Алексей Навальныйгийн “Эх оронч” гэдэг ном энэ сарын 22-нд нэгэн зэрэг 26 хэлээр гарчээ. 2021 оны хоёрдугаар сарын 16-нд “Шереметьево” нисэх буудалд саатуулагдсанаас хойш хоригдож байхдаа бичсэн өөрийнх нь намтар, өдрийн тэмдэглэл нь ийн ном болов. Тэрбээр алс хязгаарын Харп гацаанд байх шоронд 2024 оны хоёрдугаар сарын 16-нд амьсгал хураатлаа тэмдэглэл хөтөлж байжээ. Уг ном хэвлэгдэхийн өмнө гэргий Юлия Навальная нь ВВС-гийн тоймч Кейти Разаллтай ярилцсан. Нөхрөө алдсанаас хойш эдэлж буй уй гашууг нь хэн хуваалцдаг, ирээдүйгээ хэрхэн төсөөлж буй тухай, эх орондоо буцаж очихоороо Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж буйгаа ярьжээ. Түүнчлэн Оросын сөрөг хүчнүүд яагаад хоорондоо өрсөлддөг, Алексей Навальный хошигнох чадвараа хоригдож байхдаа ч хэрхэн хадгалж байсан, тэрбээр хордуулах гэж оролдсоны дараа яагаад Орост буцаж очихоор шийдсэн талаар ярьсан байна. Сэтгүүлчтэй Юлия Навальная англи хэлээр ярилцаж, харин Оросын ард түмэнд хандахдаа оросоор хэлсэн аж. Урьд Юлия ялангуяа нөхрөө эрх чөлөөтэй, амьд сэрүүн байхад сэтгүүлчдийн асуултад ховорхон хариулдаг байжээ. Эсэргүүцлийн жагсаал цуглаан дээр нөхрийнхөө хажууд байж, 2013 онд Москва хотын захирагчийны сонгуульд нэрээ дэвшүүлэхэд сурталчилгаанд нь оролцож байв. Тэгэхдээ Юлия олны өмнө гараад байдаг улс төрч байсангүй.
Алексей Навальный нь алс холын шоронд 2024 оны хоёрдугаар сард гэнэт хачирхалтайгаар амиа алдсан нь тодорхой болсноос хойш бүх юм өөрчлөгдөв. Талийгаачийн цогцсыг төрөл садангуудад нь өгөхөөс татгалзсан нь Навальныйн үхэл жам ёсны биш гэсэн тэдний сэжгийг улам нэмэгдүүлжээ. Түүнийг хөнөөсөн гэж тэд үзэж байлаа. Ингээд л Юлия Навальная улс төрч болсон байна. Алексейгээ нас бардаг өдөр Мюнхений аюулгүй байдлын бага хурлын индэр дээр нөхрийг нь бүрэлгэсэнд Владимир Путинийг буруутгаад, шийтгэлээс зугтаах боломж түүнд олгохгүй байхыг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалав. Тэрбээр нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэхээ гурав хоногийн дараа мэдэгдлээ.
Одоо ВВС-гийн сэтгүүлчийн асуултад түүний өгсөн хариултыг сонирхуулъя.
-Та өөрийгөө Алексей шиг улс төрч болно гэж төсөөлж байна уу?
-Төсөөлж байна. Намайг олон хүн дэмждэг, хариуд нь би тэднийг дэмжихийг хүсэж байна. Алескейг дэмждэг олон хүн Оросоос гарч явахаас аргагүйд хүрсэн ч олон сая хүн тэнд үлдсэн. Тэд хүчтэй дарамт шахалт, хэлмэгдүүллийн нөхцөлд аж төрж байгаа. Гэлээ ч тэдэнтэй холбогдох нь надад маш чухал.
-Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх нь таны зорилго болоод байна уу?
-Улс орондоо өөрчлөлт хийх цагийг ойртуулах, тийм боломж бий болгох нь миний зорилго. Хэрэв би Орост эргэж очвол Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ. Гэхдээ Владимир Путин эрх мэдэлтэй байхад харамсалтай нь Москвад буцаж очих боломжгүй гэж Юлия үзэж байна. Баривчлагдахаас болгоомжлоод төрөлх хотдоо очиж, нөхрөө оршуулахад ч тэрбээр оролцож чадаагүй юм. Хэт даврагч байгууллагын үйл ажиллагаанд оролцсон гэж буруутган одоо Орост түүнд эрүүгийн хэрэг үүсгэчхээд байгаа юм. Нөхрийнх нь үүсгэн бий болгосон Авлигатай тэмцэх санг Оросын эрх баригчид ийм байгууллага гэж үзэж байгаа. Орос оронд хэзээ өөрчлөлт хийхийг мэддэг “ид шидтэн” биш, нууцыг нь мэдэхгүй гэдгээ Юлия хүлээн зөвшөөрдөг. “Хэрэв ямар нэг зүйлийг нэг мөр томоор хийж чадахгүй бол бага багаар нь өдөр тутам хий, аль болох олон хүн ийн хандвал өөрчлөгдөх цаг тэр хэрээр хурдан ирнэ” гэж тэр ярьдаг.
