“Өвлөгдөн үлдэх газар нутаг-Онон, Балжийн байгалийн цогцолборт газар” төслийг уржигдраас хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийг олон улсын “Дэ нэйче консерванси” (TNC) болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран хэрэгжүүлэх аж. Төслийн хүрээнд тус цогцолборт газрынхан болон түүний орчны бүс нутгийн менежментийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлж, биологийн олон янз байдал, экосистемийн тогтвортой байдлыг хангах гэнэ.
Түүнчлэн нутгийн иргэдийн байгаль хамгааллын үйл ажиллагааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй орон нутгийн эдийн засгийг дэмжихээр зорьжээ. Газар зүйн хувьд Онон, Балжийн байгалийн цогцолборт газар, түүний орчны бүс нутагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адрага, Дорнодын Баян-Уул сумдын нутагт хамаарна. Энэхүү төслийг 2024-2039 онд хэрэгжүүлэх юм байна.
А.ҮҮЛ