Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Дотоод аудитын албаны орлогч даргаар ажиллаж байсан Ж.Пунцаг, иргэн З.Үнэнбат нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Ж.Пунцагийг Зүүнхараагийн вагон засварын депод инженерээр ажиллаж байсан З.Үнэнбатаас удаа дараагийн гүйлгээгээр 7.9 сая төгрөгийн хахууль авсан, өөрт хамаарал бүхий 13.1 сая төгрөгийн өр төлбөрийг 2021 оны есдүгээр сараас 2022 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд түүгээр төлүүлж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт буруутгасан юм. Эл инженер нь албан тушаалаа урвуулж деподоо бараа, материал нийлүүлж өөртөө давуу байдал бий болгосон үйлдлээ нуун дарагдуулахын тулд Ж.Пунцагт хахууль өгсөн гэх мэдээлэл бий.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг нь тэдэнд холбогдох хэргийг 2023 онд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж гаргасан бөгөөд давж заалдах болон Улсын дээд шүүхээс уг захирамжийг хүчингүй болгосон юм. Улмаар анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр хэлэлцээд 60 хоногт багтаан нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон. Үүнийг нь хийж дуусгаад шүүх хурлыг энэ сарын 10-нд дахин явуулж, хахууль авсан, өгсөн гэм буруутайд тооцсон аж. Улмаар шүүгдэгч нар хохирол төлбөр төлөх завсарлага авах хүсэлт гаргасныг шүүгч Д.Ренченхорол хүлээн авч эрүүгийн хариуцлага оноох хурлыг өчигдрийг хүртэл хойшлуулсан байна. Ингээд өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолоо гаргаж Ж.Пунцагийг бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцон, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оноов. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1-ийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9-2 дахь хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх заалтыг удирдлага болгож ийн ял шийтгэжээ. Харин түүнд хахууль өгсөн З.Үнэнбатын нийтийн албанд томилогдох эрхийг гурваж жил хасаж, дөрвөн сая төгрөгөөр торголоо.