-Оросын сөрөг хүчин одоо тархай бутархай байгаа, та тэднийг нэгтгэж чадна гэж бодож байна уу?
-Миний нөхрийг дэмжиж байсан, одоо намайг дэмжих хүмүүстэй байх нь надад их чухал. Оросын сөрөг хүчин төвөгтэй байгаа. Олон хүн хөөгдсөн, хэлмэгдсэн, тэдний урам хугарсан. Миний урам хугараагүй. Миний амьдралд тохиолдсон олон айхтар үйл явдлыг үл тооцон эрт, орой хэзээ нэгэн цагт бүх юм өөрчлөгдөх ёстой гэдэгт би итгэдэг.
-Оросын сөрөг хүчин одоо яагаад Путинтэй биш, өөр хоорондоо тэмцэлдээд байгаа юм бол?
-Бидэнд Владимир Путин гэдэг нийтлэг дайсан л байгаа гэж би үздэг. Та бол ардчилсан оронд амьдардаг, танайд улс төрийн янз бүрийн нам бий, тэд эрх мэдлийн төлөө биентэйгээ тэмцэлддэг. Орост ч байдал ийм л байгаа. Владимир Путинийг эсэргүүцэгчид өөр өөр үзэл бодол, зорилготой. Улс төрчид хоорондоо өрсөлдөх нь хэвийн явдал. Юлия Навальная ирээдүйн нөхөртэйгөө танилцахад тэдний нас 20 гарч л байж. Алексей, Юлия ч анхны харцаар дурласан уу гэдэг тухай ВВС-гийн сэтгүүлчтэй ярилцахдаа бүсгүй анх удаа жинхэнэ сэтгэлээсээ инээсэн гэдэг. Тэд бараг 25 жил хамт амьдарчээ, бас бараг л салалгүй хамт байж. Юлия Навальная 47 насандаа бэлэвсэрсэн аж.
-Нөхрөө алдсанаас хойш учирсан уй гашууг хэрхэн даван туулж байна даа?
-Надаас ингэж их асуух юм, юу гэж хариулахаа одоо хэр нь мэдэхгүй л байна. Би зав тун муутай, уулзалт, ажил их, бас ном хэвлүүлэх. Энэ бүхэн л надад тус болж байдаг юм. Урьдынх шигээ байх юм гэж одоо яаж байх вэ дээ.
-Түүний тухай ном гаргах нь одоо яагаад тийм чухал байгаа юм бэ?
-Түүнийг хүмүүс битгий мартаасай, түүнийг минь мэддэг байсан хүмүүс ч гэсэн улам ихийг мэдээсэй гэж би хүсэж байна. Тэр минь хүүхэд үеийнхээ, улс төрч, сөрөг хүчний удирдагч болсон тухайгаа олонтоо ярьдаг байсан. Одоо өөрөө байхгүй болсон ч дуу хоолой нь чанга сонсогдож байхыг хүсдэг. Энэ сарын 22-нд хэвлэлтээс гарсан номоо Алексей Навальный Орост бэлтгэсэн “Новичок” хорыг тайлах эмчилгээг Германд хийлгэж эмнэлэгт хэвтэж байхдаа бичихээр шийджээ. Навальныйн хамтран зүтгэгчид нь мөрдөн шалгаж байж хордуулах үйлдлийг Оросын тусгай албад хийснийг тогтоосон байдаг. Харин Навальный хорих газар амиа алдсаны хариуцлагыг Путин ганцаар хүлээх ёстой гэдэгт Юлия эргэлздэггүй аж. Энэ талаар Юлия урьд нь олон удаа ярьсан, энэ удаа ч бас хэлэхээ мартсангүй. “Үүнийг нотлох баримт бидэнд олон бий, шинэ баримт ч олдсоор байна” гэж тэрбээр хэлдэг аж. Тэдгээр нотолгоог одоо задруулах нь буруу, нөхрийнх нь үхлийн шалтгааныг тогтоох ажил дуусахыг хүлээх нь зүйтэй гэж Юлия үзэж байгаа юм. Уг ажиллагааг талийгаачийн анд нөхөд нь хийж байна. 2020 онд Навальныйг хордуулсан хийгээд хорих газарт амиа алдсантай нь холбоотой гэдгийг Кремль ямагт үгүйсгэсээр иржээ. Навальныйг Германд эмчлүүлэхээр 2020 оны наймдугаар сард явуулах гэж олон хүн асар их хүчин чармайлт гаргасан гэдэг. Ухаангүй байсан түүнийг гадагш хил хэвтрүүлэхийг шаардсан хүмүүсийн дуу хоолойноос хамгийн чанга нь Юлиягийнх байжээ. Ном бичихийг Навальный өөрөө санаачлан, хэвлэлийн газрууд дэмжсэн байна. Тэрбээр “Намайг хэрэв энд алвал ном минь миний тухай дурсамж болж үлдэнэ. Бас номыг минь борлуулж гэр бүлийнхэн маань хувь хүртэнэ. Харин химийн зэвсгээр нууцаар аминд минь халдаж шоронд эмгэнэлтэйгээр амиа алдвал ном борлогдохгүй. Номын зохиогчийн амийг хорлогчин Ерөнхийлөгч хороох нь маркетингийн хэлтсийн мөрөөдөл” гэж Навальный хошигнож байжээ. Дэмжигчид нь танил, эртнээс андахаа байсан түүний хошигнох мэдрэмж нь хорих газарт ч, эмнэлгийн орон дээр байхад нь ч хэвээр байсан гэдэг.
