Орон нутгийн сонгуулийн санал хураалтаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Д.Отгонсүрэнг хэдхэн хоногийн өмнө намынх нь гишүүн хутгалж, хүнд гэмтээжээ. Нийслэлийн ИТХ-ын 12 дугаар тойрог буюу Налайх дүүргээс сонгогдсон түүнд халдсан шалтгааныг албан тушаал булаацалдсанаас үүдэлтэй хэмээн зарим хүн өгүүлж буй юм.
Тус дүүргийн III хорооны нутагт байрлах “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн байранд сонгуульд ялснаа тэмдэглэж МАН-ынхан архи ууцгаан, энэ сарын 24-ний 03.00 цагийн үед муудалцаж, тус паркийн захирал, Налайх дүүрэгт оршин суудаг, 50 настай С.Батжаргал дээрх төлөөлөгчийн цээжин тус газар хоёр удаа хутгалсан гэнэ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн өдгөө Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд байгааг тус эмнэлгийнхэн хэлсэн юм.