Улаанбаатарт олгох автомашины улсын бүртгэлийн дугаарыг 730 мянгаар хязгаарлах тогтоолыг нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард баталсан юм. Уг тогтоолыг ирэх сарын 8-наас хэрэгжүүлж эхлэхийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өчигдөр мэдээлэв. Түүнчлэн техникийн үзлэгт хамруулаагүй тээврийн хэрэгслийг ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэнэ. Дугаарт дээд хязгаар тогтоох гол шалтгаан нь замын түгжрэлийг бууруулах гэж албаныхан тайлбарласан билээ. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдуулан баталсан бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ИТХ-аас хэд хэдэн журам гаргасны нэг нь дээрх тогтоол юм.
“Улаанбаатар хотод олгох автомашины улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Гэвч одоогоор 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл, тогтоосон хязгаараас 55 мянгаар хэтэрсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлаад байна. 10-аас дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг хэрэглээнээс хасах, зөвхөн зөв талдаа жолооны хүрдтэй автомашинд дугаар олгох зэрэг шалгуурыг үүнд тусгасан” гэж Т.Даваадалай дурдсан юм. Хотын удирдлагуудын эл шийдвэр нь автомашины дугаар дамлан зардаг бизнес “цэцэглүүлэх” шалтгаан болно хэмээн иргэд шүүмжилсээр байна.