-Тэрбээр яагаад хошигнох чанараа хэзээ ямагт хадгалаад байж чадаж байв. Хорих газарт ч, шүүх дээр байцаагдаж байхдаа ч, түүгээр ч барахгүй үхэхийнхээ урьд өдөр хүртэл хошигнож байсан гэсэн...
-Би ч үүнийг мэдэхийг хүсдэг байсан. Тэр ямагт тийм байсан, миний мэдэх бүх үеийн турш өөдрөг дэврүүн үзэлтэй байсан. Тэр маань хийж байгаа бүх юмандаа итгэж, өөрийгөө бүхнээс (өөрийнхөө дайснуудаас) хүчтэй гэдэгт эргэлзэхгүй, үүнийх нь төлөө түүнийг үзэн яддаг Путинээс ч хүчтэй гэж үздэг байсан нь түүний нууц нь юм. Эдгээр хүнээр тоглоом наадам хийж, шоронд ч хүчтэй байх нь түүний сүпер авьяас байв. Номондоо оруулахаар Навальныйгийн бичсэн бүх юм хадгалагдаагүй юм уу, гэрийнхэнд нь хүрээгүй аж. Юлиягийн ярьснаар бичсэн тэмдэглэлийн зарим нь ердөө л алга болчхож, заримыг нь холбогдох хүмүүс хасаж орхижээ. Амьсгал хураахын өмнө Навальныйд байсан эд юмс бүхнийг найман сар өнгөрчхөөд байхад ч гэр бүлийнхэнд нь өгсөнгүй.
-Та нар яагаад Орост буцаж ирсэн юм бэ?
-Бид шийдсэн юм биш. Бид хоёрын дунд маргаан байгаагүй. Олон жил хамт амьдарсан хүндээ, түүний үзэл бодол, түүний хийж буй юм бүгд зөв гэдэгт чи итгэнэ биз дээ. Бас эх орондоо эргэж очих шийдвэрийг нь, айж эмээх хэрэггүй гэдгийг харуулахыг тэр хүсэж байгаа нь нөхдийг нь дэмжих хэрэгтэй шүү дээ. Энэ маш хэцүү шийдвэр байсан. Түүнийг шоронд хийчихнэ гэдгийг би мэдэж байсан. Тэгсэн хэрнээ л би түүнийгээ Германд үлдээч гэж ер гуйж байгаагүй. Түүнийг минь алчихна гэж бодохыг би өөртөө огт зөвшөөрч байгаагүй. Москвад буцаж ирэх гэсэн Навальныйгийн шийдвэрийг нөхдөөс нь дэмжихгүй хүн цөөнгүй байжээ. Эрх чөлөөтэй нөхцөлд, ямагт түүнд аюул заналхийлэх Оросоос гадна байж энэ дэглэмтэй тэмцэх нь үр дүнтэй гэж үзэх хүн олон байсан аж.
-Олон улсын хамтын нийгэмлэгийн хандлага ямар байгаасай гэж та хүсэж байдаг вэ?
-Путинээс бага айх хэрэгтэй гэсэн бодол надад байдаг. Түүнийг айхтар хариу барина гэж болгоомжлоод байх шиг байдаг. Тиймээс Путин хүссэнээ хийж болно гэсэн ойлголттой болсон. Одоогийн байдалдаа түүний сэтгэл нэн хангалуун байгаа. Түүнийг шоронд байхыг нь харахыг хүсэж байна. Тэгэхдээ компьютер, сайн хоолтой, цэвэр өрөөнд Гаагад биш, Оросын шоронд байгаасай гэж хүснэ. Алексейтэй ижил нөхцөлд байж үзээсэй гэсэндээ биш, улс орноо ямар байдалд хүргэснээ, энэ өөрийнх нь буруу гэдгийг ойлгоосой гэсэндээ ийн хүсэж байгаа юм. Нөхрийнхөө амийг хөнөөсөн гэж үзэж байгаа хүнд хэлэх үг энэ бэлэвсэн эмэгтэйд алга. Харин Разаллын асуултад хариулахдаа Алексей Навальныйн амнаас аль эрт сонссон үгийг оросуудад хандаж хэлэхийг хүсжээ. Англиар удаан ярьсны эцэст орос хэлээр тэрбээр “Битгий бууж өг. Энэ дэглэмийн эцэс төгсгөлийг ойртуулахын тулд өдөр тутам ямар нэг юм хий. Нэгэн сайхан өдөр энэ дэглэм үгүй болж манай орон эрх чөлөөтэй, ардчилсан, хэвийн, заавал аз жаргалтай болно” гэж хэлсэн байна.