дулаан дамжуулах зургаан төв барихаас дөрвийнх нь ажил архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээс газрыг нь чөлөөлөөгүй байгаа юм билээ. Харин ус, дулаан дамжуулан түгээх хоёрдугаар төвийг ашиглалтад хүлээн авсан байдаг.
Тэгвэл ус дулаан дамжуулан түгээх нэгдүгээр төвийг улсын комисс хүлээн авч чадаагүй, гацчихаад буй аж. Үүнээс шалтгаалж нийслэлийн дэд бүтцийг хөгжүүлэх, орон сууцжуулах нэг томоохон төсөл урагшлахгүй байна.
Үүнээс гадна нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхны хариуцлагагүйгээс үү, өөр байгууллагын эзэмшлийн газрыг “булааж” барилга барих гэснээс болж ажил гацсан тохиолдол ч байгаа юм. Тодруулбал, “Грийн ресурс” ХХК-ийн барьж эхэлсэн, Сүхбаатар дүүргийн 1000 хүний суудалтай спорт цогцолборын барилга ийм шалтгаанаар ажил нь урагшлахаа больжээ. Уг нь 2015 оны зургаадугаар сард гэрээ байгуулсан, 7.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эл барилгын ажил 45 хувьд хүрээд зогсчихож. Төсвөөс эл ажлын санхүүжилтэд 4.1 тэрбумыг олгосон гэнэ. Гэтэл уг барилгыг барьж буй газар нь МУИС-ийн эзэмшлийнх гэсэн маргаан дэгдсэнээс ажил зогсох нэг шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас сургуулийн эдэлбэр газарт барилга барих газрын захирамж давхардуулж олгосны улмаас 2015-2018 он хүртэл газрын маргаан үргэлжилсэн байна. Эцэстээ МУИС Сүхбаатар дүүргийн биеийн тамир, спортын хороотой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, үйл ажиллагааны менежментэд нь хамтарч ажиллах талаар тохиролцсон ч “Грийн ресурс”-ийнхэн ажлаа хийж чадалгүй өдий хүрчээ. Энэ нь барилгын зураг төслийг зохиогч нийслэлийн Зураг төслийн хүрээлэн, “Хангай нар” ХХК-ийнхны хоорондын зөрчлөөс үүдэлтэй гэнэ.
Зураг төслийг зохиогч нараас шалтгаалан ажил зогссон тохиолдол ганц энэ биш. Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн усан спортын цогцолборыг NR гэх компани 2014 онд барьж эхэлсэн боловч өнөөг болтол ашиглалтад оруулж чадаагүй байгаа юм билээ. 17.2 тэрбум төгрөгөөр барихаар гэрээ байгуулсан эл байгууламжийн төсөвт 15.6 тэрбумыг олгосон бол ажлын явц нь 85 хувьтай гэнэ. Нэг талаас спорт заалны норм стандарт өөрчлөгдсөн нь зураг төслийг зохиогч нь эрхээсээ татгалзах шалтгаан болж, ийнхүү 2022 онд ашиглалтад орох ёстой байсан усан спортын цогцолборын ажил гацсан байна.
Энэ мэтээр гацсан, царцсан барилга, байгууламж, ажлын талаар жагсаавал сонины зай талбай багадна. Орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих, шинээр барьж буй сургууль, цэцэрлэгийг инженерийн шугам сүлжээнд холбох, барилга барихдаа батлагдсан норм дүрм мөрдөөгүй гээд тоочвол урт жагсаалт үүснэ. 2022 оны аудитын дүнгээс энд эш татъя. “Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж эхлээд дуусаагүй орхигдсон 184.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий 59 төсөл, арга хэмжээг 85 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Аудитын судалгаагаар эдгээр орхигдсон 59 барилга, байгууламжийн ихэнх буюу 32.2 хувь буюу 57.1 тэрбум төгрөгийг цахилгаан, дулааны инженерийн байгууламжид зориулсан байна” гэжээ. Үүнээс үзэхэд, татвар төлөгчдийн олон тэрбум, их наяд төгрөг царцсан, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байшин барилгад оруулж гацаачихсан, хэн нэгэн этгээд тухайн мөнгөнөөс хувь хүртээд халаасаа зузаалаад явж байна гэхэд хилсдэхгүй нь.