Төрийн шагналт, яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 18-нд түүний өвийг хамгаалах “Дорно” сангаас санаачлан зохион байгууллаа. Уг арга хэмжээг Монголын зохиолчдын эвлэл, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, найрагчийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ, ЗДТГ, ерөнхий боловсролын сургууль, “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдэл хамтран өрнүүлэв. Энэ үеэр Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, доктор, профессор Л.Дашням “Н.Нямдоржийн уран бүтээлийн онцлог”, “Чингис хаан” одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, доктор Г.Мэнд-Ооёо “Нямбуугийн Нямдоржийн яруу найраг дахь дорнын дахин сэргэлтийн дуудлага”, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, судлаач, доктор До.Цэнджав “Эгэл энгийний гүн далд чанарыг нээгч”, МУИС-ийн багш, яруу найрагч, судлаач, доктор Д.Нямдорж “Н.Нямдоржийн зориулал шүлгийн туурвил зүй”, МҮОНР-гийн Урлаг, соёлын албаны редактор, яруу найрагч, судлаач Г.Лхагвадорж “Нямбуугийн Нямдоржийн бүтээл дэх “Зохист аялгуу”-ны судалгаа” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлжээ.
Мөн Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй, Төрийн шагналт, яруу найрагч С.Оюун, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр, “Болор цом”-ын эзэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Д.Галсансүх, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Батбаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Дашдондов, МУИС-ийн багш, яруу найрагч, орчуулагч Д.Мөнхтөр, зохиолч, сэтгүүлч Л.Пүрэвдорж нараас гадна гэргий Б.Дуламханд зэрэг олон хүн эл найрагчийн талаарх дурсамжаа хуваалцав. Нямбуугийн Нямдоржийн өвийг хамгаалах “Дорно” сангаас найрагчийн уран бүтээлийг “Яруу найраг”, “Шүүмж, судлал”, “Дурсамж” гэсэн гурван боть болгон хэвлэн гаргахаар ажиллаж буйгаа энэ үеэр танилцуулсан юм.