Азийн сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд “Иргэдийн нөлөөлөл” сэдэвт бичил тэтгэлэг зарлажээ. Энэ нь нийгмийн эгэх хариуцлагын санаачилгыг дэмжих, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой аж. Уг бичил тэтгэлгийг цаашид жил бүр зарлах бөгөөд 2024-2025 онд Баян-Өлгий, Ховд, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар аймаг, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Нийгмийн эгэх хариуцлагын чиглэлээр шинэлэг санал, санаачилга бүхий бичил төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй, дээр дурдсан аймаг, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоо, зөвлөл, сайн дурын клубийнхэн үүнд хамрагдаж болох нь. Хамрагдах хүсэлтэй байгууллагуудын хүсэлтийг ирэх сарын 18-ныг дуустал хүлээн авна. Тэтгэлгийн дээд хэмжээ 50 хүртэлх сая төгрөг аж. Бичил төслийн санал нь хэрэгжүүлж болохуйц, тодорхой үр дүнд суурилсан, хүйсийн тэгш эрх, нийгмийн оролцооны зарчмыг тусгасан байх шаардлагатай гэнэ. Түүнчлэн иргэний нийгмийн байгууллагууд төслөө хамтын ажиллагааны хэлбэрээр боловсруулбал давуу тал болох юм байна.
М.ОЧ