“Иргэний эрүүл мэндийн хариуцлагыг хуульчилж, сэргийлж болох өвчнөөр өвдсөн тохиолдолд тухайн хүнээс төлбөр гаргуулна” хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдсэн нь дуулиан болж байна. Эх орныхоо эмнэлгийн үйлчилгээг голдог, хамрын ханиад хүрэв үү, үгүй юү харь орныг зорьчихдог сайд, дарга нарт иргэдээс хариуцлага нэхэх амархан л байх. Гэвч манайх ийм хэмжээнд хүртлээ хөгжчихсөн орон мөн үү.
Баталгаагүй хүнс байнга хэрэглэдэг, жилийн гурван улиралд шахам хорт утаагаар “угжуулдаг”, мөнхийн хөрсний бохирдол дунд аж төрдөг иргэд бид яаж хариуцлага хүлээх вэ дээ. Тухайн иргэн жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, зөв зохистой хооллон, идэвхтэй амьдарсан ч нийгэм нь, орчин нь ийм бохир заваан байхад шидтэн биш л бол эрүүл байх ямар ч боломжгүйг эмч, мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачид ч хэдийн баталчихсан. Ийм байхад иргэний эрүүл мэндийн хариуцлагыг хуульчлах тухай аманд нь багтаж л байдаг, аргагүй л амьдралаас тасарчихсан сайд, дарга нартай даа, бид.
Ураг нь хэвлийдээ жилд хэдэн зуугаараа хүчилтөрөгчийн дутагдлаар амьгүй болж, дөнгөж төрсөн нялхас нь амьсгалын замын элдэв өвчин, ханиад, хатгалгаагаар олноороо эндэж, өсвөр насны хүүхдүүд нь хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй архаг, суурь эмгэг “тээсээр”. Насанд хүрэгчид нь хорт хавдрын “үүр” болчихсон, ахмадууд нь бүгд зүрх, судасны өвчтэй, эмээр арайхийн аргацааж байхад иргэдээс ямар гээчийн хариуцлага нэхнэ вэ, Т.Мөнхсайхан сайд аа. Харьцангуй эрүүл гэгдэх залуус нь хүртэл нийгмийн стресс, бухимдлаас үүдэлтэй харвалт, шигдээсэнд өртөж, зарим нь зүгээр л унтаад “сэрэхгүй” байна шүү дээ. Ийм эмгэнэлт улсын Эрүүл мэндийн сайд өвдсөн иргэдээсээ төлбөр мөнгө авна гээд ярьж явахаасаа ичих хэрэгтэй.
Мэдээж хувь хүний эрүүл мэнд өөртэй нь салшгүй холбоотой. Бүгдийг төрд нялзаах эрх ч бидэнд байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 17.2-т “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” хэмээн заасан байдаг. Мөн хуульд төр иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулж, эрүүл мэндийг нь хамгаалах заалттай. Гэвч өнөөдөр Үндсэн хуульд заасан эл үүргээ төр засаг нэг удаа биелүүлсэн бил үү. Эсрэгээрээ иргэдийнхээ эрүүл мэндэд заналхийлсэн, аюултай, амьд явах ямар ч баталгаагүй орчныг өнгөрсөн хугацаанд бүрдүүлж өгсөн. Үүний балгийг иргэд ч эрүүл мэнд, амиараа хангалттай олон жил төлж буй.
Хар дарсан зүүд шиг хотод иргэд нь ийн харх шиг амьдарч байхад өвдсөнийх нь төлөө төлбөр авах “эр зориг” сайд, дарга нарт л байдгийг гайхах зүйлгүй л дээ, уг нь. Төр өөрийн хариуцлагагүй үйлдлээ иргэд рүүгээ түлхэх гэсэн л танил “технологи” аж. Гэвч иргэд тэнэг биш, хэдий болтол ийм атгаг, амьдралгүй санал, шийдвэрийг нь тэвчиж хүлцэх билээ. Өөрсдөө өвдөхөөрөө гадаад гараад явчихдаг. Үүнийгээ аль эрт хуульчлаад, татвар төлөгчдийн мөнгөөр үнэгүй эмчлүүлэхээр болчихсон. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 41.13.4-т “...гишүүн магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан бол зардлынх нь 70-аас доошгүй хувийг төр хариуцах...” хэмээн заасан юм.
Тэгсэн хэрнээ иргэдээ өвдөхөөр нь “Хариуцлагагүй байсан тул төлбөрөө төл” гэдэг бол өнөөх дабль стандарттай төрийнхний л гаргадаг ширэн нүүр юм. Товчхондоо, энэ нь ялгаварлан гадуурхалт, шударга бус байдлыг өөгшүүлж буй тод жишээ. Үүргээ биелүүлдэггүй төрийн, аюултай нийгмийг бүтээсэн эрх баригчдын өмнөөс Эрүүл мэндийн сайд иргэддээ ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж, хэвлэлээр “попорч” хэрхэвч болохгүй л дээ.